"Ам.долларын өсөлт бол түр зуурын савлагаа"

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

"Ам.долларын өсөлт бол түр зуурын савлагаа"

"Ам.долларын өсөлт бол түр зуурын савлагаа"

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа


-Хаврын чуулганы завсарлагаанаар та юу амжуулав, удахгүй намрын чуулган ч эхлэх нь?

-Хаврын чуулган завсарласнаас хойш тойрогтоо ажиллах, намрын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн чухал хуулиуд дээр ажиллалаа. Хаврын чуулганаар баталсан гол гол хуулийн төслүүдийг иргэдэд, сонгогчиддоо танилцуулах зэрэг ажлууд амжууллаа.

-Төв банканд хадгаламжийн нөөц хангалттай байгаа ч долларын ханш хэдийнэ 2500 гарчихлаа. Яагаад доллар өсөх болов, шалтгаан нь юу байж болох вэ?

-Дэлхийн бүх улсын мөнгөн тэмдэгтийн эсрэг ам.долларын ханш чангарч байгаа үйл явцыг бид харж байгаа. Тиймээс тодорхой хугацааны дараа ам.долларын өсөлт буцаад буух байх гэсэн хүлээлттэй байна. Төгрөг юань, рублийн эсрэг сулраагүй ч ам.долларын эсрэг суларсан учраас түр зуурын савлагаа гэж эдийн засагч хүний хувьд дүгнэж байна. Тиймээс цаашид харзнах хэрэгтэй. Ер нь бол төгрөг ам.долларын эсрэг сулрах ёсгүй. Хэрэв ингээд үнэгүйдээд байвал зээлийн хүү буурах, инфляц бууруулах ойлголт байхгүй.

-2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2400 гэж тооцсон байсан. Энэ өсөлтийг тооцоолоогүй гэсэн үг үү?

-Төсвийн хүрээний мэдэгдэлд 2400 орчим төгрөгөөр тооцсон байсан. Энэ савлагаа бол түр зуурынх гэж эдийн засагч хүний хувьд үзэж байна.

-Долларын өсөлт, өнгөрсөн хавраас хойш улстөржсөн багш нар болон төрийн албан хаагчдын цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгджээ. Эцсийн дүндээ хохирогч нь иргэд л болоод байна?

-Багш нарын цалингаа нэмүүлэх шаардлага нь зөв. Гэхдээ хүн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн чадавх нь л энэ байна. Төсвийн 80 орчим хувийг урсгал зардалд зарцуулдаг. Үлдэж байгаа багахан хэсэг нь гадаад өр дарах, бүтээн байгуулалт гээд дуусдаг. Байхгүй мөнгийг хэвлээд багш нарын цалин нэмэх, бусад зүйлд зарцуулсан бол ам.доллар 4000 хүрэх байсан. Барааны үнэ 20-30 хувиар өсөх байсан. Эдийн засаг өөрөө бүх зүйлээс харилцан хамааралтай цогц зүйл. Бид ганц багш гэлтгүй эмч, төрийн албан хаагчдын цалин нэмээгүй бол улс хуримтлалтай болох ёстой. Бид гарч байгаа баялагтай харьцуулахад маш бага хэмжээний хуримтлал үүсгэж байна. Улс нь өөрөө хөгжлийн загвараа өөрчилж, хуримтлалтай болох ёстой. Хуримтлалтай болж байж өндөр цалин олгодог жишиг рүү явна.

-2019 оны төсвийн төсөлтэй танилцаж амжсан уу та. Ирэх жил эдийн засаг өсөх үү?

-Дэлхийн зах зээл дээрх Монголын гаргадаг бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа. Тэр хэмжээгээр сайн байх ч төсөв хуримтлал бий болгож чадахгүй л болов уу. Яагаад гэвэл татвар бүрдүүлж байгаа систем, хуримтлал үүсгэж байгаа арга нь зөв гэж хэлэхэд хэцүү байна. Тиймээс төр өөрөө хуримтлалтай болох хэрэгтэй. Манайхан иргэн баян бол төр баян гээд улсын өмчийг хувийнханд өгчихсөн. Гэтэл төр нь баян бол иргэд нь сайхан амьдарч байгаа улс орнууд олон байна. Төр их хуримтлалтай бол цалин, тэтгэвэр нэмнэ. Энэ бол баялгийн хуваарилалтын хамгийн сайн арга. Ийм олон загваруудыг хуримтлуулж байж эдийн засаг сайжирна. Би бол 2019 онд сайн хуримтлал үүсгээд, бүх зүйл сайн болно гэж харахгүй байна. Сайн болохын тулд их зүйлийг шаардлага байна.

-Намрын чуулган удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн намрын чуулганаар эдийн засагт үр өгөөжтэй ямар хуулийн төслүүд хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна вэ. Намрын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудал бол 2019 оны төсөв байх?

-Намрын чуулганы эхэнд 2019 оны төсөв, мөнгөний бодлого хэлэлцэнэ. Түүнийг дагаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг төсвүүдийг хэлэлцэх юм. Үүнтэй уялдуулаад татварын багц хууль, аж ахуй нэгж, хувь хүний орлогын албан татварын хуулиуд ирэх арваннэгдүгээр сардаа багтааж батлах байх гэсэн хүлээлттэй байна. Үргэлжлүүлээд маш олон чухал хуулиуд бий. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай банкны тухай, валютын зохицуулалтын тухай гэх мэт. Мөн Активын удирдлагын тухай хуулийг одоохондоо зөвшилцлийн хүрээнд яригдаж байгаа бөгөөд энэ ондоо багтааж өргөн барьж, хаврын чуулганаар батлуулахаар ажиллаж байна. Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль орж ирнэ. Энэ хууль батлагдсанаар санхүүгийн үйлчилгээ авч, хийж байгаа байгаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг маш олон эрх зүйн шинэчлэлүүд хийгдэхээр хүлээгдэж байна.

-Нийслэлийн МАН шинэ даргаа сонгосонтой зэрэгцээд улс төрийн үйл явцууд өрнөх нь гэсэн яриа улс төрийн хүрээнд яригдаад эхэлж. Намрын чуулгантай зэрэгцээд Засгийн газар ганхах эрсдэл үүснэ гэх хүмүүс байна?

-Засгийн газар унана гэж байхгүй. Засгийн газар сайн ажиллах шаардлагатай. Муу ажиллаж байгаа хүмүүстээ хариуцлага тооцох зүйл байна. Түүнээс бүхлээр нь унагаж, тогтворгүй байдал үүсгэхгүй. Хэрэв Засгийн газар огцрохоор нөхцөл үүсвэл Монгол Улсын эдийн засаг урагшаа биш хойшоо ухарна. Нэгэнт байгуулсан Засгийн газраа дэмжиж ажиллах шаардлага байна. Харин муу ажиллаж байгаа хүмүүстээ хариуцлага тооцох юм байж болно.

-Зээлийн хүү бууруулах боломжтойг зарим эдийн засагчид болоод арилжааны банкны төлөөллүүд хэлдэг. Зээлийн хүү бууруулах боломжуудыг юу гэж харж байна вэ?

-Тогтвортой эдийн засаг, ханшийн тогтвортой байдал, нам түвшний инфляц гэсэн эдийн засгийн гурван гол үзүүлэлт байдаг. Энэ гурван үзүүлэлтийг хангаж байж зээлийн хүү бууруулах асуудлыг ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг ямар нэг хэлбэлзэлгүй, ам.долларын ханш өсч, буурах, инфляц тогтвортой байсан үед зээлийн хүү бууруулах боломжтой. Ялангуяа инфляцыг дэлхийн дундаж болох хоёр хувьд хүргэх хэрэгтэй. Үүний төлөө ажил хариуцан хийж байгаа хүмүүс болон удирдагч нар явах ёстой. Монгол Улсад хямрал одоо ч үргэлжилж байна. Энэ хямрал эдийн засагчдыг сорьж, дүнгээ тавьж байна. Зээлийн хүү буурна гэдэг нь мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёр харилцан уялдаатай байх ёстой. Мөнгөний бодлого, төсвийн бодлогоос гадна Засгийн газар бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний бодлогууд нэгдэж зээлийн хүү бууруулах үндсэн суурь шалтгаан болно.

-Тодруулбал?

Мөнгөний бодлого үр өгөөжтэй байх ёстой. Төв банкны бодлогын хүү зээлийн хүүд хэрхэн нөлөөлж байгааг авч үзэх ёстой. Иргэдийн авч байгаа өндөр хүүтэй хадгаламж байгаа учраас зээлийн хүү өндөр байгаа юм. Тиймээс энэ хоёрын зохистой харьцааг урт хугацаанд хадгалах ёстой. Монголбанкнаас 2023 онд зээлийн хүүг 5-7 хувь бууруулах боломжтой гэдгээ хэлж буй. Гэхдээ түүнээс ч илүү багасгах боломжтой. Тухайлбал, банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэх, гаднын банкуудыг оруулж ирж шударга өрсөлдөөнийг бий болгох, зээл, хадгаламжийн хүүгийн зохистой харьцааг тогтоож өгөх, банкны засаглалыг сайжруулах шаардлагатай байна. Ялангуяа банкны засаглалыг сайжруулах шаардлага байна. Өнөөдөр банкны эзэд гэхэд хэдхэн хүн байна. Нэг утгаараа энэ хүмүүсийн буруу биш ч нөгөө талаараа банк санхүүгийн байгууллага дэлхий нийтийн жишгээр бол төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлдэг, ард иргэдийнхээ хадгаламжийг хадгалдаг гэдэг утгаараа олон талт байх ёстой. Арилжааны банкуудад гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах, гадаадын банк оруулж ирэх гэх мэт зохицуулалт байж болно. Бид өнгөрсөн хугацаанд банкуудыг зах зээл зохицуулна гэсээр өнөөдрийг хүрсэн. Гэхдээ банкны салбарт төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэдэг нь өнөөдрийн бодит байдлаас харагдаж байна. Монголын төр өөрийнхөө банкийг дэмжиж, түүгээрээ дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татах энэ бүх ажлаа Төрийн банкаар дамжуулан хийх ёстой. Төрийн банкийг хувьчлахыг би хувьдаа дэмжихгүй байгаа. Түүний дараагийн нэг асуудал бол гадаадын банк оруулж ирэх. Гаднын банк орж ирвэл Монголыг залгина гэсэн буруу ойлголт олон нийтийн дунд байх шиг байна. Дэлхийн аль ч улс орон гадаадад өөрсдийн банкны салбараа нээдэг. Гаднын банкгүй ганц улс нь Монгол Улс байх шүү. Гадаадын хөрөнгө оруулалттай банкийг Монголд оруулж ирэх хууль эрх зүйн орчин бий болгох асуудал УИХ дээр удаашралтай явж байгаа. Тиймээс энэ ондоо багтааж шийдэх шаардлагатай байна. Эдгээр арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлснээр зээлийн хүү буурах гол үндэслэл болно гэж бодож байна.

-Нөгөө талаас эдийн засагчид зээлийн хүүг хүчээр буулгах нь эрсдэлтэй. Зах зээлийн зарчмаараа буурдаг гэдэг?

-Зах зээлийн журмаараа шийдэгддэг гэдгийг батлах хэрэгтэй. Бид зах зээл шийддэг гээд үндсэндээ 30 орчим жил яваад мухардалд орж байна. Зах зээл бол мөнгөөр илэрхийлэгдсэн эрэлтийг нийлүүлэлтээр зохицуулна. Мөнгөөр илэрхийлэгддэггүй зүйл буюу банкны зохион байгуулалт нэг талаараа мөнгийг илэрхийлдэг ч нөгөө утгаараа банкны зохион байгуулалт, зээлийн хүүг бууруулахад төрийн зохион байгуулалт шаардлагатай. Үүний нэг нь зээлийн дээд хязгаар, хадгаламжийн дээд хязгаарыг тогтоох явдал. Гэхдээ үүнийг судлах, туршиж үзэх хэрэгтэй. Аливаа юмыг 100 хувь үгүйсгэхээс илүү туршиж, судалсны дүнд шийдлүүд гарч ирнэ.

-Нэн тэргүүнд хууль эрх зүйн ямар шинэчлэлүүд хийх ёстой вэ. УИХ дээр зарим нэг хууль гацсан гэж та хэллээ. Тэгэхээр энэ жилдээ багтаж хууль эрх зүйн зохицуулалт хийгдэх болов уу?

-Хууль эрх зүйн хувьд банкны эрх зүйн шинэчлэл маш сайн хийгдэж байгаа. Төв банк, арилжааны банк, Хадгаламжийн даатгалын тухай хууль гэх мэт хэд хэдэн хууль батлагдсан. Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль зэрэг хуулиуд удахгүй УИХ-аар хэлэлцэгдэнэ. Тэгэхээр банкны эрх зүйн шинэчлэл цогцоороо хийгдэж байна гэсэн үг. Нөгөө талдаа банкнаас гадна төсвийн бодлогоор дамжуулж Засгийн газрын бодлогоо хэрэгжүүлдэг.Тиймээс төсөв зөв төлөвлөгдөж, эдийн засгийн өсөлтийг дэмждэг салбартаа хөрөнгө оруулах, халамжийг хавтгайруулахгүй байх нь чухал. Монголд яагаад зээлийн хүү өндөр байна гэхээр эдийн засгийн зохистой харьцаа нь бүрдэхгүй байгаатай шууд холбоотой. 2020 он хүртэл эдийн засагт хийх шинэчлэлийн нэг нь банкны салбарын шинэчлэлийг сайжруулах юм.

-ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан ч төв банк болон арилжааны банкууд дээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг шүүмжлэх хүмүүс бас байдаг?

-Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд байснаар ОУВС-тай хамтарч ажилласан. Ер нь эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарч эхэлж байгаа. Мэдээж бүх зүйл сайхан болсон гэхэд эртэднэ. ОУВС-тай хамтрахгүйгээр бид яаж хөгжих байсан бэ гэдэг саналаа тодорхой гаргаж ирэх хэрэгтэй. Сүүлийн үед улс төрийн намуудын хүмүүс өөрсдийнхөө алдааг замхруулах, булзааруулах гэсэн санаатай хүмүүсийн ярьж буй зүйл. Аливаа зүйлийг ярихдаа мэдлэгтэй, тооцоотой ярих ёстой. Эдийн засаг гэдэг бол судалгаатай тоогоор илэрхийлэгддэг.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж