News агентлагийн сэтгүүлч, редактор Ж.Нямсүрэн Вашингтон хотоос мэдээлж байна.
Дээрх үгийг Мянган сорилын корпорацын усны асуудал хариуцсан захирал Кумар Ранган онцолсон юм. Тэрбээр МСК-аас олгож буй 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг яагаад Улаанбаатарын усны нөөцийг нэмэгдүүлэх, хаягдал усыг цэвэршүүлэхэд зарцуулахаар болсон тухайгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй айлчлалын хүрээнд Мянган сорилын корпорацын удирдлагууд бараалхаж, Монголд хоёр дахь удаагаа үзүүлж буй компакт гэрээний ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн билээ.
Улаанбаатар хотын цэвэр усны нөөц хэдхэн жилийн дараа багасаж, ус хамгийн үнэ цэнэтэй зүйл болно гэсэн судалгаагаа АНУ-ын Мянганы сорилын корпорацын мэргэжилтнүүд танилцуулав. “Улаанбаатар хотын иргэд цэвэр усны хомсдолд ороход ойрхон байна. Учир нь газрын гадарга болоод гүний усны нөөцийг яг одоогийн байдлаар ашиглавал маш богино хугацаанд багасна. Түүнчлэн Туул голын урсгал хэвийн хэмжээнээс хэд дахин багасах төлөвтэй байна. Тиймээс Мянганы сорилын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд шийдэх гэж байна. Ингэснээр Улаанбаатар хотын оршин суугчид усны хэрэглээндээ санаа зоволтгүй болно. Түүнчлэн энэ ажлыг хэрэгжүүлснээр Монгол улсын нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлөх олон талын ач холбогдолтой” хэмээн ноён Кумар танилцуулгаа дуусгалаа.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотод 2023 он хүртэл үндсэн гурван үе шаттай ажил хийх юм. Туул голын доод хэсэгт газрын гүнд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлж, шүүх төхөөрөмж суурилуулна. Хоёрдугаарт, ус цэвэршүүлэх үйлдвэрүүд барьж саарал усыг дулааны цахилгаан станцуудад ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр 3,4-р дулааны цахилгаан станцын жилд хэрэглэж байгаа 15 сая метр куб цэвэр усыг саарал усаар орлуулах аж. Түүнчлэн устай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна. Гэр хорооллын бүх худагт цэвэршүүлэх технологи болон хэрэглээний систем суурилуулснаар нийслэлийн усны нөөц 70 сая метр кубээр нэмэгдэх юм байна.
Төсөл Монгол Улсын хувьд асар их ач холбогдолтой, байгаль орчин, эдийн засгийн бүхий л өгөөжийг хангасан бодит ажил болно гэдэгт МСК-ын удирдлагууд итгэлтэй байна. Хэрэвзээ энэ төсөл хэрэгжээгүй бол тун удахгүй улаанбаатарчууд усны хомсдолд орж, хэрэглээнд нь хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдалтай тулгарах, үгүй бол Туул гол татарч алга болох байсныг Р.Кумар онцлов. МСК-аас яг манайтай адил төстэй төслийг гурван улсад хэрэгжүүлж байгаа гэнэ. Гэхдээ зориулалт нь өөр. Тухайлбал, Иордан улсад хэрэгжүүлж буй компакт төслийн хүрээнд хаягдал усыг хөдөө аж ахуйн салбарт хэрэглэх бол Монголд эрчим хүчний салбарт ашиглах саарал усыг боловсруулна гэдгийг тэрбээр хэллээ.
Төслийн хүрээнд хот баруун тийшээ тэлж, улаанбаатарчууд ундны усны гачаалд орохгүйг уг төсөл дээр ажилласан Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос өгүүлээд буцалтгүй тусламжийн хүрээнд авахаар болсон доллар, цент болгоныг усны салбарт оруулах ёстойг хэллээ.
2023 онд дуусах төсөл нийслэлчүүд болон монголчуудад ямар ашигтайг энгийн, цөөн үгээр тайлбарлая.
- Шинэ гүний усны эх үүсвэр байгуулна. Нийтдээ 50-52 гүний усны худгийг Биокомбинат, Шувуун фабрик орчимд байгуулна.
- Туул голын доод хэсэгт хоёр өөр үйл ажиллагаатай хоёр үйлдвэр баригдана. Нэгдэх нь, гүний худгуудаас гарсан усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулна.
- Хоёр дахь нь шинээр баригдсан төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг гүн боловсруулах үйлдвэр барина.
- Хаягдал усыг боловсруулахдаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи буюу неон болон ультра гэрэл ашиглана.
- Дахин боловсруулсан усаа III, IV цахилгаан станцуудын хоёрдагч зориулалт буюу үнс зайлуулах, цамхаг хөргөх зэрэгт ашиглах зорилготой.
- Улаанбаатарчууд усны зовлонгоос ангижирна.
- Төслийн хүрээнд Улаанбаатарын усан хангамж 80 хувь нэмэгдэнэ.
- Ойрын 100 жилдээ усны хомсдолд орохгүй.