Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн оролцож, лекц уншсан юм.
Эрдэм шинжилгээний хурлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, илтгэгчдэдээ талархал илэрхийлж, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
Хүндэт зочид, илтгэгчид, Нобелийн шагналтны хүндэтгэлийн лекцэнд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүд, оюутан залуус Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Тархи судлалын шинжлэх ухааныг дэлхий дахинд 40 гаруй жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсний үр дүнд хиймэл оюун ухаанд суурилсан технологи, биотехнологи, генийн инженерчлэл, үүдэл эсийн эмчилгээ, сансарын биологи зэрэг салбаруудад үсрэнгүй дэвшил гарч, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэгддэг болсон байна.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжилтнүүд, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, судалгаанд суурилсан төрийн бодлого боловсруулах, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аливаа хүчин зүйлийг бүртгэж судлах, аж үйлдвэржилтийг түргэсгэхэд XXI зууны тэргүүлэх шинжлэх ухааны нэг гэж тооцогдож буй тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинэ технологийг эх орондоо нутагшуулах шаардлагатай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Тархи судлал – XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекцэнд Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти XXI зуунд тархи судлалын шинжлэх ухаан хэрхэн тэргүүлэх үүрэгтэй шинжлэх ухаан болон хөгжиж буй талаар ярьсан бол, Нобелийн шагналт эрдэмтэн Эдвард Мозер орон зай болон цаг хугацааг мэдрэх чадвар тархины хаана, хэрхэн ажилладаг талаарх өөрийн шинжлэх ухааны нээлт, энэ нь цаашдаа алцхаймерын буюу ой санамжаа алдах өвчний эмчилгээг олоход ямар чухал үүрэгтэй болох тухай, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма молекул болон эсийн түвшинд хүний зан араншин хэрхэн илэрдгийг судалсан судалгааны тухай сонирхолтой илтгэлүүдээрээ шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтыг бидэнд танилцууллаа.
Түүнчлэн Япон Улсын судлаачид оюун ухааны хөгжил, бие, сэтгэлийн холбоо, хүн болон амьтны тархины хөгжлийн ялгааны талаар, манай улсын эрдэмтэн судлаач, оюун ухааны салбарын төлөөллүүд Монгол Улсын оюуны спортын тамирчдын дэлхийд гаргаж буй амжилт, өөрийн оронд тархи судлалын шинжлэх ухаан, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх боломжийн талаар танилцуулсан.
Ой тогтоолтын спортоор монгол хүүхдүүдийн гаргаж байгаа амжилтын нэгээхэн жишээ л гэхэд тархи судлал, оюун ухааны чиглэлээр бидэнд ямар их боломж бололцоо байгааг харуулахын зэрэгцээ монгол хүний оюун тархины чадамж, бүтээмжийн нууцыг тодорхойлох, хариулт олох, улмаар өөрсдийн нөөц боломжид үндэслэн шинжлэх ухааны энэхүү чиглэлийг хөгжүүлэх шаардлагатайг хэлж байна.
Монгол хүний эрүүл, үр бүтээлтэй, аз жаргалтай, урт удаан амьдрах орчныг бүрдүүлсэн, өндөр хөгжилтэй, хүчирхэг нийгэм байгуулахад тархи судлалын шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг их юм.
Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, илтгэгчдэдээ гүн талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлын эхнийх болох “Тархи судлал – XXI зуун” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын Хүндэтгэлийн лекц үүгээр амжилттай болж өндөрлөлөө.
Дараа жил дахин нэг Нобелийн шагналтны лекцээр учран золгохдоо таатай байна.
Та бүхэнд баярлалаа” гэлээ.
Эх сурвалж: www.president.mn