News агентлагийн сэтгүүлч, редактор Ж.Нямсүрэн Нью-Йоркоос мэдээлж байна.
АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан ордны эзэнтэй уулзлаа. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд Монгол Улсыг төлөөлж байгаа юм. Ерөнхий ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэхийн өмнө буюу есдүгээр сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” (Global call to action on the World Drug Problem) сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, энэхүү уриалгад Монгол Улс нэгдэж буйгаа илэрхийлэв.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаад талархлаа илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
НҮБ-ын гишүүн орнууд жил бүрийн есдүгээр сард Нью-Йорк хотоо цугларч, дэлхийд тулгамдаж буй тодорхой асуудлыг хөндөн ярилцдаг. Энэ удаад дэлхий нийтийг түгшээж буй хар тамхины асуудалд цэнхэр бөмбөрцөг нийтдээ анхаарлаа хандуулахыг хүсч байна. Тодруулбал, “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” нь хар тамхинаас үүдэн гарч буй аюул заналтай тэмцэх олон улсын хүч чармайлт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчимжүүлэхэд оршиж байгаа юм.
НҮБ-ээс гаргасан уриалгыг АНУ, Коломб, Аргентин, АНЭУ, Перу, Мали, Зааны ясан эрэг, Малайз, Сингапур, Доминикан, Болгар, Япон, Саудын Араб, БНСУ, Морокко, Румын, Тайланд, Энэтхэг, ИБУИНВУ, Эстони, Итали, ОХУ, БНХАУ, Афганистан, Эквадорын Гвиней, Коста Рика, Гватемал, Кени, Иордан улс хамтран гаргаж байгаа бөгөөд 130 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд энэ арга хэмжээний үеэр уриалгад нэгдэв.
Хар тамхинаас болж дэлхий дээр өдөрт 512 хүн амиа алддаг гэсэн судалгаа байдаг. Дэлхийн хэмжээнд 246,000,000 хүн, тодруулбал, 15-64 насны 20 хүн тутмын нэг нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, тэдний 10 хувь нь хар тамхинаас шалтгаалсан ямарваа нэг эмгэг өвчтэй, ийм төрлийн бодисоор бүрэн хамааралтай талаар НҮБ-ын Мансууруулах бодистой тэмцэх албанаас гаргасан 2015 оны тайланд дурджээ.
АНУ-ын энэхүү санаачлагыг НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутеррес дэмжиж буйгаа арга хэмжээний үеэр илэрхийллээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд дэлхийн 100 гаруй орны төр засгийн тэргүүн, төлөөлөгч Нью-Йорк хотноо цугларч, төв хэсэгт цагдаагийн хамгаалалт гарчээ.
Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулахбодисууд ба сэтгэцэд нөлөөлөх бодисуудын хууль бус эргэлтийн эсрэг Нэгдсэн үндэсний 1988 оны конвенцид 2001 онд тус тус нэгдэн орж, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор холбогдох хууль, дүрэм, журам, стандартууд гарган мөрдөж ирсэн. Гэвч, хар тамхины хэрэглээ дэлхийг түгшээж байгаа бөгөөд ялангуяа өсвөр үеийнхэн илүү донтох болсон нь асуудал дагуулаад байна.
Холбоотой мэдээ