Эцэг, эхдээ гологдсон 33 хүүхэд

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Эцэг, эхдээ гологдсон 33 хүүхэд

Эцэг, эхдээ гологдсон 33 хүүхэд

Зургаан настай Амар хүүг ээж нь энд үлдээгээд явжээ. Хүү төгөлдөр хуур тоглодог бас дуулах дуртай. Шүлэг их гоё уншдаг гэж багш нар нь магтав. Амар хүү доошоо харан гараараа оролдоно. Хуруу нь салдаггүй, хоорондоо нийлсэн, эмч нарын тавьсан онош нь хромсомын дутагдал.  Тиймээс л ээж нь түүнийг энд үлдээж. Өндөр хөгжилтэй оронд бол мэс заслаар хуруу нэг бүрийг нь салгах боломжтой. Монголын эмч нар зөвхөн эрхий хурууг нь салгажээ. Амар хүүг хувийн цэцэрлэгт явуулж, дуу хөгжмийн хичээлд суулгахаар болсныг багш нар баяр хөөр болгон ярьж байна.  Найман хуруутай ч хүү төгөлдөр хуурыг чадварлаг тоглох юм. Хөгжлийн бэрхшээлээсээ болоод тус төвд ирсэн дөрвөн настай охин мөн л энд иржээ.  Жирийн биш тэдэнтэй харилцаж, сургаж, эмчилж байгаа тус төвийнхөн ажилдаа сэтгэл зүрхээрээ ханддаг нь ил.  Хүний голсон, хаясан, өвчтэй эмгэгтэй хүүхдүүдийг өөрийн үр мэт өсгөж, хүмүүжүүлж, ээж аавыг нь орлож яваа хамт олон бол  "Хүүхдийн төв сувилал"-ынхан.  Тус сувилалд гурав хүртэлх насны 90 гаруй хүүхэд сувилуулж, эмчлүүлж байна.  Улсын хэмжээнд  асран хамгаалагчгүй хаягдсан, гээгдсэн, эцэг эхдээ гологдсон асаргаа шаардсан хүүхэд бүрийг тэд л  халамжилдаг.  Одоогоос 50  гаруй жилийн өмнө байгуулагдсан тус сувилал нь анх зөвхөн эмзэг бүлгийн, өнчин, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг хүлээн авдаг байжээ.

Сүүл сүүлдээ үйл ажиллагаа нь өргөжсөөр өнөөдрийн байдлаар тус сувилал дөрвөн төрлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Эцэг, эхдээ гологдсон хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдээс гадна эцэг, эхтэй тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах, эмчилж сувилах, мөн амьдралын боломж нөхцөл хүнд, бага орлоготой эхчүүдийн суурь эмгэгтэй хүүхдийг сувилах, эмчлэх. Бага жинтэй нярай хүүхдийг торниулах, хэвийн жинтэй хүүхдийн эмгэгийг эмчлэх, сувилах, эхчүүдийг сургах гэсэн дөрвөн төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг.

Хамгийн түрүүнд хэвтэн эмчлүүлэх тасаг буюу  нярайн сувиллаар орлоо. Тус  тасаг нь дутуу болон бага жинтэй төрсөн хоёр cар хүртэлх нярайг торниулах, асаргаа сувилгаа хийхээс гадна эрүүл гүйцэд нярайг сувилах, эхийг нь амраах, нярайг асрах талаар  сургалт явуулдаг юм байна. Мөн  хоол тэжээлийн эмгэгтэй, сульдаа, цус багадалт зэрэг суурь өвчтэй, тархины хөнгөн зэргийн саажилттай гурав хүртэлх насны хүүхдийг эмчлэх, сувилах, торниулах, сэргээн засах тасаг юм. Дутуу нярайн тасагт 12 нярай эмчлүүлж байсан бол гүйцэт нярай тасаг найман ортойгоос зургаан нярай эмчлүүлж байв.  Мөн нэг тасагт шарлалттай нэг сартай нярай эмчлүүлж байв.  Гүйцэд нярайн тасагт ихэвчлэн шарлалттай нярай эмчлүүлэхээс гадна тархины даралттай нярай тогтмол ирж, эмчлүүлдэг аж.

Тус тасгийн  эмч Н.Энхжаргал  “Манай тасаг 1300 граммаас дээш жинтэй нярайг хүлээн авдаг. Бага жинтэй нярайг торниулах тасагт  Улаанбаатар хот, бусад аймгуудын төрөх, ЭХЭМҮТ-ийн эмгэг нярайн тасгуудаас бага жинтэй дутуу төрсөн нярайг шилжүүлгээр хүлээн авч сувилан торниулдаг. Сүүлийн үед дутуу төрөлт ихсэж байна. Дутуу төрөх шалтгааны нэг нь  тонус өгөх, эх хожуу үеийн хүнд  хордлого буюу даралт өндөр хаван ихтэйн улмаас  хугацаанаасаа өмнө төрөхийг хэлдэг. Ачаалал нэлээд их. Ялангуяа улсын хэмжээнд  бага жинтэй нярайг хүлээн авдаг  ганц сувилал учраас ачаалал ихтэй. Дутуу, бага жинтэй төрсөн нярай, ихэр хүүхдийн дутуугийн зэрэг, жингээс хамаарч нэг сар хүртэл, гүйцэд нярайг 10   хоног хүртэл, эрүүл гүйцэд нярайг 5-7 хоног  сувилан эмчилдэг” гэлээ.

Амбулаторийн тасаг болох өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээний х тасагт  эцэг, эхтэй  гурав хүртэлх насны хүүхдийн  өсөлт, бойжилт, хөдөлгөөн, хэл ярианы хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сувилах, сэргээн засах, уламжлалт эмчилгээ хийдэг юм байна.

Бариа засал, сэргээн засах, хөдөлгөөн засал хэл засал, уламжлалт эмчилгээний өрөө гэсэн хэсгүүдтэй. Хөдөлгөөн заслын өрөөгөөр орох энэ үеэр насандаа хөлд ороогүй,  хөдөлгөөний хоцрогдол, эмгэгтэй, түнхний мултралттай, булчингийн чангаралттай  хүүхдүүдэд хөдөлгөөн заслын эмч дасгал хийж,  эцэг эхчүүдэд нь зааж өгч байв.

Хөдөлгөөн засалч Д.Отгончимэг хэлэхдээ  “Манай байгууллагад тархины саажилттай, хөдөлгөөний  хоцрогдолтой зургаан сараас гурван нас хүртэлх хүүхдүүдийг өдрөөр хүлээн авч  сувилдаг. Тухайн хүүхдийн хөдөлгөөний чадвар алдалтыг нь үнэлгээ хийсний дараа тохирсон дасгал хийлгүүлдэг. Хүүхэд хөдөлгөөний эмгэгтэй төрөх нь ихэвчлэн дутуу төрөлт,  шарлалт удаан явагдсан зэрэг шалтгаанаас үүдэлтэй. Хөнгөн хэлбэрийн хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдүүдийн хувьд ээжүүд хэтэрхий их хүүхдээ тэвэрсэнтэй холбоотой байдаг. Тархины саажилттай хүүхдүүдийн хувьд засал авах хугацаа их орно. Хөнгөн хэлбэрийн хөдөлгөөний хоцрогдолтой хүүхэд богино хугацаанд сайжирна. Тархины саажилттай хүүхэд хамгийн их ирдэг. Хүүхэд тус бүртэй 45  минут орчим ажилладаг. Хүүхдийг зөв байрлалд алхуулах, зогсоох, зөв байрлалд суулгах сургах зэрэг тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай тал бий. Жишээ нь том хүний зориулалттай гүйлтийн зам ашигладаг. Мөн гарыг чигийн хэрэгцээ их гардаг” гэв.

Сэргээн засах амбулаторийн тасаг нь гаднаас амбулаториор үйлчлүүлж байгаа эцэг, эхтэй хүүхдүүдэд иллэг массаж, хөдөлгөөн засал, цахилгаан эмчилгээ, физик эмчилгээ хийгддэг. Саажилттай, тураалтай, рахиттай, цус багадалттай хөдөлгөөний хоцрогдолтой зэрэг 15-20 хүүхэд өдөрт эмчлүүлдэг. Дараа дараагийн хүүхдийг хүлээн авдаг учир нэг хүүхэд ажлын таван өдөр ирж бариа засалд ордог. Хөдөлгөөний хоцрогдол, тархины саатай хүүхдүүдийг давхар хяналтад авдаг. Хяналтын эмчилгээ 21  хоног явагддаг. Тулгамдаж байгаа асуудал зөндөө л бий. Гэхдээ л тэр болгоныгоо өөрсдөө шийддэг.  Хүн хүчний хүрэлцээ муутай. Хүүхэд бүр иллэг массажинд орох дуртай байдаг боловч массажистууд цөөддөг гэдгийг уламжлалт эмчилгээний тасгийн амбулаторийн эмч Г.Энхжаргал хэллээ.

Үйлчлүүлэгч А.Нарантуяа :

Би өнгөрсөн дөрвөн сараас хойш хүүхдийн төв сувилалд ирж хүүгээ эмчлүүлж байна. Тухайн үед хүүхэд маань  шарлалттай ирж хэвтэн эмчлүүлсэн. Дараа нь зургадугаар сард булчингийн чангаралттай гээд бариа засал хийлгүүлсэн. Одоо хөдөлгөөний хоцрогдолтой гээд бариа засалд явж байна. Хүүхэд маань одоо долоон сартай. Бага сартай хүүхдийг хүлээж авдаг ганц төв нь учраас зорьж ирж үйлчлүүлсэн.

ӨНЧРӨЛИЙН ӨВРӨӨС ӨНДИЙЖ БУЙ ТӨВ СУВИЛЛЫН ХҮҮХДҮҮД

Сэргээн засах  сувиллын тасгийг хүүхдийн цэцэрлэг шиг тохижуулжээ. Элдэв янзын тоглоом, үлгэрийн баатруудтай хана, тоглоом гээд тэнд амьдарч байгаа хүүхдүүдэд эмнэлэгт хэвтэж байгаа мэдрэмж төрүүлэхгүй гэсэн зорилготой аж. Сэргээн засах тасаг, сувиллын тасаг, нярайн тасгуудад аав, ээжээсээ өнчирч хоцорсон, эсвэл амьд сэрүүн байлаа ч эцэг, эх нь асран хамгаалах чадваргүй, хорих ангид ял эдэлдэг, хөдөлмөрийн бэрхшээлтэй,  эцэг эх, байх эрхээ  шүүхээр  хасуулсан, бүтэн өнчин, хорвоод хүн болж мэндлээд эцэг эхдээ “гологдсон” зэрэг шалтгаантай  33 хүүхэд энд амьдарч байна. Согогтой төрсөн хүүхдээ эцэг, эх нь голж энд орхиод эргэж тойрохгүй сураггүй алга болох нь байдаг гэнэ.

Уг нь тус сувилал гурав хүртэлх насны хүүхдүүдийг хүлээн авах ёстой байтал энд хамгийн бага нь хоёр настай, хамгийн том нь 10, 15 настай хүүхэд хүртэл байна. Учир нь гурван нас хүрлээ гэхэд тэднийг хүлээж авах газар байхгүй учир сувилалдаа байлгахаас өөр аргагүй гэдгийг тус төвийн удирдлагууд учирлав.

Тэдгээр хүүхдийг сувилж, эмчлэхээс гадна давхар нийгэмшүүлэх үүргийг гүйцэтгэдэг гэдгийг Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Г.Ганчимэг хэллээ.

 

Бидний орсон  сэргээн засах тасагт эцэг, эхгүй  төрөлхийн тархины саажилттай, хромсомын өөрчлөлттэй  долоон хүүхэд байнгын эмчлүүлж, энд амьдарч байна. Элэг эмтрэм дүр зураглал. Өөрийнхөө хоолыг ч идэж чадахгүй, хөдөлгөөн хязгаарлагдмал. Заавал хүний оролцоотой хоолоо идэж, бие засаж, хувцсаа өмсөнө. Хүн  хүчний хүрэлцээ тун бага. Нэг сувилагч, нэг асрагч тэднийг бүгдийг нь хооллоно, босгоно, унтуулна, хуурайлна, бие засуулна, хувцаслана, тоглуулна, гээд ганц асрагч, ганц сувилагчид хүнд ажил. Тэдний дэргэдээс алхам ч холдож болохгүй.

Хамгийн олон жил тус төвд амьдарч буй  10, 15 настай Лхагва, Номин хоёр. Бүрэн хэвтрийн байрлалтай тэд сувиллын эмч, сувилагч, асрагч нарын уйгагүй асаргааны хүчинд амьд байна. 10 настай Лхагваагийн хувьд хараагүй, байнгын хэвтэрт, гаж хөдөлгөөн их хийдэг. Гараа хазах, гэнэт уйлах, хүзүү, нуруу мурийлттай, толгойгоо даахгүй, хэт туранхай, эмийн нөлөөгөөр унтдаг гэнэ.  Дөнгөж мөлхөж байгаа, бас тэнтэр тунтар алхаж сурсан бяцхан үрс  өмнөөс минь мишээнэ.  Гэвч тэдний харц цаанаа л хайраар дутна. Бүүвэйн дуутай эхийнхээ өвөрт эрхэлж байх бяцхан үрс шүү дээ, уг нь. Тэд энэ хорвоод хүн болж төрөхдөө  эцэг, эхээ сонгож төрдөггүй ч  хатуу сэтгэл, хариуцлагагүйн золиос болсон нь дэндүү харамсалтай.

Орхигдсон хүүхдүүд гурван нас хүртлээ цэвэр тухтай орчин, амт чанартай хоолтой байх нь. Харин түүнээс хойш хэрхэх нь тодорхойгүй байгаа нь тус сувиллын хамт олны сэтгэлийг чилээдэг ажээ. Нялх, балчраас нь асардаг болохоор тэд хүүхдүүддээ ч хайртай гэж жигтэйхэн.

Хөдөлгөөн заслын сувилагч Э.Эгиймаа “Хүүхдүүдээ 24 цагийн хараа хяналт дор асарч сувилна. Өдөрт хоёр цагийн зайтай хооллодог. Эмээр унтах хүүхдүүд ч байна. Шөнийн гурван цагт угжина, хуурайлдаг гээд ажил их” гэж ярих тэд  ийм их ажилтай атлаа 586 мянган төгрөгийн үндсэн цалинтай ч  гудамжинд хаягдсан 30  гаруй хүүхдэд эцэг, эх нь болох гэж өдөр, шөнөгүй  хичээн ажиллаж байна.

Хамгийн сүүлд сар орчмын өмнө  эцэг, эхгүй хүүхэд тус төвд хүргэгдэн иржээ. Маш тайван хүүхэд байсан учир Тайванбат гэдэг нэрийг сувиллын ажилчид өгсөн гэв. Хүүхдүүд тун ч цэвэрхэн хувцастай, үс гэзгийг нь самнасан гээд  тус төвийн ажилчид өрөөлийн хүүхдийг өөрийнхөө хүүхдээс дутахааргүй хайрладгийг илтгэнэ. Памперс, сүүний хэрэгцээ хамгийн их  хэрэгцээтэй юм байна. Хувь хүмүүсийн хандив тусаар төсвийн цоорхойг нөхдөг. Хандив өгье, хүүхдүүдэд тусламж үзүүлье гэж хандсан хүмүүст санал болгодог зүйлс нь ихэвчлэн хүүхдийн сүү, памперс. Хүүхдийн төв сувилалд ирдэг хүүхдүүдийн ихэнх нь ямар нэгэн суурь өвчтэй. Тухайлбал, тураалтай, залгуур эрхтний эмгэгтэй, рахиттай, цус багадалттай хүүхэд цөөнгүй гэнэ. Тэдний олонх нь аль нэг эрхтэн системийн гажигтай, харшилтай хүүхдүүд учир энгийн сүү бус харшлын эсрэг сүүгээр угждаг аж.  Жижигхэн савлагаатай нэг сүү гэхэд 28 мянган төгрөгийн үнэтэй, хоёрхон өдөр угжаад дуусдаг гэнэ. Энэ бүхэнд төсвийн мөнгө хаана ч хүрдэггүй ойлгомжтой. Олон түмний тус нэмрээр хүүхдүүдээ өлсгөж чангаахгүй болж л байна даа хэмээн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун ярих  нь тэдний  хүүхдэд хайртайнх болов уу.

Сувиллын тасгийн эрхлэгч Ж.Батхуяг “Манай төв эм тариа, хоол ундаар хангалттай. Ажиллах хүч дутмаг талдаа. Хүүхдэд зориулсан эмчилгээ, оношилгооны аппарат, тоног төхөөрөмжийн дутуу зүйл бий. Дөнгөж төрөөд л ирсэн хүүхдүүд цөөнгүй манайд бий. Эцэг, эх нь архины хамааралтай хүүхдүүд ч бий. Хүүхдийг нь өгөөд явууллаа гэхэд хүүхдээ өсгөж бойжуулах ямар ч боломжгүй. Хүүхэдтэйгээ хааяа ирж уулзчихаад явах тохиолдол байна. Саяхан долоон сартай  нярай манай төвд ирсэн. Анх ирэхдээ хоол тэжээлийн архаг дутагдалтай, хөдөлгөөний хоцрогдол, жингийн алдагдалтай, олон хоног шингэн алдсан их хүнд ирсэн. Харин одоо  жин нэмж хэвийн бойжиж байна. Манай төвд гурван нас хүртлээ амьдраад хүүхдийн “Өнөр бүл” төв болон бусад асрамжийн газруудад шилжүүлдэг. Гэхдээ манай хүүхдүүдийг хүлээж авах дургүй, авах газар олддоггүй” гэлээ.

Байнгын амьдардаг тэдгээр хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтлээ гэхэд тус төвийн асрагч, сувилагчийн аль нэг нь дагаад сахидаг гэнэ.

Улсын хэмжээнд ганцхан  байдаг байгууллага учраас бэрхшээл хүндрэл нэлээд гэдэг нь сурвалжлагын явцад харагдлаа. Хэвтэн эмчлүүлэх 90 ор, дөрвөн алба, гурван тасагтай үйл ажиллагаа явуулдаг. Нийт 120 ажилтан ажилладгаас их эмч 14, сувилагч 33, туслах сувилагч тав, асрагч 27 ажилладаг гэлээ.

Хүн бүхэн хүүхэд бүртэй гардан тулж ажилладаг учраас хүний нөөцийн асуудал тулгамддаг.  Хүүхдүүдээ нийгэмшүүлэхийн тулд тоглуулахаас эхлээд асаргаа маш их.  Нярай хүүхдүүдийн 50 гаруй хувь нь шарлалттай байдаг. Шарлалтаас үүдэж хүүхдэд эмгэг архаг үлдэц тогтдог. Архаг үлдэц тогтоохгүйн тулд фото аппаратад оруулж, шарлалтыг бууруулдаг ч манайд энэ аппарат нь хомсдолтой . Манай сувилал нь бусад эмнэлгүүдтэй ижил даатгал, татвар зэргээс санхүүждэггүй зөвхөн улсын төсвөөр санхүүждэг. АНУ-ын  “Holt” олон улсын байгууллага бидэнтэй хамгийн удаан хамран ажиллаж байгаа байгууллага” хэмээн ТҮЧДХА-ны дарга Ө.Хүрэлтогтох ярилаа.

Хүүхдийн төв сувилал анх 1966 онд байгуулагдахдаа хүүхдийн сувиллын ясли нэртэйгээр байгуулагдаж байсан. Дараа нь гурван ихрүүдийг хүлээн авах сувилал болж, 1991 онд “Нялхсын клиник сувилал, 2013  онд “Хүүхдийн төв сувилал” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, 0-3 насны хүүхдийн суурь өвчин, эмгэгийг эмчлэх, сувилах, сэргээн засах тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр улсын хэмжээнд үзүүлэх лавлагаа төв болон өргөжжээ. Төр засгийн зүгээс байж болох хэмжээнд манай сувиллыг  анхаардаг. Эрүүл мэндийн харьяа байгууллагуудын нэг нь манайх. Яамны зүгээс чадлаараа дэмждэг ч төсөв  гэдэг аль ч байгууллагад хэзээ ч 100 хувь хүрэлцдэггүй.   Гадна, дотнын иргэд эд зүйл, мөнгө санхүүгийн тусламж үзүүлэхээс гадна сүүлийн үед оюутнууд ирж тус  нэмэр болох үе байна. Хүүхдүүдээ салхинд гаргахад хүүхэд бүрийн тоогоор хүн хэрэгтэй болдгийг та бүгд анзаарсан байх. Шарлагын  фото аппаратын хүрэлцээ муу. Олон эрхтэн системийн хавсарсан гажигтай хүүхдүүд их ирдэг учраас эрхтэн системийг нь хянах судасны цохилт, хүчилтөрөгчийн хангамжийг  хэмждэг  нярайн аппарат манайд байдаггүй. Хүүхдүүд байнгын асаргаа сувилгаа дор байдаг учир ажилчид маань гарч хооллох боломжгүй,  сувилал дотроо өдөрт 1500 төгрөгийн талоноор хооллодог. Эрүүл хүүхдүүдийг монгол болон  гаднын иргэд өргөж авах тохиолдол байна. Өргүүлсэн хүүхэд шинэ ээж, аавдаа дасахгүй буцаж ирэх ч тохиолдол бий.  Энэ үед хүүхэд депресст орж шөнөд уйлах, цочиж сэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хамт байсан найзуудыг өргөөд өөрийг нь өргөж авахгүй бол хүүхэд гутралд орох үе байна. Ажилчид маань хүүхдэд их хайртай. Шинээр ажилд хүн авахдаа бид  хүүхдэд хайртай байх шалгуурыг чухалчилж үздэг гэж   Хүүхдийн төв сувиллын Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал  Г.Ганчимэг ярив.

Саажилттай, өвчтэй төрлөө гээд үрээ голохгүй, өлсгөлөнгийн зовлонгоор хүүхдээ үхүүлэхгүй, хогийн саванд үрээ хийж хаяахгүй ийм сайхан цаг хэзээ ирэх бол. Хүүхдийн амь нас сохор зоосны үнэд хүрэхээ больсон цаг гэж үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж