Хоёр настай хүүг хулгайлсан хэрэг нийслэлд энэ сарын 6-ны өдөр гарсан талаар бид мэдээлсэн. Хүүг хулгайлсан этгээд нь 1989 онд төрсөн эрэгтэй Л.Отгончулуун болохыг тогтоожээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм. Мөн сэжигтэн этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хүүг алга болсны маргааш нь буюу 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр Орхон аймгаас олсон байдаг. Тодруулбал, сэжигтэн Л.Отгончулуун нь хүүг хулгайлж авч яваад Эрдэнэт хотод зах дээр төөрүүлж хаясан байхыг нь цагдаагийн байгууллагаас олж, эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр хүүгийн ээжтэй нь хамт архидан согтуурч улмаар унтсан хойгуур нь хүүг хулгайлаад зугтсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул шалгаж буй юм.
Хүүгээ алдсан ээжийн хувьд Л.Отгончулууныг огт танихгүй гэж мэдүүлжээ. Гэхдээ нөхрийнх нь найз байж магадгүй хэмээн хардаж байгаа тухай мэдээлэл бий. Тиймээс түүнийг харсан үзсэн хүн байвал Чингэлтэй дүүргийн 70120138 утсанд хандахыг хүсч байгаа аж.
Э.АРИУН