Хиймэл эрхтнийг тархитай холбож чаджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Хиймэл эрхтнийг тархитай холбож чаджээ

Хиймэл эрхтнийг тархитай холбож чаджээ

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор жил бүр Нобелийн шагналтнуудыг урьж чуулган зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу анхдугаар чуулган есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Тархи судлал-XXI зуун” сэдвээр зохион байгуулагдав. Тус чуулганд ерөнхий илтгэгчээр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер болон Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма нар оролцов. Мөн тархи судлалын чиглэлээр мэргэшсэн, энэ салбарыг сонирхдог Монгол эрдэмтдээс гадна Норвеги, Швейцар, Испани, Япон, Солонгос, Тайван, Малайз, ОХУ, БНХАУ-аас эрдэмтэд хүрэлцэн иржээ.

“Тархи судлал-XXI зуун” чуулганы хоёр дахь өдрийн арга хэмжээ өнөөдөр /2018.09.24/ Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ өдөр Нобелийн шагналт тархи судлаач Эдвард Мозер Хүний оюун ухаан ба шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд сэдвээр, “Нейросайнс” шинжлэх ухааны сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма Хүний оюун ухаан ба хүний тархины хувьсал сэдвээр, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти Тархи судлал-XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан сэдвээр лекц уншив.

Нобелийн шагналт тархи судлаач Эдвард Мозер:

-Би өнгөрсөн 30 жилийг тархи судлалд зарцуулж байна. Тэр дундаа тухайн хүн хэрхэн чиглэлээ тогтоож, орон зайн баримжаа авдаг, яаж ой тогтоолтоо удирддаг талаар судалсан. Бид энэ судалгаагаар дамжуулж эмчилгээгүй гэгдээд байгаа мэдрэлийн гаралтай өвчлөл, алцаймер өвчлөлийг эмчлэх арга замыг судалж байна. Магадгүй тав, арван жилийн дараа эмчлэх арга замууд нь нээгдэх байх.

Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти:

-Орчин үед техник технологи хөгжиж байна. Энэ ололтыг тархи, мэдрэлийн салбарт хэрхэн ашиглаж болох вэ?

-Хүн компьютер хоёр хоорондоо маш олон зүйлээр уялдаа холбоотой болж байна. Жишээ нь   компьютерийг хүний тархитай холбоод, тухайн хүний тархинд болж байгаа үйл явц, бодлыг тодорхой хэмжээгээр ойлгож унших боломж нээгдэж байгаа. Үүнээс гадна тухайн хүний хиймэл эрхтнийг оюун ухаантай нь холбосноор өөрийнхөө оюун ухаанаар хиймэл эрхтнээ удирдах зэрэг шинжлэх ухааны ололт тархи судлалын салбарт нэвтэрсээр байна. Энэ нээлт нь мэдээж бүрэн саатсан эсвэл гар хөлөө тайруулсан хүмүүст хамаарна.

-Тэгвэл хүнийг орлох компьютерүүд хэр хэрэг үр ашигтай ажиллаж чадах вэ?

-Хүн багахан энергиэр хийж чадах зүйлийг компьютер маш их энерги зарцуулж хийдэг. Тэгэхээр энергийн үр ашиг талаас нь харах хэрэгтэй.

-Тархи, мэдрэлийн маш сайн бэлдмэл хомс байдаг юм шиг санагддаг. Харин та үүнтэй санал нийлэх үү?

Мөн томоохон эмийн компаниуд өнгөрсөн 20 жилийн турш тархи, мэдрэлийн эм бэлдмэлийг сайжруулахын тулд асар их хөрөнгө оруулсан. Гэвч тархи судлал өөрөө маш хэцүү салбар учраас олон тооны шинэ бүтээгдэхүүн гаргаж авч чадаагүй.

 Таргалалт тархитай холбоотой гэвэл та итгэх үү?

Төрийн ордонд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд тархи, мэдрэлийн маш олон эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн байлаа. Эдгээр эрдэмтдийн дундаас таргалалтын асуудлыг, тархитай холбон судалдаг АШИУС-ийн харьяа ахлах сургуулийн захирал, доктор Г.Дарамбазараас товчхон тодруулга авсан юм.

-Таргалалт тархитай холбоотой гэхээр их сонирхолтой санагдаж байна. Яаж, хэрхэн холбогдож байгаа талаар тайлбарлаж өгөхгүй юу?   

Тархи судлал дотор маш олон салбар багтдаг. Сэтгэц, мэдрэл, дүрс оношилгоо, тархинаас удирдлагатай хүний биеийн бүх асуудал багтана. Жишээ нь бизнесмен хүний шийдвэрийг судлахын тулд эрдэмтэд тархийг нь судална. Хоёрдугаарт, маркетингийг яаж хийвэл хүнд хүрэх вэ гэдэг асуудал ч тархи судлалд хамаарна. Харин би хүний хоолны дуршил хэрхэн зохицуулагддаг вэ гэсэн сэдвийг судалдаг. Хоолны дуршлаас үүдэж таргалалт бий болдог. Дэлхий дээр хавдар, таргалалт хоёр хамгийн их байна. Таргалалт дангаараа амь насанд хүрэхгүй ч маш олон өвчний хоёр дахь шалтгаан болдог. Таргалалтын гол шалтгааныг тархинаас хайх ёстой. Хүн зарцуулж байгаагаа энергиэсээ илүү их калори авахаар таргалдаг. Үүнийг яагаад ухамсартайгаар зохицуулж чадахгүй байна вэ гэхээр бид нарын олон зуун жил бүрэлдэж тогтсон тархин дотор энерги байх ёстой, тэр нь удаан хугацаанд хадгалагдах ёстой. Энерги аль болох их байх тусам сайн байх ёстой гэсэн мэдрэмж хүн бүрт байдаг. Өөрөөр хэлбэл, хүн энерги хуримтлуулах тал дээр маш сайн тогтолцоотой. Харин энергийг зарцуулах тал дээр хангалтгүй байна. Хүн өдөрт гурван удаа хооллодог болоод 200 орчим жил болж байна. Гэтэл хүний хөгжил маш урт хугацаанд үргэлжилсэн. Өнгөрсөн хугацаанд хүний тархи яаж их энерги олж авах вэ гэдэг тал руугаа хөгжсөнөөс биш, илүүдэл энергиэ хэрхэн зарцуулах вэ гэдэг талаасаа хөгжиж амжаагүй байна.

-Тэгвэл илүүдэд энергиэ яаж зарцуулах вэ?

-Илүүдэл энергийг гурав дөрвөн аргаар зарцуулж байна. Жишээ нь хоолны дэглэм барьж калорио хасах, фитнессээр хичээллэх гэх мэт. Гэхдээ дэглэм бариад дасгал хийсэн хүний 95 хувь нь хоёр жилийн дараа эргээд таргалсан байдаг. Тэгэхээр бид таргалалттай тэмцэхийн тулд амьдралын хэв маяг, хоолны сонголтоо тэр чигээр нь өөрчлөх ёстой.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж