Х.Баттулга Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод илгээлт хүргүүлэв | News.MN

Х.Баттулга Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод илгээлт хүргүүлэв

Х.Баттулга Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод илгээлт хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааныг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн, удирдлагууд Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ.

Эрдэмтэн судлаачид өнөөдөр Төрийн ордны Их танхимд XXI зууны тархи судлалын салбарт гарч буй ололт, амжилт, тархи судлалын хөгжлийн чиг хандлагын асуудлаар Эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, хүндэтгэлийн илтгэл тавьсан юм.

Илтгэлийг үзэх бол ЭНД дарна уу.

Дээрх олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм.

Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа уншиж, танилцууллаа. Илгээлтэд:

“Хүндэт зочид оо,
Эрхэмсэг хатагтай ноёд оо,
Нобелийн шагналтны хүндэтгэлийн лекцэнд морилон саатсан Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн өсөлтийн эх сурвалж нь эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилч хөдөлмөрч монгол хүн билээ. Монгол хүний мэдлэг, ур чадварыг дэлхийн түвшинд хүргэхийг төрийн бодлогоор дэмжих учиртай.

Улс орны хөгжлийн түүчээ, үнэт тулгуур бол эрдэмтэн судлаач, мэдлэг бүтээгчид мөн. Монголчууд хүчирхэг байх үедээ эрдэмтэн мэргэдээ сонсдог байж, эрдэмтэн мэргэдээ сонссон үедээ хүчирхэг байжээ гэдгийг түүхчид хэлдэг юм.

Манай улс тогтвортой хөгжлийг эрхэмлэж, хэрэглэгч орноос бүтээгч орон болохыг эрхэм зорилгоо болгож байна.

Иймд эрдэмтэн судлаачдын бүтээсэн мэдлэгийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрвүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо хязгаарлашгүй их билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааныг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хүн төрөлхтний уураг тархины нууцыг танин мэдэх оролдлого нь соёл иргэншил, хүний тархины суурь ойлголтыг тайлбарлахын сацуу ирээдүйн шинжлэх ухаан болох сансар судлал, хиймэл оюун ухаан, анагаах ухааны шийдвэрлэгдээгүй асуудлуудын оньсыг тайлж, хариултыг олох асар өргөн хүрээний ач холбогдолтой. Шинжлэх ухааны олон салбаруудаас XXI зууны тэргүүлэх салбар болон хөгжиж буй “Тархи судлал” буюу Нейросайнсын шинжлэх ухаан нь биологи, математик, философи зэрэг олон салбар дундын уулзвараас урган гарчээ.

Энэ жил “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекцэнд оролцохоор Норвеги улсын нэрт эрдэмтэн, Анагаах ухаан-Физиологийн салбарын 2014 оны Нобелийн шагналтан, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, тэргүүн дэд ерөнхийлөгч Стефани Рошфуко, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма зэрэг шилдэг тархи судлаач эрдэмтэн, хүндэт зочид айлчилж байгаад гүн талархал илэрхийлье. Та бүхэн их түүхийн өлгий, эх газрын цээжинд орших дэлгэр Монгол оронд минь тухлан саатаж, манай улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулахаар дахин дахин ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай улс дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулах, шинжлэх ухааны мэдлэгийг эх орондоо бүтээхэд залуу эрдэмтэн судлаач Та бүгдийн оролцоо их юм. Хурлын хүндэтгэлийн лекцэнд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд маань нэрт эрдэмтдийн илтгэлээс мэдлэг оюун, эрдэм шинжилгээний цар хүрээгээ тэлж, ихийг бүтээх сэдэл, эрч хүчийг авах болов уу. Бид дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж нээлттэй бөгөөд тархи судлалын шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлэн төлөвшүүлж чадах эсэхийг гагцхүү эрдэмтэн судлаач Та бүгдийн хичээл зүтгэл тодорхойлно.

Иймд шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг болон хөгжиж буй тархи судлалын салбарын нууцыг тайлах урт үйлсэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс их амжилтыг хүсэж, Та бүхэнд томоохон найдлага хүлээлгэж байна.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

Эх сурвалж: www.president.mn

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-09-24 202.70.34.70

ккккк, энэ талаар даанц А-гүй хүн дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж