УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл нь 1963 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр МАН-ын эмэгтэй гишүүдээс “хамгийн амжилттай яваа хатагтай нарын нэг” гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Сарангэрэл улс төрд хөл тавьж, МАН-ын Бага хурлын гишүүн болсон нь гэнэтийн сонголт байсан гэдэг. Удалгүй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга хүртэл албанд томилогдон УИХ, Орон нутгийн сонгуулийн эгзэгтэй үед МАН-ын хэвлэл, мэдээллийг удирдан ажиллажээ. Ингээд 2012 оны сонгуулийн дараахан У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзах үед Д.Сарангэрэл түүний орыг залгасан юм. Харин дараа нь 2016 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт ялалт байгуулж, парламентад орж ирээд Засгийн газрын гишүүн болсон нь эерэг дүгнэлтийг улам ч бататгасан болов уу. Гэвч Засгийн газрын хамгийн хүнд салбарыг А.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар нуруундаа үүрч явна. Боловсрол, эрүүл мэндийн салбар бол хамгийн олон агентлагтай, хамгийн олон ажилчидтай, хамгийн их асуудалтай салбар юм. Одоо болтол цалин мөнгөний төлөөх тэмцэл, жагсаал цуглаан тасралтгүй үргэлжилж байна. Гэхдээ ажил бэрх ч асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ хоёр сайд илэрхийлсэн билээ.
Д.Сарангэрэл нь анх Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сурвалжлагчаар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Ингээд "ММ" агентлагийн захирал хүртэл дэвшин ажиллаж байгаад 2003 онд ТВ-5 телевизийг үүсгэн байгуулсан байна. Сэтгүүл зүйн салбар улс төртэй салшгүй холбоотой гэдэг. Үе үеийн парламентын үйл ажиллагааг сурвалжилж явсан туршлагатай сэтгүүлч муухан улс төрчөөс ч илүү мэдээлэлтэй, гаргалгаатай байх тохиолдол бий. Тэр утгаараа сэтгүүл зүйн салбараас улстөрч болсон олон эрхмүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл юм.
Ингээд түүний товч намтарыг хүргэж байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1979 онд – Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
- 1983 онд – ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
- 1990 онд – ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1982-1985 онд – МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
- 1990-1991 онд – Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд сурвалжлагч-редактор
- 1991-1992 онд – Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд ахлах редактор
- 1993-1994 онд – Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд хариуцлагатай редактор
- 1995-1996 онд – "ММ" агентлагийн захирал
- 1997-1999 онд – "ММ" агентлагийн ерөнхий редактор
- 1999-2000 онд – "ММ" агентлагийн захирал
- 2000-2003 онд – Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
- 2003-2005 онд – ТВ5 Телевизийн ерөнхий захирал
- 2005-2011 онд – Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
- 2011-2012 онд – Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
- 2012-2016 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд – Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
- 2017 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
ШАГНАЛ:
- 2002 онд – Алтангадас одон
- 2009 онд – Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
ГАДААД ХЭЛ:
Англи, Орос