Ёс суртахууны их нуралт

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Ёс суртахууны их нуралт

Ёс суртахууны их нуралт

 Цуврал 2 эссэ

(АНТИ-ЛИБЕРТАРИ ЁС СУРТАХУУНЫГ ШҮҮМЖЛЭХ НЬ)

Нийтлэлд этикийн онолын асуудлуудыг ярихгүй, зөвхөн Монгол дахь ёс суртахууны доройтлыг либертари өнцгөөс харуулж, шүүмжлэх болно. Онолын гэмээр ганц л асуудал хөндөхөд, ёс зүйн философичдын дунд ёс суртахуун абсолют (туйлын) шинжтэй юү,  эсвэл релятив (харьцангуй) шинжтэй юү гэсэн маргаан өнө эртнээс явагдаж ирсэн билээ. Миний хувьд абсолют хэмээн ойлгодог байлаа. Гэтэл буруу ойлгож явсан юм шиг байна, бидний муу муухай хэмээн жигшиж, ичдэг үйлдлүүд одоо хүмүүсийн бахархал болчхож.    

Асуудлаа ойлгомжтой болгохын тулд юуны өмнө нэгэн гипотетик жишээ татъя (Ийм жишээ хэлэлцэж буй асуудлыг тодруулж, ойлгоход ихээхэн ач холбогдолтой байдаг тул Өрнөдийн философийн номуудад олонтоо тааралддаг). Бурхан бидэнтэй уулзаад “Танай Монголд асуудал их байх шиг байна. Хэдэн зүйл санал болгоё, нэгийг нь л сонгоорой. Нэг, монгол хүмүүсийг дэлхий дээрх хамгийн ухаалаг үндэстэн болгомоор байна. Хоёр, хамгийн боловсролтой үндэстэн болгох, Гурав, хамгийн хөдөлмөрч үндэстэн болгож өгөх, Дөрөв, хамгийн ёс суртахуунлаг үндэстэн болгомоор байна” гэж байх юм гэнэ.

Аль алин нь бидэнд маш их хэрэгтэй байдаг. Болж өгвөл бүгдийг нь гүйцэлдүүлж өгөөч гэмээр. Хяслантай нь, нэгийг л сонгоорой гэсэн. Тэгэхээр “Манайд хамгийн ихээр уначихаад буй зүйл бол ёс суртахуун. Биднийг ёс суртахуунлаг болгож өгөөч, ингэх боломжгүй болтлоо уначихсан байвал нормыг (хэм хэмжээг) нь бага ч гэсэн ахиулаад өгөөч” гэвэл хамгийн оновчтой хариу болох буй за.

Ёс суртахууны ялзрал. “Эдийн засгийн доройтол”, “Засаглалын хямрал”, “Үндсэн хуулийн гацаа” л гэнэ. Энэ бүхэн юу ч биш! Аливаа юмс үзэгдэл харагдах хийгээд эс харагдах талуудтай байдаг. Дээрх “доройтол”, “хямрал”, “гацаа” бол харагдаж буй зүйлс. Харагдахгүй байгаа дутагдал, бэрхшээл л хамгийн аюултай. Магадгүй, дээрх бүх дутагдал, бэрхшээл, доройтлын суурь нь болж байдаг эс харагдах шалтгаан бол ёс суртахууны уналт юм. Одоо Монголд ёс суртахуун “цасан нуранги” аятай уруудаж байна.

Бид ер нь угаасаа нэгийгээ унагадаг, “барьж иддэг” заншилтай хүмүүс л дээ. 17-18-р зуунд урваач шарваач, шан хэргэмд дуртай монголчууд манжуудыг цэрэг зэвсэг, хоол хүнс, газар орон, тэдний эсрэг тэмцэж байсан нэгнийхээ талаар мэдээ, мэдээллээр хангаж байгаагүй бол монголчууд тийм амархан дийлдэх нь юу л байсан бол! Монголын түүхэн дэх улс төр, шашны нэлээд том зүтгэлтэн болох Өндөр гэгээн Занабазар Манжийн хааны оршуулган дээр оччихоод “өмгөөлөн хамгаалагч, ивээн тэтгэгч минь өнгөрчихлөө” гээд уйлж байсан гэдэг. 20-р зуунд Богд хааны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, Монгол улсыг хөгжүүлэх гэж өөрийн мэдэх, чадах хэмжээнд зүтгэж байсан (эдийн засаг, санхүү, боловсрол, цэргийн салбарт хийх гэж оролдож байсан реформтой нь холбогдуулж ийн хэлэв) Барон Унгернийг хүчний харьцаа өөрчлөгдсөнийг мэдсэн монгол ноёд хүчтэйд нь тал засдаг зангаа харуулж, гэнэт түүнээс урван, улаантнуудад барьж өгөн алуулсан. Ийм уламжлалтай хүмүүс цаг төрийн үймээнтэй өнөө цагт бүр ч цагаандаа гарчээ. Ямар сайндаа одоо гадаадад буй монголчуудын дунд “монгол монголоо баллана, өөр хэн ч монголыг баллахгүй” гэсэн үг гарсан байхав дээ.

Гаднаас нь харахад жирийн хүн шиг л хүн. Яг бидэн шиг хувцасласан, тэр ч бүү хэл, биднээс гоё цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн. Дотор руу нь өнгийгөөд үзвэл авах юмгүй, ёс суртахууны хир даагиндаа баригдаад, бүр бөөстчихсөн, гар барьж мэндлэхээс сэжиг хүрмээр юмнууд орчин тойронд маань дүүрчихжээ. Ёстой, ёс суртахууны ялзрал гэж үүнийг хэлдэг юм гээд музейд тавьчихмаар хүмүүс нийгэмд, тэр тусмаа төр-засагт пиг дүүрэн байна.

Амьдрал ( эсвэл Бурхан) биднийг шалгаад, бид тэр шалгалтад уначихаад байгаа юм биш үү? Одоо хүмүүс махан бодоо тарган цатгалан байлгахын тулд “Би”-гийн мөн чанар, оюун санаа, сүнсээ зарж борлуулж байна. Организмаа тэргүүнд тавиад, оюун санаагаа золиослогчид, жудаггүй, увайгүй аашлагчид хаа сайгүй. Хүмүүс ичиж зовох мэдрэмжээ алдчихаж. Ямар жудаггүй, увайгүй ааш гаргана вэ? Тавган дээр тааруухан хоол аягалчихаад 20.000 – 30.000₮, чийг даасан, үнэр танар болсон гэрт хиртэй хэдэн ор шиг юм тавьчихаад хоногийн 80.000 – 100.000₮ гэсэн үнэ хэлнэ. Улайн цайм өөрийн буруугаас болж, хүний машин мөргөчихөөд зарга заальхай хийгээд унжганаад байна. Ингэж заваарахдаа хэл ам нь ээдэрч түгдэрнэ, ичиж улайна, дальдарч санаа нь зовно гэж огт байхгүй.  Хар л даа, улс-орноо хэдэн зуун сая долларын өрөнд оруулчихаад “Би ингэж залилсан”, “тэгж хуурамч гарын үсэг зураад, гадаадын банкийг хуурчихсан” гээд инээвхийлээд сууж буй хүн Монголын бизнесменүүдийн хэв шинжит дүр төрх болж байна шүү дээ.

“Зүрх сэтгэл үү, мөнгө үү?”

Тийм ээ, Монголд худлаа ярьдаггүй, луйвар хийдэггүй хүн гэж бараг үгүй болж байх шиг. Цэвэр ариун, муу муухай зүйлсээс хол гэж хэлмээр хүмүүс ажилладаг их, дээд сургууль, шинжлэх ухааны салбарынхан хүртэл ёс суртахууны хувьд ялзарчхаж. Ардын багш л гэнэ, академич л гэнэ, (угаасаа юм хийгээгүй байж улсаас сул мөнгө авч байдаг) эдгээр хүмүүс улсаас маш өндөр санхүүжилттэй төсөл аваад юу ч хийлгүй байж байгаад, хэсэг хугацааны дараа дахиад мөнгө нэхнэ өгөхгүй болохоор нь “мөнгө дутсан”, “санхүүжилт зогссон” гээд улсыг луйвардчихаж байна. Ийм ялзарсан хүмүүс орчин тойронд маань, бүр дэргэд маань хүртэл гэмгүй дүр эсгээд, ёс зүйн номлол яриад байж байсан байдаг.

Монголчууд өөрийгөө хүндлэхээ огт больсон. Уг нь хүнд зусардах, долигонох шиг хэцүү зүйл үгүй санагддаг. Гэтэл эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө яваа хүмүүст үүн шиг амархан зүйл үгүй бололтой. Сурамгай, дадамгай нь аргагүй тал засна. Хажуунаас нь харсан хүн санаа зовмоор. Хүний өмнөөс ичих шиг хэцүү зүйл байхгүй гэж үнэн. Мишэль Монтэнь яасан үнэн хэлээ вэ, “хүнийг хамгийн их эвддэг зүйл бол эрх мэдэл, эд хөрөнгө хоёр” гэж. Өнгө мөнгө харахаараа нэг суурин дээр 3 эргэж байна шүү дээ. Ялангуяа улс төрчид албан тушаал, мөнгөний төлөө шалдаа бууж, алийгаа алджээ. Нэр төрөө уландаа гишгэж, айж ичихээ умартан, гуйж гувшин царай алдаж байна. Болохгүй бол тунирхаж ч байх шиг, бүр болохгүй бол айлгаж сүрдүүлэн шантаажлахыг оролдоно. Албан тушаалын төлөө уйлах дуулах, зодолдох нүдэлдэх бол юу ч биш, нэгийгээ зүгээр л зодоод алчихдаг болсон.

Ёс суртахууны уналтын хамгийн жигшүүрт хэрэг хуулийнхны хүрээнд их гарч байна (тэр тусмаа цагдаа, шүүхийнхэн). Хэдэн тэрбумын хэрэгтэй эрхтэн дархтаны хэргийг яаж ийж сунжруулж байгаад замхруулдаг бол жирийн иргэдийн алдаа оноон дээр төмөр нүүрээ харуулна даа. Ийм ёс суртахуунгүй үйлдлүүдээ ямагт хуулийн нэрээр хийнэ. Хууль бол шүүгчдийн хувьд “нохойд барьдаг мод”. Ерөөсөө хуульчдад ёс суртахуун гэдгийг ойлгуулах явдал бол ертөнц дээрх хамгийн хүнд ажлуудын нэг болохыг би амьдралын туршлагаасаа мэдэх болсон. Бараг л боломжгүй зүйл юм билээ.

Барууны орнуудад (Өмнөд Солонгосоос өөр оронд шүү) “овоохон ажил” хийж буй  монголчууд  эх орондоо ойрын үед ирэхгүй гэж байна. Яагаад гэвэл, “Монголд хэзээ ч ажил хэргийн болон гадаад хэлний жинхэнэ чадвар, мэдлэг боловсрол, хамгийн гол нь үнэнч шударга байдлаар шалгаруулалт явагддаггүй. Дандаа арын хаалгаар ажил бүтдэг, хэн нэгэнд тал засах хэрэгтэй болдог, танил талгүй бол баларна, хүн шиг амьдрая гэвэл улс төрчдийн өмнө хойно гүйж, ажлаа бүтээхийн тулд хэн нэгэнд хахууль өгөхөөс аргагүй болно” гэж байна. Үнээн үнэн. Товчхондоо, Аполлон болон Фаустын соёлоор (О.Шпенглер) иргэншиж, ёс суртахуунжсан үндэстнүүдийн дунд шударга ажиллаж, амьдарч болно, харин буддист ч биш, бөө ч биш, христ ч биш, социалист ч биш, капиталист ч биш Монголд  шударга ажиллаж, амьдрах юм бол сүйрнэ. Логик дүгнэлт нь Монгол шударга бусчуудад л таатай орон.

Ер нь улс-орон хөгжихөд ёс суртахуун их чухал. Улс-орноо “иддэг” улс төрчид л улс-орныхоо хөгжлийг хамгийн хорлонтойгоор хойш татдаг. Ёс суртахуунтай үндэстэн муу муухай зүйлийг тэвчдэггүй, тийм үзэгдлийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй учраас тэр орчинд муу муухай нь арилж, сайн сайхан зүйл хөгжин дэвжих бололцоо бүрдсэн байдаг. Жишээ нь, япон үндэстэн гэхэд ухаантай тулдаа биш, ёс суртахуунтай тулдаа (хэлсэндээ хүрдэг, үнэнч, шударга, найдвартай, ам ажил зөрдөггүй учраас) хөгжсөн гэдэг нь Нитобэ Иназогийн Бушидо гэдэг номыг уншсан хэнд ч гэсэн ойлгогдоно.

Одоо манайд “зах зээл нь ёс суртахуунгүй”, “капитализм нь амиа бодсон байдлыг дэврээдэг” гэх мэт шүүмжлэл гарах болов. Манайх шиг патерналист уламжлал ихтэй, сүүлчийн нэгэн зуунд зүүний коммунлаг суртлаар тархиа зад угаалгасан үндэстний хувьд ийм яриа их гарахаас яахав. Үнэндээ, капитализм, зах зээл бол хүний мөн чанарыг жинхэнээр нь харуулдаг нийгэм. Энд л хүний жинхэнэ экзистенци харагддаг.

Нийтлэлдээ хүмүүсийн аж төрөх ёс, ёс суртахуун, сэтгэлгээг либертари өнцгөөс харж, дүгнэхийг чухалчиллаа. Либертари гэхээр ихэнх хүн хувийн өмч, чөлөөт зах зээл лайзэс-фэйр зарчим ярьдаг эдийн засгийн онол, сургаал, эсвэл төрийн оролцоог багасгах тухай ярьсан улс төрчидтэй холбох гээд байдаг. Тэр ч бүү хэл, либертари үзэлтнүүд дотор ч өөрийн үзлийг ийм явцуу хүрээнд ойлгодог хүмүүс бий. Тэгвэл либертарианизм нь амьдралын бүх хүрээнд үйлчлэх бөгөөд энэ үзлийн үүднээс бүх зүйлд хандаж болно. Энэ өгүүлэл ч тийм хандлагын илрэл бөлгөө.

Ёс суртахууны тодорхойлолт. Сэтгэгчид ёс суртахууныг янз бүрээр л тодорхойлсон байдаг. “Хүнийг хүн болгодог зүйл”, “Өөрийн үйлдэлд үнэлгээ өгөх чадвар” (Өөрийн үйлдлийн сайн эсвэл мууг ойлгоод муугаас зайлсхийж, сайн руу тэмүүлэх явдал), “Хүнд учирсан гай зовлонг өөрт учирсан мэтээр мэдрэх” гээд. Эдгээр тодорхойлолт зарим талаар учир дутагдалтай ч ерөнхийдөө, ёс суртахууны талаар зөв ойлголтыг хүнд өгдөг. Нэг тодорхойлолт ойлгогдохгүй бол нөгөө тодорхойлолт нь хүнд илүү буудаг тал бий. Тэр ч бүү хэл, эсрэгээс нь тодорхойлох нь зарим тохиолдолд тустай. Жишээ нь, дээрх тодорхойлолтуудыг эсрэгээс нь тодорхойлоод үзье л дээ. “Хүнээс бусад амьтанд ёс суртахуун байдаггүй”, “Сайн юм уу, муу зүйл хийж буйгаа эс мэддэг хүнийг ёс суртахуунгүй хүн гэнэ”, “Бусдад учирсан гай зовлонд сэтгэл өвддөггүй хүнийг ёс суртахуунгүй хэмээнэ” гэх мэтээр.

Энд хамгийн товч бөгөөд ойлгомжтой тодорхойлолт өгье. “Хэн ч мэдээгүй, хараагүй, мэдэх, харах боломжгүй үед ч буруу зүйл хийдэггүй хүнийг ёс суртахуунт хүн” хэмээнэ. Тийм ээ, “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” хэмээх 00-иудад харагддаг энэ үгийг Монголын бүх байгууллага, тэр тусмаа төрийн ордон болон намуудын байрны бүх өрөө тасалгаанд томоос томоор бичээд хадууштай.

Улс төр ба ёс суртахуун. “Хууль” гэсэн үгийн антонимыг “ёс суртахуун” гэдгийг бага ч гэсэн философи сэтгэлгээ суусан хүн тайлбар шаардахгүйгээр ойлгочихдог. Тэгэхээр энэ хоёр үгийг тодорхой утгаар нь эсрэгцүүлэн тавьж болно.

“Хуулийг дээдэлнэ” гэж ярьдаг хүмүүсийг олонтоо харж байлаа. Энэ үгийг улс төрчид юм уу, улс төржсөн сэтгэхүйтэй эсвэл хуулийн хүн-машин болсон хүмүүс хамгийн их хэрэглэдэг. Гэсэн атлаа тэр хүмүүс л амьдрал дээр хамгийн муу муухай зүйлийг хийнэ. Үнэхээр, ёс суртахуунтай байсан бол тийм зүйл хийх бодол толгойд нь огтоос орж ирэхгүй, “хуулийг дээдэлнэ”, “бид хууль зүйт нийгэмд амьдарч байна” гэсэн сүржин үгнүүд амнаас нь гарах ч үгүй биз ээ.

Хар л даа! Улс төрийн эрх мэдэлд очигсдоос завшаагүй, идээгүй ямар хүн байна. Хараахан баригдаагүй нь “би цэвэр” гэж хэлэх байх. Ёс суртахууны ийм ялзрал улс төрийн хүрээнд төдийгүй, нийгэм даяар тархжээ. Нийгэм даяарх энэ ялзралаас хамгийн хорлонтой бөгөөд аюултай нь хууль, шүүхийнхний ялзрал. Бид “хуультай” ухаантай. Гэтэл тэр нь Ф.Бастиагийн хэлснээр, дандаа гэмт хэрэг хийсэн эрх мэдэлтнүүдийг хамгаалах, тэдэнд ял завшуулах үндэслэл болж байна. “Үнэнийг олж, шударга ёсыг тогтоох ёстой шүүх, хуулийн байгууллагууд нь хүртэл ёс суртахууны хямралд гүн гүнзгий орчихсон учраас хууль үндсэн зорилгынхоо эсрэг ажиллах” болов. Ийм зүйлсийг харсан хүмүүс шударга ёс гэж юу юм бэ, хууль шударга ёсонд үйлчилдэг гэж үү, шударга ёс гэсэн зүйл ер нь байдаг юм уу, байлаа гэхэд Монголд л лав алга гэх болов. Тэгэхээр хууль ч үгүй, ёс суртахуун ч үгүй энэ улс-орон чинь яах болж байна аа гэсэн цөхрөнгө эргэцүүлэлд юм боддог хэсэг нь автаж эхэлжээ.

“Улс төрчийг Бурхан, буг хоёр ятгахад тэрээр хоёр дахийнх нь үгийг илүүтэй дагадаг аж.”

Миний хувьд, бараг бүх улс төрчдийн толгойд эргэлдэж буй “улс орон, ард түмнээс хумсалж хулгайлан, нэр хүндээ алдаж байгаад ч хамаагүй ар гэр, үр хүүхдийнхээ амьдралыг баталгаатай болгочих юм сан, ингэсний эцэст шоронд 5-10 жил суугаад гарч ирсэн ч яах вэ” гэсэн бодлыг ойлгож байна. Би ч тэдний адил эцэг хүн. Эцэг хүнээс гарах л золиос.  Гэхдээ би өөрийн гэр бүл, үр хүүхдээ бодохдоо бусдын гэр бүл, үр хүүхдийн өмч хөрөнгө, аз жаргалаар өргөл өргөж болохгүй гэдгийг бүр ч илүүтэйгээр ойлгож байна.

Хулгайлж хумслах, хулуух, завших сэдэлтэй тэр улс төрчид үр хүүхдээ өөрсөд шигээ болгож буйгаа анзаарахгүй байна. Би яаж амьдарч байна, үр хүүхдээ тэгж л хүмүүжүүлж буй хэрэг. Бодит амьдрал дээрх экзистенц тань хүмүүжлийн талаар таны хааяа айлддаг сургаалаас хамаагүй хүчтэйгээр үр хүүхдийн чинь далд ухамсарт суудаг.

Бүх юмс үзэгдэл өөрийн гэсэн логиктой байдаг бөгөөд муу, муухай юмс үзэгдэл ч нэгэн адил. “Муу муухайн логик” гэмээр юм уу даа. Явах ёстой замаараа явж, хүрэх ёстой газраа хүрдэг. Энэ идээчин, уугаачин, авилгач, арын хаалгач нарын бодит логик терминал бол шүүх, цагдаа, шорон гяндан. Өөрсдөө биш юм гэхэд өөрсдийнх нь хуулбар болсон үр хүүхэд нь яг “муу муухайн логикоор” явж байгааг анзаарахаа больчихсон байдаг учраас тэр л газар очдог.

Улс төрчид архи уухгүй, хиртэй цамц өмсөхгүй, гэхдээ фирмийн хувцас өмсөж, үнэтэй утас, үзэг барьж байгаад л гэмт хэрэг хийдэг. 2013-18 оны эхний хагаст гэхэд албан тушаалтнууд улсад 14.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Цаана нь хулгайлсан, гулгуулсан, зувчуулсан нь баригдаагүй, тогтоогдоогүй, замхарсан нь хэчнээн төгрөг болно гэж бодно. Бүгдийг яг үнэнээр тогтоогоод ил гаргавал сүйдтэй тоо гарна. Тэд хуулийн доор хулгай хийж, идэж уун, шамшигдуулж, гулгуулдаг. Монголчууд бид улс төрчдийг ийм хүмүүс гэдгийг мэдсэн хэрнээ шүтдэг. Энэ бол бидний ёс суртахуун. Хийсэн луйвар нь хэчнээн том байна, төдий чинээ бидний бахархлыг төрүүлнэ.

Либертари дүгнэлтүүд юутай үнэн. “Төр гэдэг бол бусдын хөлс хүчээр амьдрагсдын орон гэр”, “Улс төрчид гэдэг бол төрийн албыг зарж борлуулан амьдрагсад” гэх зэрэг олон дүгнэлт. 70 тэрбумын хэрэг!!! 18-р зууны үед Францад болж байсан явдал одоо манайд яг давтагдаж байна: Францын XIV Людовик түлээ бэлтгэлд хяналт тавих Ван эзний зөвлөх, сахал хусагч, үсчний албан тушаал, давсалсан тос амтлагчийн албан тушаал зэргийг бий болгож худалдаж байсан гэдэг.

Яачихсан мораль, ямар соёл гэхээрээ ийм байдаг байна. Бүх юмс үзэгдэл урвуугаараа, жигших ёстой зүйл бахархал болж, бахархах ёстой зүйл жигшигдэж, буруу нь зөвдөж, зөв нь буруудаж байдаг. Хэнд ч хор хөнөөл учруулаагүй нэгнийг гуйлгачин, арчаагүй гэх атлаа хэдэн тэрбумаар хулгайлсан, зувчуулсан, шамшигдуулсан “луйварчдад” хүндэтгэлтэй ханддаг.

Нөгөө луйварчид нь монгол хүний психологийг мэддэг учраас “Яадаг юм, би улсаас, олон түмний хөрөнгөнөөс зувчуулсан, ашигласан, луйвардсан. Тэгээд юу гэж, та нар ч гэсэн (ийм их мөнгө хараад) бололцоо олдвол над шиг завших л байсан биз дээ. Юутай ч миний гэр бүл танай гэр бүлээс дээр амьдарч байна.Та нарын зүрх зориг хүрсэн бол бас л ингэх байсан. Даан ч аймхай учраас чадахгүй байгаа шүү дээ (энэ нь ч бараг үнэн) гэсэн байдал гаргана.

Ёс суртахуунгүй, бүгд л хулгайлах, завших сэдэлтэй ийм нийгэмд ёс суртахуунт иргэд улам доош орно. А-мораль байх тусмаа өөдөлдөг ийм орчинд худал хэлж, тал засаж, заль мэх хэрэглэж амьдрах нь амархан юм байна гэсэн бодолд хүмүүс хар аяндаа хөтлөгддөг. Ёс суртахуунтай байх юм бол бусадтайгаа долгион таарахгүй учраас таарч нийлэхгүй, ойлголцохгүй, хэл амаа ололцохгүй, хар аяндаа шахагдана. Ингээд нийтээр моральгүй болж аваад “моральгүйчүүдийн моралиар” амар сайхандаа жаргана. Үндэстэн ингэж тэр аяараа зэврэхэд нөлөөлсөн янз бүрийн хүчин зүйл байж болох бөгөөд нийтлэг шинжтэй хоёрыг дурдахад, угаасаа ёс суртахууны норм доогуур, хоёрт, үндэстний ёс суртахууны дархлаа (иммунитет) сул байсан явдал их нөлөөлж байна.

Ёс суртахууны дархлаа султай үндэстэн муу муухай зүйлийн халдварыг маш амархан авч, адаптацид ордог (идээшдэг). “Дээгүүрээ хэдэн тэрбумаар нь цусалж байхад миний хэдэн халтар төгрөгний залилан ч яамай. Ёстой гайгүй байна аа” гэх хүмүүс улам олшрох янзтай. Уг нь ч тэдний зөв л дөө, хулгай, залиланд ч гэсэн “шударга ёс” гэж байх ёстой. Хэсэг хүмүүс хулгайлж, хөрөнгө мөнгө зувчуулж болдог, бусад нь болохгүй гэвэл жинхэнэ injustice гэдэг чинь тэр болно. Ингээд л улс даяараа дээр дооргүй хулгай зэлгий, ашиглалт, шамшигдуулалт, худал хуурмаг нүүрлэсэн улс-орон болж байгаа юм. Ийм нийгэмд тэрбумаар идвэл алдаршина, саяар идвэл шоронд орно, мянгаар идвэл амьтны элэг доог болно. Моральгүй орчинд хүн цайчихдаг, ичих гэсэн ойлголт байхгүй болдог аж. Бүгдээрээ адилхан байж хэн нь хэнээсээ ичих билээ гэсэн бодол нийгэмд тархчихаж байгаа юм.

Брежневийн синдром (Магтаал, шагнал). Монголчуудыг ёс суртахууны хувьд их доройтуулж, хүнийх нь хувьд “өчүүхэн” болгож буй зүйл бол энэ. Бид магтаал, шагналд нугасгүй дуртай. Өөрийг нь худлаа магтаад байхад “Үгүй дээ, би тийм биш” гээд хэлчих хүн бараг олддоггүй, худал магтаалд эвгүйрхэнэ гэж байхгүй, тааламжтай нь аргагүй сонсоод л суух.

Зохиолч, тэр тусмаа шүлэгчид, дээр нь монгол хэл, Монголын түүхийнхэн гээд элдэв цол хэргэм, шагналд нугасгүй дуртай, бөөн реклам хүмүүс байна аа. Эдний дунд Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн нарын аваагүй шагнал, үзээгүй хүндлэлийг хөөцөлдөж байгаад авчихсан, авсан шагнал, цол хэргэмдээ даруулаад даахаа больчихсон хүмүүс мөн ч олон байна. Бодитойхон шүүгээд үзвэл олигтой юм юу ч хийгээгүй тусмаа шагнал, сайшаалд жигтэйхэн дуртай гээч.

Гавьяатын юм уу, нэг гялгар төмөр авсан гээд архинд орсон, эсвэл архинаас гарсан хүмүүсийн аль алиныг харж л байлаа. Урьд нь ямар байсан тэр л янзаараа баймаар юм. Шагнал, шан харамжид хагартлаа баярладаг юм шиг байгаа юм. Амьд явсаных нь хэрэг бүтсэн учраас зарим нь архинд орж, зарим нь архинаас гардаг бололтой. Хэрэггүй юманд баярлаж, хэрэггүй юманд гутардаг, хямдхан ч юм аа даа. Гэтэл гадуур гарч буй хээл хахууль, арын хаалга, … гээд элдэв бусын гэмт хэрэг дотор нөгөө гавьяатын тэмдэгтэнгүүд цөөнгүй байхыг нь яана.

Орчин үед хүмүүс ихээхэн прагматик болох хэрээр хэрэггүй зүйл шохоорхохоо больчихоод байна. Гэтэл одон тэмдэг зүүж, цол хэргэмд даруулагсад ядарсан мөн чанараа харуулж байгаагаа мэдрэх сөхөөгүй байгаа нь хөөрхийлөлтэй. Руссогийн хэлснээр, “хэрэгцээгүй хэрэгцээндээ” баригдсан хүмүүс багасаж байгаа ч бас нөхөн төлжиж, шинэ залуу үе нь гарч ирж байгаа юм даг уу даа. Аман дээрээ “ийм хөгийн шагнал” гэх атлаа ачир дээрээ үхэн хатан хөөцөлдөж байгаад авчих жишээтэй.

“Монголын гялгар төмрөнд дурлагсад одон тэмдэг нь энгэртээ багтахаа болиод ханцуй, өмдөн дээрээ хүртэл зүүсэн энэ 5-ыг хараад атаархах байх даа.”

Ер нь, энэ “гавьяат”, “ардын”, “төрийн”, “баатар” гэсэн цол, хэргэм, шагналын нийлүүлэлт хэтэрчихэж. Зах зээлийн хуулиар нийлүүлэлт нь ихэссэн аливаа зүйлийн үнэ цэнэ (value) буурдаг. Гэтэл манайхны зан юм болсон хойно эдгээрийн хойноос хөөцөлдөгчид байсаар. Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгэн ажилтны ярьснаар гавьяат авахаар хөөцөлдөж, материалаа ирүүлсэн хүмүүсийн тоо 4000 гарсан аж. Энэ хүмүүст бүгдэд нь хүсээд буй шагнал, цол, хэргэмийг нь өгчихвөл таарна. Үнэндээ, энэ одон тэмдгийн эзэд хийсэн, бүтээсэн зүйл, авьяас чадвар, оюун ухаанаараа бусдаас гоц гойд илүү гарчихсан нь харагддаггүй. Гэтэл бүгд адилхан ийм хүмүүсийг ялгаварлаж нэгд нь одон тэмдэг өгөөд нөгөөд нь өгдөггүй чинь бас л хүнийг ялгаварлах дуртай монгол зан шүү дээ. Тиймээс бүгдэд нь тэгш хандаж, хүсээд буй хүмүүст тэр шагналыг өгчихөөд, дараа нь цоо шинэ, жинхэнэ үнэ цэнэтэй шагналын тогтолцоотой болбол таарна.

Дашрамд хэлэхэд, 1990 оноос өмнө “социалист хөдөлмөрийн баатар” гэдэг байсан бол одоо “капиталист хөдөлмөрийн баатар”-ууд төрдөг болсон, уг нь капитализмын үед бизнесменүүдийн хувьд “ашиг” гэсэн ганц том шагнал баймаар. Эсвэл хувьдаа ашиг их оллоо гэж хөдөлмөрийн баатар болгож байгаа юм уу? Абсурд зүйл гэдэг чинь л энэ байх. Социалист сэтгэлгээний инерци капитализмын үед илрэхээрээ ийм утгагүй зүйл болж байгаа юм даа.

Худал хоосон цол тэмдэг, нэр төр, гуншин олоод авчихсан, түүгээрээ амьдарч, гялгар төмрөөр сэтгэлээ зогоон, таашаал авч байдаг хөгийн хүмүүс хэрэг дээрээ эд материал болон сэтгэл санааны хувьд “бадар барьсан” гуйлгачид байдаг. Ил, далд оршсоор буй энэ хөгшин, залуу “брежневийн синдромтонгууд” капиталист аж төрөх ёсонд орох цаг болсон доо, уг нь.

Үзэл бодол, үг хэл, үйл хэрэг гурвын зөрөө. Бидний үг хэл, үзэл бодол, үйл хэрэг гурав ёстой янзтай зөрнө дөө. Аман дээрээ том том яривч, амьдрал дээр яг эсрэгээрээ оршино.

Нэгийг бодоод нөгөөг ярина, тэгснээ бүр өөрөөр үйлдэнэ. Энэ гурвын аль нь чухал вэ гэвэл бараг л мэдэхгүй болов уу. Нэг нь “үг хэл” гэж байхад арай сөгөөтэй нь “үзэл бодол” гэнэ. Үнэн хэрэгтээ “үйл хэрэг” шүү дээ. Хүн юу ч бодож болно. Жишээ нь, өөрийнхөө тухайд “би уг нь Э-г бодвол хамаагүй шударга даа”, “Хэзээ ч арын хаалга хэрэглэхгүй”, “Буруу юм хийсэн хэнийг ч, ямар ч том даргыг нүүрэн дээр нь хэлж л орхино”, “Ямар ч тохиолдолд мөнгөнд захирагдахгүй дээ” гэх мэтээр. Ямар ч сайхан зүйл ярьж болно: өөрийнхөө тухай дээрх бодлоо 100%-ийн хачир, амт оруулан ярьчихна, тэр тусмаа улс төрчид сонгуулийн компанийн үед. Гэтэл амьдрал дээр (үйл хэргээрээ) тийм байж чаддаггүй. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө тухайд юу ч гэж бодож, юу ч гэж ярьсан итгэх хэрэггүй, гагцхүү үйл хэрэгт нь итгэх хэрэгтэй.

Б.БАТЧУЛУУН

Жич: Үргэлжлэл маргаашийн дугаарт.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж