Краснодар хотын хүн ам нэг саяд хүрсэнийг нотолсон батламжийг ОХУ-ын Статистикийн хорооны Бүс нутгийн удирдлагын газрын дарга Татьяна Курнякова хотын Захирагч Евгений Первышовт гардуулан өгсөн байна.
Кубанийн нийслэл Краснодар хот энэ өдрүүдэд үүсэн байгуулагдсаныхаа 225 жилийн ойг тэмдэглэж байгаа юм. Хотын ойн баярыг тэмдэглэх ёслолын арга хэмжээний үеэр энэхүү өргөмжлөлийг гардуулсан юм.
Хотын Захирагчийн хэлснээр Краснодар хотын энэ өргөмжлөлийн төлөө олон жил зүтгэсэн бөгөөд хотынхоо ойн өдрөөр уг өргөмжлөлийг гардан авсандаа тун баяртай байгаа ажээ.
Захирагчийн хэлснээр Краснодар бол эдийн засгийн идэвхтэй хүн ам олонтой Оросын хотуудын нэг бөгөөд энэ хүчин зүйл нь хотын хөгжилд эергээр нөлөөлж байгааг онцоллоо.
Краснодараас гадна Москва, Санкт-Петербург, Новосибирск, Омск, Красноярск, Екатеринбург, Челябинск, Уфа, Пермь, Нижний Новгород, Казань, Самара, Волгоград, Ростов-на-Дону, Воронеж хотууд нэг саяас дээш хүн амтай хотууд юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ