Трампын худалдааны дайн ба Япон

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Трампын худалдааны дайн ба Япон

Трампын худалдааны дайн ба Япон

Нью-Йорк хотноо “Трамп” цамхагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй оройн зоог барьжээ. Зоогийн дараах уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт болон цэрэг, батлан хамгаалах салбарын талаар ярилцсан байна. Тэдний уулзалт 2.30 цаг үргэлжилжээ. Шинзо Абэ НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор АНУ-д айлчлах үеэр Дональд Трамптай уулзсан нь энэ. Тэрбээр Дональд Трамптай уулзсаныхаа дараа АНУ болон Хойд Солонгосын түүхэн уулзалтыг түшиглэн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад хамтран ажиллахаар ярилцлаа хэмээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Европын холбоо тэргүүтэй олон улсын импортын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлэх бодлого барьж буй. Тэрбээр гаалийн татварыг нэмэгдүүлэх замаар АНУ-ын худалдааны алдагдал, тэнцвэргүй байдлыг залруулахыг хичээж буй. Энэ хүрээнд Японы автомашинд 25 хувийн татвар тавихаа мэдэгдсэн билээ. Япон болон АНУ-ын хоорондын худалдааны дийлэнх хэсэг нь автомашины экспортоос бүрддэг бөгөөд өнгөрсөн 2016 онд хоёр улсын худалдааны ашиг өндөр байсан аж.

Үүний хариуд Японы эдийн засаг, худалдааны сайд Хирошигэ Секо АНУ-ын бараанд ижилхэн татвар ноогдуулна гэж мэдэгдсэн. Мөн Японы эдийн засгийг сэргээх сайд Тошимицү Мотеги худалдааны асуудлаар даваа гаригт АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтизертэй Нью-Йорк хотноо уулзсан. Дональд Трамп Азийн холбоотон Япон улсыг өөрийн баримталж буй “АНУ-ын эрх ашгийг нэгд тавих” бодлогод тааруулахыг хүсч буйгаа илэрхийлжээ. АНУ-аас хоёр талын худалдааны гэрээгээр асуудлыг шийдвэрлэхийг хүсч байгаа бол Японы талаас Номхон далай дамнасан түншлэл гэх мэт олон улсын гэрээгээр зохицуулах хүсэлтэй байна. Гэхдээ АНУ нь Японы автомашины гаалийн татварыг нэмэгдүүлэхгүй бол Вашингтонтой хоёр талын гэрээ хэлэлцээ хийж болно гэж Сангийн сайд мэдэгджээ.

Өнгөрсөн онд АНУ-ын Японтой хийсэн худалдааны алдагдал 68.8 тэрбум ам.доллар байсан нь Хятад (375 тэрбум ам.доллар), Мексикийн (71 тэрбум ам.доллар) дараа гуравдугаарт бичигдэж байна. Харин энэ оны эхний найман сарын байдлаар худалдааны алдагдал 40 тэрбум ам.долларт хүрчээ. АНУ-ын зам дээр явж буй олон сая япон автомашин болон түүний сэлбэгийн импорт хоёр орны худалдааны 80 хувийг эзэлдэг аж. Японы Тоёота, Ниссан зэрэг автомашин үйлдвэрлэгчид жилд олон сая автомашиныг АНУ-руу экспортолдог. Хэрэв АНУ-аас япон автомашины импортын гаалийн татварыг 25 хувиар нэмэгдүүлбэл энэ нь Японы ДНБ-ныг 0,5 хувиар агшихад хүргэх аж. Тоёота компанийн мэдээлснээр гаалийн татварыг нэмэгдүүлснээр АНУ-ын хэрэглэгчдэд очих үнэ нэмэгдэж, автомашин бүрийг 6000 ам.доллараар худалдан авах болох гэнэ. Японы автомашин үйлдвэрлэгчид АНУ-д байрлах салбарууддаа жилд дөрвөн сая автомашин үйлдвэрлэж, 1,5 сая хүнийг ажлын байраар хангаж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж