Агаарын бохирдол урагт шууд нөлөөлдгийг шинжлэх ухаан анх удаа баталлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдол урагт шууд нөлөөлдгийг шинжлэх ухаан анх удаа баталлаа

Ихэсээс нүүрстөрөгч илэрсэн нь гарцаагүй нотолгоо

Агаарын бохирдол урагт шууд нөлөөлдгийг шинжлэх ухаан анх удаа баталлаа

Хүн төрөлхтөнд олон дайсан бий ч нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах хор хөнөөлүүд хамгийн аюултай нь. Хүний амьд явах анхдагч хэрэгцээ болох агаарт “нуугдаж”, тунасан хорт бодисууд үүний хамгийн тод жишээ болчихоод байна. Дэлхийн хамгийн бохир агаартай хотод амьдарч буй бид ч өөрсдийгөө хэр их хордож буйгаа мэдэхгүй явна. Агаарын бохирдол эхийн хэвлийдээ дөнгөж бүрэлдсэн хүүхдээс өндөр настанд хүртэл нөлөөлж буйг мэргэжилтнүүд ярьдаг ч хэдхэн хоногийн өмнө л шинжлэх ухааны судалгаагаар нотолж чаджээ. Лондоны Queen Mary-гийн их сургуулийн судлаачид тус хотод амьдардаг таван жирэмсэн эмэгтэйн ихэст судалгаа хийсэн байна. Ингэхэд тэдний ихэс зарим хэсэгтээ утаанд идэгдсэн буюу тортог сууж харласан байжээ. Эрдэмтэд таван ихэсийн 3500 ширхэг макрофаг эст шинжилгээ хийсэн байна.

Ингэхэд 60 эсээс утаанд идэгдсэн 72 хэсэг илэрсэн аж. Энэ эс нь хүний биеийн дархлааны системийн нэг хэсэг бөгөөд ихэсийн хамгаалагч гэж хэлж болно. Ихэсийг ийнхүү харлуулсан бодис нь нүүрстөрөгч буюу бидний хэлдгээр угаар гэж эрдэмтэд үзжээ. Их Британийн эрдэмтэд анх удаа агаарын бохирдол эхийн уушгиар дамжин ихэст хүрч, урагт нөлөөлдөг гэсэн шинжлэх ухааны баталгаа олсон нь энэ. Эрдэмтэд энэ судалгааг олон нээлт, бас эмчилгээний эхлэл гэж үзэж буй. Queen Mary-гийн их сургуулийн судлаач, хүүхдийн эмч доктор Норрис Ли “Бид бохирдсон ихэс урагт нөлөөлсөн гэдгийг одоогоор тогтоогоогүй байна. Гэхдээ үүнийг тогтоохын тулд ургийн биед шинжилгээ хийх шаардлагагүй. Учир нь ихэст нөлөөлсөн байна гэдэг урагт шууд нөлөөлсөн гэсэн үг” гэж BBC-д ярьжээ.

Эхийн ихэс бохирдвол ургийн өсөлт зогсдог

Ихэс эхийн цусан хангамжаас шаардлагатай хүчилтөрөгч, шим тэжээлийг урагт дамжуулдаг. Хэрэв ихэс нь нүүрстөрөгчөөр бохирдчихвол ургийн өсөлт, хөгжил удааширч, цаашлаад зогсдог гэдгийг мэргэжилтэн хэллээ. Queen Mary-гийн их сургуулийн судалгааны багийн гишүүн, доктор Лиза Мияашита “Агаарын бохирдол хүүхдийн өсөлтөд маш хортой нөлөө үзүүлдэг. Ураг байхад нь нөлөөлсөн бол энэ нь төрснийх нь дараа, бүхэл амьдралынх нь туршид үргэлжилнэ” гэжээ. Дээрх судалгаанд оролцсон эмэгтэйчүүд бүгд тамхи татдаггүй бөгөөд эсэн мэнд амаржсан ч хэвлий дэх үрс нь ийнхүү агаарын бохирдолд өртсөн байж. Лондоны агаарын бохирдлыг өнөө цагийн Улаанбаатарынхтай харьцуулшгүй, тэмээ, ямаа гэсэн үг. Лондоны ээжүүдийн ихэсээс ийм ул мөр илэрч буй бол улаанбаатарт амьдарч буй эмэгтэйчүүдийнхийг төсөөлөхөд ч бэрх. Өнөөдөр мэндэлж буй хүүхдүүд ямар азаар эсэн мэнд төрж байна вэ гээд хэлчихэд буруудахааргүй байна. Ингэхэд бид яг ямар агаараар амьсгалж байна вэ. Өвлийн улиралд нийслэлийн агаарт агуулагдаж буй PМ2.5 нарийн ширхэглэлт тоосонцрын жилийн дундаж агууламж ДЭМБ-ын удирдамжид заасан үзүүлэлтээс даруй 25 дахин их.

Ид хүйтэн саруудад үүнээс хэд дахин өндөр гарч буй. Өнгөрсөн нэгдүгээр сард Баруун дөрвөн замын орчимд шинжилгээ хийхэд агаар дахь PМ2.5 тоосонцор бүр 133 дахин их гарч байсан удаатай. Монгол эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн 20-30 хувь нь өсөлтгүй болж буйг Эрүүл мэндийн яамны судалгаанд дурдсан байдаг. Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд өдөрт 4-5 өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол бүртгэгдэж буй. Аргаа барсан эмч нар өвлийн саруудад жирэмслэхгүй байхыг анхааруулах болсон. Ураг эндсэн тохиолдлын тоо өвөл, зуны хооронд 3.5 дахин зөрүүтэй байгаа нь агаарын бохирдол эхийнхээ хэвлийд буй үрсийн амийг хэрхэн тасалж буйг харуулж байх шиг. НҮБ-ын хүүхдийн сангийн тайланд “Агаарын бохирдол ургийн өсөлт саарах,танин мэдэхүйн хөгжил муудах, жин багатай, дутуу тээлттэй хүүхэд төрөх, зулбах зэрэгт нөлөөлдөг” гэжээ. Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн судалгаагаар амьгүй төрсөн мянган ураг тутмын 6.8 хувь нь өсөлтгүй бол нийслэлд энэ хэмжээ 7.8 хувьтай байгаа юм. Хамгийн харамсалтай нь ураг өсөлтгүй болно гэдэг нэг хүүхдийн амь насны тухай асуудал биш.

Өсөлтгүй жирэмслэлтийн дараа эмэгтэйчүүдийн 1-2 хувь нь гурав болон түүнээс дээш удаа зулбах эрсдэлтэй. Дээр нь Монгол эмэгтэйчүүдийн үргүйдэл 15 хувьд хүрсэн зэрэг Монгол улсын хүн амд ноцтой эрсдэл учрах дүр төрх аль хэдийн бүрэлдчихжээ. Монголд хэвлийдээ тээж, хүсэн хүлээсэн үрээ алдахын зовлонг маш олон эмэгтэй амсаж байна. Энэ бол нэг эхийн, нэг гэр бүлийн асуудал биш. Улсын эдийн засагт ч маш хүнд дарамт авчирч байгаа. 2025 он гэхэд агаарын бохирдолтой холбоотойгоор хүүхдийн өвчлөлийг анагаах зардал 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудаас жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарахаар байгаа юм. Ийм хэдхэн тоо, статистикийг сөхөхөд л Монголын утаанд идэгдсэн, ураг нь эхийнхээ хэвлийд эрсэдсэн ирээдүй аймшигтай төсөөлөгдөхөөр байна. Агаар нь зөвхөн автомашины утаанаас бохирддог лондоны эмэгтэйчүүдийн биед, тэдний урагт ийм өөрчлөлт орсон байгаа бол гэр хороолол, ашиглах хугацаа нь дууссан автобус, дулааны цахилгаан станцын хорт утаанд утагдаж буй монгол эхчүүдийн ихэст дээрх судалгааг хийвэл бүр цочирдом дүр зураг ил болох нь гарцаагүй.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж