БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймагт гахайн ханиад дэгдэж одоогийн байдлаар есөн гахай үхэж, 14 гахайд өвчний шинж тэмдэг илрээд байгаа аж. Иймд тус улс Өвөр Монголоос амьд гахай тээвэрлэх, гахайн махны төрлийн боловсруулаагүй бүтээгдэхүүнийг нийслэл Бээжин болон бусад хот руу гаргахыг бүрэн хориглосон байна.
Өнгөрсөн наймдугаар сарын эхээр БНХАУ-д гахайн ханиадны анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш зургаан мужийн 18 фермд ижил төрлийн шинж тэмдэг илрээд байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-д гахайн махны үнэ ойрын гурван жилд байгаагүйгээр өсчээ.
Олон улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн Холбоо БНХАУ-ын Засгийн газартай холбогдон яаралтай арга хэмжээ авах, гахайн мах болон бусад мал аж ахуйн бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх талаар санал солилцсон байна. Хятадын “People’s Daily” сониноос гахайн ханиад хүнд халдах боломжгүй учраас худал мэдээлэлд итгэхгүй байхыг уриалж “Гахайн махыг стандартын дагуу бэлтгэж, шинжилгээнд бүрэн хамруулж байж худалдаанд гаргадаг учир санаа зовох хэрэггүй” хэмээн бичжээ.
Эх сурвалж: CHINADAILY.COM
Н.АМГАЛАНТУУЛ
Холбоотой мэдээ