Байр суурь: Зээлийн хүүг бууруулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Байр суурь: Зээлийн хүүг бууруулах боломжтой

Байр суурь: Зээлийн хүүг бууруулах боломжтой

Долоодугаар сарын байдлаар иргэдэд олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 18.1 хувь, компаниудад олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 17.4 хувь байгааг Төв банк мэдээллээ. Энэ нь оны эхнээс иргэдэд олгосон зээлийн хүү 2.2 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Тайлант сард  хэрэглээний зээл өмнөх оны мөн үеэс 24.8 хувиар өсөж, 7.6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Харин бизнесийн зээлийн өсөлт 15.7 хувь байгаа нь сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг Төв банк мэдээлсэн.

Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хэрэглээний зээлийг хумих макро зохистой бодлогын арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Төв банкнаас зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж  буй.

Өнөөдөр Зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчин, олон улсын туршлага хэлэлцүүлгийг Монголбанкны дэргэдэх  “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-гээс зохион байгууллаа.

Зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар дараах хүмүүсийн байр суурийг авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Зээлийн хүүг бууруулах асуудал нь төрийн бодлогын чухал асуудлын нэг. Ялангуяа хэрэглэгчдийн зүгээс байнгын хүлээлттэй байдаг асуудал. Зээлийн хүү гэдэг бол манай эдийн засгийн төлөв ямар байна вэ гэдгийн тусгал юм. Хүнээр бол халууны шил дээрх заалт. Эдийн засаг тогтворгүй сул байх хэрээр зээлийн хүү өндөр байдаг. Зээлийн хүүг бууруулна гэхээр  захиргааны арга хэмжээ авч хадгаламжийн хүүг буулгах, эсвэл банкуудын үйл ажиллагааны зардлыг бууруулъя гэх мэт шалтгаануудыг хэлдэг. Эдгээр шалтгаан нь бодит шалгаан мөн үү гэвэл мөн.Гэхдээ энэ нь зээлийн хүүг дорвитой буулгах суурь шалтгаанууд нь болж чадахгүй. Өнөөдөр зээлийн дундаж хүү 18 хувьтай байна. Гэтэл инфляцын түвшин 8-9 хувьтай байна. Инфляцын түвшнийг арилжааны банкууд эсвэл хэрэглэгчид бий болгоогүй. Энэ бол цэвэр  макро бодлого, төсвийн бодлогын тусгал нь. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон санхүүгийн дүр төрх. Гэхдээ зээлийн хүү огт буурахгүй байгаа зүйл байхгүй. Тодорхой хувиар  буурч байгаа. Цаашдаа ч гэсэн аажим аажмаар буурах төлөвтэй байна. Зээлийн хүүг бууруулах гол хүчин зүйл нь макро тэнцвэр юм.

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл:

Бүх зүйлд эдийн засгийн суурь үзүүлэлт нь  муу байна гээд түрүү барьж болохгүй. Энэ нь өөрөө олон талтай процесс. Зээлийн хүүг бууруулах боломж байна. Энэ бол зөвхөн мөнгөний бодлогын асуудал биш, макро эдийн засгийн  асуудал түүний дотор төсвийн бодлогын асуудал. Мөн микро түвшинд  буюу арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагуудын санаачилгын асуудал. Төр нь санхүүгийн эрхзүйн орчныг сайжруулах, олон улсын туршлага энэ бүхэнд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, макро эдийн засгийн эрхзүйн орчин цаашид бүрдэнэ гэж харж байна. УИХ-аар Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль батлагдлаа гэхэд зээлийн харилцаанд орж байгаа иргэд,өрх, аж нэгж байгууллагуудын эрх  үүрэг тодорхой болж энэ хэрээр зээлийн харилцаа тэгш шударга, ил тод байх эрхзүйн орчин нь бүрдэнэ.   Нам дор инфляц буюу найман хувийн инфляцын түвшнийг  барьж үнийн  тогтвортой байдлаа хангаж  энэ бүхэн нь төсвийн бодлоготойгоо уялдаж явбал, макро эдийн засгийн суурь нөхцөл бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Зээлийн хүү гэдэг эдийн засагтайгаа шууд уялддаг. Эдийн засаг сайжрах хэрээр зээлийн хүү дагаж буурна. Эдийн засгийг сайжруулахад мөнгөний бодлого чухал. Өөрөөр хэлбэл, төсвийн бодлого, мөнгөний бодлого нэг чиглэлд бие биеэ дэмжсэн бодлого явагдах ёстой. Зөвхөн мөнгөний бодлогоор зээлийн хүүг бууруулах боломж байхгүй. Яагаад гэвэл макро эдийн засгийн тогтвортой орчныг бий болгож байж зээлийн хүүг бууруулна. Зээлийн хүүг бууруулахад макро эдийн засгийн тогтвортой  орчныг бүрдүүлэх гэдэг нь төрийн тогтолцоо маань зөв байх ёстой. Өнөөдрийн тогтолцоо нь эдийн засагтайгаа нийцэхгүй байгаа.  Бүгдийг хувийн хэвшилд даатгаад төр өнөөдөр татвар авснаар улс эх орон хөгжинө гэж байхгүй. Харин  төрийн зохицуулалттай, төр, хувийн өмчтэй хосолсон  загвар  манайд хэрэгтэй.

Худалдаа үйлдвэрийн Их сургуулийн багш П.Баянсан:

Зээлийн хүүг захиргаадалтын аргаар зохицуулах нь богино хугацааны үр дүнтэй. Урт хугацаанд зохимжгүй гэдэг нь олон улсын судалгаанаас харагддаг. Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох уу, эсвэл хадгаламжийн хүүд зээлийн хүү тогтоох уу гэдгээ бид эргэж харах хэрэгтэй. Зээлийн хүү нь хадгаламжийн хүүгээс хамаардаг.  Монголд өнөөдөр  хадгаламжийн хүү өндөр байгаа учраас зээлийн хүү өндөр байгаа юм. Тиймээс хадгаламжийн хүүг бууруулах асуудлыг эхний зорилго болгох хэрэгтэй. Хадгаламжийн хүү бууруулахад суурь хүү болон инфляцын түвшнээс  хамаардаг. Манай улсад сүүлийн гурван жил инфляц бага түвшинд оччихоод байгаа болохоос биш өмнө нь хоёр оронтой тоонд байсан. Инфляцыг урт хугацаанд нам дор түвшинд тогтвортой барьж,  улсын үнэт цаасны суурь хүүг бага доод түвшинд барьж чадаж байгаа нөхцөлд  хадгаламжийн хүүд хязгаар тогтоож болно.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж