АН-ынхан “ичсээр ичээндээ” орох уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

АН-ынхан “ичсээр ичээндээ” орох уу?

АН-ынхан “ичсээр ичээндээ” орох уу?

“Намынхаа төлөө биш бол улсынхаа төлөө дуугараач” гэж АН-ынхнаас гуймаар, шаардмаар санагдлаа. Гуйхын учир нь тэд хүчин мөхөстөж буйг ойлгож байна. Шаардахын шалтгаан нь УИХ-ын 2016 оны сонгуулиар АН-аас нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн 467 мянган сонгогчийн өмнө хариуцлага хүлээх ёстой биз дээ. 2012-2016 онд АН-ынхныг “эрх баригч байхдаа эв зүйгээ олохгүй байна, сөрөг хүчин байх нь зохидог байж” гэлцдэг байв. Дараа нь “хувь тавилан” тэднийг сөрөг хүчин болголоо. Гэтэл сөрөг хүчин ч байж чадахаа больчихсон байх юм. УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш АН-ынхан ямар томоохон акц явуулав. МАН-ынхан өөлөхийн аргагүй сайн ажиллаад өнөөдрийг хүрэв үү.

Ерөнхийлөгч АТГ-ын даргыг огцруулсангүй гэж УИХ-ын дарга руу албан бичиг “шидлэхийг” сөрөг хүчин ажиллаж байна гэж үзэх болж байна уу. Тэр чинь намаасаа татгалзаж Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ. Байсхийгээд АН-ын дарга С.Эрдэнэ “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчээр хэний ч сэтгэл сэргэж, сэрэл хөдлөхөөргүй үгсийг бувтнах. Арай сүрлэгээр АН-ын бүлгийн дараа Д.Эрдэнэбат бүлгээсээ хоёр гишүүн хөтлөөд, Засгийн газраас хоёр гишүүний нэр сонгоод “огцруулна” гэх. Гэтэл өнөөдөр ард түмний, улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс асуудлыг хурцаар тавьж, хариуцлага тооцуулах шаардлагатай асуудал олон байна.

Наанадаж “өрийн тааз”-аар багалзуурдуулж байснаа мартаагүй бол өрийн менежментээр хариуцлага нэх. Үйлдвэржилтийн бодлого гацаанд орж, барилга, зам, дэд бүтцийг дэмжих зоригтой зорилготой алхам хийхгүй “нүүрсний бодлого, нүүрсний хулгай” л яриад байгааг хүчээ шавхан өөрчлөхийг хүсвэл дэмжих иргэн, ТББ олдоно шүү дээ.

МАН-ынхан өөр хоорондоо хариуцлага тооцно гэж итгээд байгаа юм биш биз. Төрийн бүх эрх мэдлийг атгаж буй МАН-ынхан одоо ирэх сонгуулийг угтаж эвлэрэлдэн нэгдэх замдаа орж явна. “Жүжиг” дууссан. Жүжгийг дуусгадаг юм. Тангараг тасарсан гэж төөрөлдөж явсан “үлгэрийн баатрууд” чинь тэврэлдэж үнсэлцэх нь цаг хугацааны асуудал болсон. Харин АН сөрөг хүчний үүргээ биелүүлэхэд бэлэн үү. Ам.долларын ханшийг харж байгаа гэж найдъя. Эрх барьж байсан үеийн чинь хийж бүтээсэн бүхнийг хэрхэн дэвсэлж нурааж нулимж байгааг хараад л суух уу. Наанадаж 3000 км автозам, 100000 орон сууцыг хороолол хорооллоор нь барьж, 60000 ажлын байр бий болгож, 0.1 хувийн инфляцтай, ам.долларын ханш нь 2000 төгрөгөөс доош, нөөцийн хомсдолоос сэргийлэх агуулахуудтай болгосон тухайгаа ярих гэхээр нам доторх зөрчил нь саад болоод байдаг юм уу гэхчлэн АН-ынхнаас асуух зүйл олон байна.

АН доторх уур амьсгал мэдрэгдсээр байгаа, нам дотроос нь нам төрнө ч гэнэ үү. Энэ бүхэн одоо сонин биш. Шатахууны үнэ, ам.долларын ханш хоног тутамд эрс өсч байгааг зохицуулахын тулд юу хийж байгааг, энэ тэсрэлтийн шалтгаан болох бодлогын алдааг шүүмжлэн хариуцлага тооцуулж Ардчилсан намын үүднээс бус ард түмний төлөө ажиллаасай гэж хүсч байна. Хэрэв 2020 оны сонгуулийг угтаж “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа нэрийдлээр дахиад мөнгө тараавал яах вэ. Цалин нэмснээр инфляц хэдэн хувьд хүрэх вэ гэдгийг эдийн засагч гэлтгүй иргэд нь таамаглаад байхад АН-ынхан чимээгүйхэн ичсээр “ичээндээ орох” нь.

Тэр үед МАН-ынхан дотоод эв нэгдлээ ярьсаар, “Манай намынхан өөр хоорондоо хариуцлага тооцсон шүү дээ” гэсээр “тохиролцооны төр” ажлаа үргэлжлүүлсээр байх болно.

МАН бол  АН-аас өөр. Тэднээс хариуцлага тооцохыг хүсээд ч, огцруулахыг дэмжсэн гарын үсэг цуглуулаад ч юу ч өөрчлөгдөхгүй. Өр нэмэгдсээр, тайлбараа “өр дарснаас болсон” гэж мэлзсээр ирэх хоёр жилийг үдвэл сонгогчид ядаж л АН-ынханд гомдоно. Ажил олгогчдыг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай ярьдаг, 112 км зам барьж, 3000 вагон оруулж ирэхдээ улсаас нэг төгрөг ч аваагүй Б.Дэлгэрсайхан, нэг Соёлын төв барьчихаад тууз хайчилдаг хэрнээ дүүрэг бүрт шахам хотхон хороолол барьчихсан Ж.Ганбаатарыг нарт албан тушаал өгдөггүй тийм л нам.

Эдийн засгийн талаарх дарамттай үзүүлэлт, инфляцийн хүлээлт, таамаглалуудаас илүү сөрөг хүчний “унтаа” байдал олон нийтийг бухимдуулж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж