ТҮЛХҮҮР ҮГС: Социализм, либериализм, популизм, хоосон улс төржилт, оюун санааны түгжрэл, прагматизм
"Монгол прагматизм" гэдгийг би монголчуудын уян хатан, орчиндоо хурдан дасан зохицох чадвартай холч ухаан гэж ойлгож байна. Гэтэл бидний энэ чадвар, холч ухаан төрийн бодлого тодорхойлох түвшинд алдагдсаар байна. Магадгүй, хөгжлийн төлөө нэг зүг рүү харах чадваргүй харалган болж, богино зайн улс төр хийж ирсэн нь бидний эмгэнэл бөгөөд хөгжихгүй байгаагийн шалтгаан боллоо.
Энэ алдааг хэн, хэзээ, яаж засч залруулах ёстой вэ гэдэг асуултын хариуг "Монгол прагматизм"-аас олох ёстой гэж би боддог. Манайдаа л ул суурьтайд тооцогддог "Сант марал" судалгааны төвийн хэд хэдэн судалгаанд оролцогчид "Өнөөдөр манай улсад ард түмний хүсэл зоригийг илэрхийлэгч улс төрийн нам байхгүй, монголчууд бид хөгжлийн буруу замаар явж байна" гэж хариулсан нь миний сэтгэлийг ихэд эмзэглүүллээ. Үүнд хариулт олох үүднээс санал бодлоо та бүхэнтэй хуваалцъя гэж энэхүү товч саналаа хүргэж байна.
ҮЗЭЛ СУРТАЛ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ҮҮ?
Улс орон алсын хараатай хөгжихийн тулд тодорхой үзэл баримтлалтай байх нь гарцаагүй юм. Социализм, либериализмын үзэл суртлаар улс төржсөөр, харилцан бие биенээ үгүйсгэсээр Монгол оронд улс төрийн гутралд орсон олон түмэн нэлээдгүй бий болсон шиг санагдах боллоо. Улс төрийн намууд ч өнгөрсөн хугацаанд тов тодорхой үзэл суртал өөртөө тээсэнгүй. Социал демократ үзлийг өөрийн болгосон МАН-ынхан либерал үнэлэмжээр ярьж л байдаг. Либерал үзлийг тугаа болгож байсан АН-ыхан ч социалист үзэл санааг дэвшүүлэх нь энүүхэнд болчихоод байна. Намууд тодорхой үзэл баримтлалгүй болох хэмжээгээр Улс төрийн том намууд сонгогчдын нүдэнд ижилхэн харагдах болж. Тиймээс ч тэднийг нэг гэж үзэн олон нийт "МАНАН, АНМАН" гэж нэрийдэж байгаа болов уу. Үзэл баримтлалгүй ч улс төрийн орчинд нэг нь нөгөөгөөсөө ялгарч харагдах гэсэндээ л улстөрчид, ялангуяа улс төрд орж буй шинэ залуу үеийнхэн популизмд автах болжээ. Иймэрхүү хандлага ганц Монголд болж байгаа үйл явц биш бололтой. Дэлхий ертөнц даяаршиж хаа сайгүй популизм "эрэлттэй" болж.
Харамсалтай нь популизм улс орны өмнө тулгамдсан асуудалд хариу өгч чадахгүйн зэрэгцээ нийгмийн ярвигтай асуудалд ч шийдэл авчрахгүй нь ойлгомжтой. Тиймдээ ч популистууд фашизм руу гулсаж тэдний билэг тэмдгийг ашиглах нь бий. Манайд ч мөн энэ үзэгдэл харагдаж байгаа. Популизмын хамгийн хортой нөлөө нь олон түмний ирээдүйдээ итгэх итгэлийг булшилдаг. Популизм Монголын нийгмийг ихэд харанхуй болгож байгаа нь үнэн гэдгийг нуух шаардлагагүй.
Гэвч популизмын харанхуй цаг үе дундуур бид бусдын адил туулахаас өөр замгүй. Ингэхдээ гэрэл авчрах чиг баримтлал дэвшүүлж явбал зүгээр болов уу гэж бодож байна.
“МОНГОЛ ПРАГМАТИЗМ”-ЫН ТУХАЙ САНАА
Прагматизм нь цоо шинэ зүйл биш ч өнөөгийн Монголын нийгэмд нэлээд шинэлэг мэт сонсогдох болов уу хэмээн бодно. Юутай ч улс төрийн прагматизм нь популизмаас хавьгүй гэгээлэг дээд эрэмбийн үзэл билээ. Үзэл төдий ч биш, хүн бүр өмнөх ажлаа элдэв маргаанд хутгалдалгүй бага багаар хийн хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм. Прагматизм бол улс төрийн шинэ соёл тогтоох чиг баримтлал хэмээн бодож байна. Нүүдэлчин Монголчуудад аливаа асуудалд прагматик хандлагатай хандаж байсан уламжлал бий. Түүхийн хуудаснаа монголчууд олон шашинд ижил тэгш хандаж ирсэн нь гаднынхны гайхашралыг төрүүлж байсан тухай бичсэн нь бий. Миний бодоход өвөг дээдэс маань аливаа асуудалд прагматик хандлагатай явж ирсний том нотолгоо энэ биз ээ.
Прагматик байна гэдэг нь тансаглах, үрэн таран байх явдал биш юм. Зардлаа хянаж үр ашигтай байх явдал нь прагматик үйл хэрэг бөгөөд мөн л нүүдэлчин монголчуудын амьдралын зарчим байсан билээ. Өнөө цагт ч энэ баримтлал бүх байгууллага, хүмүүст байх ёстой. Прагматик байх нь нэг ёсны өдөр тутмын соёл бий болгох хэрэг юм.
УЛС ТӨРИЙН ПРАГМАТИЗМЫГ ПОПУЛИЗМД СӨРГҮҮЛЭН ТАВЬЖ БАЙНА
Прагматизм нь худал үзэл суртал, буруу радикал реформ, популист бодлогоос нийгмээ хамгаалах сайн хэрэгсэл. Үүнийг Сингапурын хөгжлийн загвараас харж болно. Мөн прагматизм нь хөгжил өөд тогтвортой мацаж байгаа аливаа оронд ямарваа нэг хэмжээгээр соёл болж төлөвшиж буйг Герман, Хойт Европын орнуудын жишээнээс ч харж болно.
Прагматизм нь "Хоосон улс төржихөө зогсоо" гэсэн үг. Хоосон улс төржилтийн цаана хоосон үзэл сурталд толгойгоо мэдүүлсэн улстөрчид л байгаа. Энэ нь сэтгэлгээ түгжигдмэл байна л гэсэн үг. Иймээс прагматизм нь нийгмийн оюун санааны түгжрэлийг тайлах баримтлал мөн. Үзэл сурталд хайрцаглагдсан сэтгэлгээний түгжрэлийг арилгах нь нийгмийн амьдралыг урагшлуулахад чухал ач холбогдолтой гэж бодно.
Улс төрийн прагматизмыг популизмд сөргүүлэн тавих шаардлага гарч байна. Тиймдээ ч популизмд сүйрч унахгүйн тулд улс төрийн прагматизмыг санал болгож байгаа бөгөөд орчин цагийн хамгийн амжилттай загвар гэдэгт итгэж байна.
Уян хатан, дасан зохицох чадвартай холч монгол ухааныг монголоо хөгжүүлэх "Монгол прагматизм" гэдэгт би итгэдэг.
"Монгол прагматизм"-ыг хэрхэн яаж монгол төрийн бодлогын зарчим болгох талаар цаашид та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцаж байх болно.
…" Хэрэв чамд шийдэл байхгүй бол асуудлын нэг хэсэг нь чи өөрөө" гэсэн үг бий…
Нийтээрээ тунгаана биз ээ.
УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ХАЯНХЯРВАА