Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд тус улсын засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.
Мянганы сорилтын сангийн усны асуудал хариуцсан Кумар Ранган хэлэхдээ “Улаанбаатар хотын усны хангамж сэтгэл зовоох түвшинд хүрсэн. Оршин суугчид газрын гадарга болоод гүний усны нөөцийг өнөөгийн аргачлалаараа ашигласаар байвал 20 хүрэхгүй жилийн нөөц байна. Ундны болон хэрэглээний усны гол эх үүсвэр Туул голын урсац хэвийн хэмжээнээс хэд дахин багасах төлөвтэй байна. Иймд Мянганы сорилтын корпораци 350 сая америк долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсын нийслэл хотын ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд иж бүрнээр шийдэх төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөөг үзүүлэх болно гэдэгт найдаж байна гэв.
Төслийг 2019-2023 онд гурван үе шаттай хэрэгжүүлнэ. 50 цэгт газрын гүнд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлж, шүүх төхөөрөмж суурилуулна. Ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, саарал усыг дулааны цахилгаан станцад ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая метр/куб саарал ус нэвтрүүлэх боломжтой болно. Усан хангамжийн тухай хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгоно. Гэр хорооллын ундны усны худагт цэвэршүүлэх технологи болон хэрэглээний систем суурилуулж, нөөцийг 70 сая метр кубээр нэмэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа аж.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР