Алдарт К.Агбеньену 3 дахь, С.Моллаей анхны алтан медалиа зүүлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Алдарт К.Агбеньену 3 дахь, С.Моллаей анхны алтан медалиа зүүлээ

Алдарт К.Агбеньену 3 дахь, С.Моллаей анхны алтан медалиа зүүлээ

Азербайжан улсын нийслэл, Каспийн тэнгисийн эрэгт орших Баку хотын “National Gymnastics Arena” ордонд жүдо бөхийн тэмцээн явагдаж байна. Өчигдөр тэмцээний 4 дэх өдөр эмэгтэй 63 кг, эрэгтэй 81 кг-н жингийн медалийн эзэд тодорсон.

Эмэгтэй 63 кг-н жинд энэ оны Азийн наадмын аварга, өнгөрсөн оны ААШТ-ний алтан медальт Японы Н.Набекур, Израилын Я.Жерби нараас бусад бүхий л шилдгүүд хүрэлцэн ирсэн. Жүдо бөх сонирхогчид эмэгтэй 63 кг-н жинд Францын К.Агбеньену, Словений Т.Трстеняк, А.Лески болон Японы М.Таширо нарын өрсөлдөөнийг үзэхийг хүсэж байсан нь дамжиггүй. Үнэхээр ч энэ жинд медалийг жингийн шилдгүүд хүртлээ.

Аваргын алтан медалийг Францын шилдэг жүдочин К.Агбеньену хүртэж дэлхийн аваргаас 3 дахь алт, нийт 5 дахь медалиа зүүсэн. К.Агбеньену хэсгийн аваргын төлөө Австралийн жүдочинг буулгаж авсан бол хагас шигшээд Германы М.Трайдосыг хожоод аваргын төлөө Японы М.Таширотой шалгарсан. Тэд өмнө нь 8 удаа таарч барилдахад Франц бүсгүй ялж байсан бөгөөд М.Таширо өнгөрсөн оны Санкт-Петербургт болсон Мастерс тэмцээний хагас шигшээд ганц удаа ялж байсан. Францын К.Агбеньену Бакугийн дэвжээнд дахин М.Таширог буулгаж авснаар хоорондын харьцааг 8-1 болгож дэлхийн аваргын 3 дахь алтан медалиа хүртсэн. Тэгвэл М.Таширогийн хувьд 2014, 2015 оны хүрэл медалиа мөнгө болголоо. Японы М.Таширо хагас шигшээд Словений шилдэг жүдочин Т.Трстенякыг хожсон. Хоёр тамирчин 5 удаа таарч барилдахад Япон жүдочин М.Таширо бүгдэд нь хожиж байна.

  • Алт: Франц К.Агбеньену
  • Мөнгө: Япон М.Таширо
  • Хүрэл: Словени Т.Трстеняк, Герман М.Трайдос

Энэ жинд манай улсаас Б.Ганхайч 2-р шатанд К.Агбеньенуд, дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Б.Мөнгөнчимэг мөн 2-р шатанд Нидерландын Ж.Франссен нарт хожигдож үзэгчдийн суудал руу шилжсэн.

Эрэгтэй 81 кг-н жинд дэлхийн чансааг тэргүүлэгч Ираны Саеид Моллаей түрүүлж дэлхийн аваргын 2 дахь медаль, анхны алтан медалиа зүүлээ. Өнгөрсөн жил хагас шигшээд Италийн М.Маткончинид ялагдаж байсан бол энэ жил Туркийн В.Альбарякыг хожоод шигшээ барилдаанд Японы 20 настай залуу тамирчин Сотаро Фуживараг ялж аварга болсон. Иран улсаас хамгийн сүүлд 2003 онд А.Миресмаейли жүдо бөхийн төрөлд дэлхийн аварга цолыг хүртэж байснаас хойш 15 жилийн дараа С.Моллаей аваргын алтан медаль хүртэж байна. Хүрэл медалийг өнгөрсөн оны дэлхийн аварга Германы А.Верчезак болон энэ удаагийн дэлхийн аваргын нээлт болсон Туркийн В.Альбаярак нар хүртжээ.

  • Алт: Иран С.Моллаей
  • Мөнгө: Япон С.Фүживара
  • Хүрэл: Турк В.Альбаярак, Герман А.Верчезак

Харин энэ жинд медаль, тэр дундаа аваргын алтан медалийн төлөө яригдаж байсан Риогийн олимпийн алт, 2017 оны дэлхийн аварга Оросын Х.Халмурзаев хэсгийн аваргын төлөө Германы Д.Рессельд хожигдсон бол дагах барилдаанд Польшийн бөхөд ялагдснаар медальгүй үлдсэн. Мөн энэ жинд медалийн таамагт зүй ёсоор яригдаж байсан О.Ууганбаатар эхний өрсөлдөгчдөө ялагдсан бол Нидерландын Франк де Вит мөн эхний өрсөлдөгчөө аргалж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж