Гарьд Н.Ганбаатарын захидал МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдахад хүргэв үү?

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Гарьд Н.Ганбаатарын захидал МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдахад хүргэв үү?

Гарьд Н.Ганбаатарын захидал МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдахад хүргэв үү?

Допингтой холбоотой ээлжит дуулиан энэ удаад үндэсний бөхчүүдтэй холбоотойгоор үргэлжилж байна. Энэ сарын эхээр “дахин дөрвөн тамирчин…” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдаж, бичсэн эзэн нь дорхноо мэдээллээ устгасан ч хэдийнэ газар авсан байв. Харамсалтай мэдээг хөвөрдөж спортын холбоод, тамирчид дасгалжуулагчидтай холбогдсон ч үндэсний бөхчүүд байсан гэх мэдээллээр “эрэл өндөрлөсөн”. Гэтэл өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын гарьд Н.Ганбаатарын шинжилгээнээс хориотой бодис илэрсэн гэсэн мэдээлэл мэдээллийн сайт болон сошиал хуудсуудаар тархав.

Мөн энэ өдөр Монгол Улсын гарьд Н.Ганбаатар фэйсбүүк хуудаснаа нэгэн захидлыг нийтлүүлсэн байлаа. Захидлын эзэн нь өөрөө мөн  эсэхэд эргэлзэж түүний аав Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж гуайгаас лавлахад “Үнэн” гэсэн хатуу бөгөөд товчхон хариултыг өгсөн юм. Тэгэхээр өнөө жилийн улсын баяр наадам эхлэхээс зургаан сарын өмнө бэртсэн өвдгөндөө хятад эм тариа хийлгэснээс болж ийм асуудал гарсан болохоос  цол ахиулахын төлөө хууль бус арга хэрэглэх ямар ч шаардлага байхгүй”  гэдгийг гарьд Н.Ганбаатар ил захидлаараа тайлбарлаж фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн нь энэ аж. Ингээд уг захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

“Н.Ганбаатар миний бие 2018 оны Улсын баяр наадмыг оролцуулан 9 дэх удаагаа 5-аас дээш даван шөвгөрч 9-н удаа WADA-ийн шинжилгээнд хамрагдаад байна. Би зүүн өвдгөө 2008, 2009 онуудад дараалуулан хүнд бэртээснээр өвдөгний чагтан холбоос сэмэрч, өвдөгний жийргэвч мөгөөрс урагдсан юм. Тухайн үеэс СТО дээр байх Спортын Анагаахын Төв дээр физик эмчилгээ хийлгэж тогтоосон бөгөөд бүрэн эдгэрээгүй тул түүнээс хойш амжилт буурч өвдгөө хөндөлгүй аргадаж барилдаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын барилдааны 5-ын даваанд Улсын начин Амарзаяаг амлаж барилдаад унасан. Тухайн барилдаанд у/н Амарзаяа миний зүүн хөл дээр мордсоноос гэмтэл сэдэрч өвдөгний холбоос хүчтэй сэмэрч миниск дахин урагдсан. Үүний улмаас би 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны Улсын баяр наадам хүртэл явагдсан бүх барилдаан, үүний дотор Ерөнхийлөгчийн цомын барилдаан, Цагаан сарын барилдаан зэрэг нэр хүндтэй барилдаануудад барилдаж чадаагүй.

Энэ бэртэлтэй байх хугацаанд ГСҮТ, Монгол Hyundai зэрэг Монголын гэмтлийн  эмнэлгүүд, Сингапурын Raffles, Солонгосын гурван эмнэлэг рүү MRI зургаа явуулахад бүгд хагалгаа хийлгэх зөвлөмж өгсөн юм. Улмаар 2018 оны нэгдүгээр сард Бээжингийн гэмтлийн төв эмнэлэгт очиж үзүүлж хагалгаа хийлгэлгүйгээр эмчлүүлэх хүсэлт тавьснаар тэд 4 хоног хэвтүүлэн өвдөг орчимд олон янзын хятад бичигтэй тариа хийж эмчилсэн. Тэгээд өвдөгний өвдөлт намжсан. Надад өөр эм тариа хэрэглэсэн тохиолдол огт байхгүй бөгөөд наадам болохоос олон сарын өмнө эмчилгээ хийлгэсэн тул шинжилгээнээс хориотой эмийн илэрц гарч болох тухай огт санаанд ороогүй. Гэтэл миний шинжилгээнд хориотой эмийн бодис илэрсэн байна. Надаас илэрсэн гэж байгаа бодисыг булчингийн урагдал, зөөлөн эдийн тасралтыг нөхөх зориулалттайгаар эмнэлгийн практикт хэрэглэдэг юм байна /интернэтээс үзлээ/. Нөгөө талаас энэ бодисыг үе мөчний холбоос чангалах зорилгоор тамирчинд хэрэглэдэг практик байдаг учраас хориотой бодисын жагсаалтад оруулсан юм байна.

Миний тухайд өөрөө бие том, жин ихтэй болохоор анх барилдаж эхэлснээсээ хойш жингээ хасаж, жингээ барих шаардлагатай байсан болохоор биеийн жин, булчингийн масс нэмдэг энэ төрлийн бодисуудыг хэрэглэх ямар ч хэрэгцээ байгаагүй. Нөгөө талаас миний бие Монгол бөхийн дэвжээн дээр үнэнч шударга байхыг ёс суртахууныхаа эрхэм зорилго болгож ирсэн болохоор мөнгө төгрөгөөр даваа наймаалцах, хориотой эмийн бодис хэрэглэх зэргээс хөндий явж ирсэн билээ.

Одоо би 36 настай. Өндөр амжилтын төлөө барилдахааргүй ахмад тамирчны тоонд орж байна. Би топ амжилтаа 10 жилийн өмнө буюу бэртэл авахаас өмнө гаргаж, өнөөгийн цолоо авсан билээ. Одоо надад цол ахиулахын төлөө хууль бус арга хэрэглэх ямар ч шаардлага байхгүй. Нөгөө талаас би өөрийн бие чадлаар 5 давж шөвгөрөх эрчимтэй байгааг бөх сонирхогчид мэдэж байгаа гэж бодож байна.

Надад урам зориг өгч дэмжиж байдаг бөх сонирхогчдодоо болон Монгол бөхөө дээдлэгч нийт ард түмэндээ баярлан талархаж явдгаа илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол Улсын Гарьд Н.Ганбаатар” гэжээ.

Хэдийгээр уг мэдээлэлтэй холбогдуулан “Дээрх шалтгааны улмаас 2018 оны улсын баяр наадмаар тавын даваанд өвдөг шороодсон аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүд нөхөн цол олгох талаар” яриа гарч буй ч албан ёсны мэдээллийг огт өгөөгүй байгаа юм. Мөн “Төрийн баяр наадамтай холбоотой асуудал Төрийн бус байгууллагад хамааралгүй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороо допингийн шинжилгээний дүнг үндэслэн цол олгох,хураах эрх бүхий албан тушаалтанд өргөн мэдүүлдэг хуультай юм” гэсэн тайлбар өгч байна. Журмын дагуу 2018 оны Улсын баяр наадмын дараа таваас дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад нийт 32 бөх хамрагдсанаас  Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Монгол Улсын харцага А.Цацавшир нараас допинг илэрч, нэр бүхий бөхчүүд "А" сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас " В" сорьцын шинжилгээнд хамруулахаар болсон гэсэн мэдээлэл өгөөд байсан юм.

Харин маргааш МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүд сэргээштэй холбоотой асуудал болон МҮБХ-нд үүссэн нөхцөл байдлын талаар хуралдахаар болжээ. Хэлэлцэх асуудлыг тодорхой мэдээлээгүй ч цаг үеийн шаардлагаар дээрх асуудал байхыг үгүйсгэхгүй байна. Дашрамд сануулахад энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд Монголын Үндэсний Бөхийн Холбооны наймдугаар ИХ ЭЕ-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн Анхдугаар хуралдаанаар МҮБХ-ны ТЭРГҮҮЛЭГЧ гишүүдээр

  1. Д.Ганхуяг /улсын арслан/
  2. Д.Азжаргал /улсын арслан/
  3. Д.Рагчаа /улсын гарьд/
  4. И.Доржсамбуу /улсын гарьд/
  5. Г.Элбэг /улсын харцага/
  6. Л.Бадарч /улсын харцага/
  7. Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/
  8. Ш.Жаргалсайхан /улсын гарьд/
  9. Б.Цогтбаатар /н.б.дарга, бөх судлаач/
  10. Ц.Мягмарсүрэн /улсын заан/
  11. Ц.Батнасан /бөх тайлбарлагч/
  12. Б.Түмэнбаяр /бөхийн зүтгэлтэн/
  13. Ё.Амарбаясгалан /гарын даа/ нар сонгогдсон билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж