Улаанбаатар хотын авто машины хэрэглээ хэрхэн нэмэгдэж байгаа талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэнгээс тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд суудлын болон ачааны автомашин нэлээд их хэмжээгээр орж ирдэг болсон. Тухайлбал, 2015 онд 37086 суудлын автомашин орж ирсэн бол 2016 онд 37735, 2017 онд 48871 суудлын автомашин орж ирсэн. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 19700 автомашин орж ирээд байна.
Суудлын автомашин нийт 30 орчим улсаас орж ирж байна. Ихэнх хувийг Японы автомашин эзэлдэг. Өнгөрсөн оны статистик үзүүлэлтээс харахад Япон улсаас 45 мянган суудлын автомашин орж ирсэн. Солонгосоос 2900, АНУ-аас 142, ОХУ-аас 167, ХБНГУ-аас 315 ширхэг суудлын автомашин тус тус орж иржээ.
Эдгээр автомашиныг насны ангиллаар авч үзвэл 0-3 настай автомашин ихэвчлэн Герман улсаас орж ирдэг бол Японоос орж ирж байгаа 4-9 настай автомашин 70 орчим хувийг эзэлж байна.
Ачааны автомашины хувьд 2017 онд нийт 14155 ширхэг орж ирсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 5582 ширхэг орж ирээд байна. Эдгээрээс ихэнх хувийг Солонгос улсаас орж ирсэн автомашин эзэлж байна.