НҮБ: Хойд Солонгос, Сирийн асуудал хэлэлцэнэ | News.MN

НҮБ: Хойд Солонгос, Сирийн асуудал хэлэлцэнэ

НҮБ: Хойд Солонгос, Сирийн асуудал хэлэлцэнэ

НҮБ: Хойд Солонгос, Сирийн асуудал хэлэлцэнэ

АНУ-ын Нью Йорк хотноо есдүгээр сарын 18-нд Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ 73 дах ерөнхий чуулга уулзалт эхэлсэн. Харин дээд хэмжээний уулзалт нь маргааш /2018.09.25/ эхэлнэ. Уулзалтад 200 гаруй орны удирдагчид, албан төлөөлөгчид оролцох бөгөөд хэлэлцэх асуудал нь дэлхий дахины анхаарлыг хамгийн ихээр татаж буй асуудлууд байх тухай олон улсын судлаачид болон сэтгүүлчид таамаг дэвшүүлээд байна.

Өнгөрсөн жил болсон чуулга уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосыг устгана хэмээн сүрдүүлж байсан. Тэгвэл саяхан болж өнгөрсөн хоёр Солонгосын уулзалт эерэг үр дүнд хүрч,  цөмийн зэвсэггүй болох хөтөлбөрт ахиц гарсан гэхэд хилсдэхгүй. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт уулзаж, цөмийн зэвсэггүй болох талаар хэлэлцсэн. Хойд Солонгос тэр цагаас хойш чимээгүй байсан бөгөөд ерөнхийлөгч Трамп өнгөрсөн наймдугаар сард Төрийн нарийн бичиг Майк Помпеогийн Хойд Солонгост хийх байсан айлчлалыг цуцалсан удаатай.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар тэврэлдэж, тэргүүн хатагтай нар мэнд мэдэлцэж буй агшин

Гэвч өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын нийслэл Пеньян хотноо болсон уулзалтад удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсэггүй болгох тунхаг бичигт гарын үсэг зурж Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

“Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай чуулганаар уулзаж Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрт нухацтай хандаж Ёонгбуон цөмийн зэвсгийн байгууламжийг бүрэн хаах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулахыг хүсэмжилнэ. Өөрөөр бол өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Хойд Солонгосын хандлага, уур амьсгал 180 градус эргэсэн.” хэмээн Олон улсын стратеги судлалын Америк дах институтийн гүйцэтгэх захирал Марк Фитзпатрик өөрийн санал бодлоо илэрхийлсэн байна.

Түүний үзэж байгаагаар энэ удаагийн НҮБ-ын чуулга уулзалтаар Хойд Солонгост тавьсан хоригийн тухай хэлэлцэх болно хэмээн таамаглаж байгаа аж.

Мөн Сирийн хямралын тухай НҮБ-ын гишүүн орнууд санал бодлоо хуваалцах нь дамжиггүй. Одоогийн байдлаар Сири улсын цэргийн арми ОХУ-ын агаарын хүчний туслалцаатайгаар гурван сая хүн амтай Идлиб хотыг босогчдоос чөлөөлөхөөр бэлтгэж байгаа аж.

Энэ зуунд тохиох хамгийн том хүмүүнлэгийн хямрал болж магадгүй хэмээн НҮБ анхааруулж байсан.

Дэлбэрэлтэд өртсөн Идлиб хотын байрнууд

“Туркийн хил рүү гурван сая иргэн дүрвэхийг бид хармааргүй байна. Дэлхийн олон хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд нийлээд ч хүчрэхгүй хямрал гарч болзошгүй” талаар НҮБ-ын Сирийн хүмүүнлэгийн тусламжийн мэргэжилтэй Панос Моумтцис өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Идлибийн асуудлыг НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар нарийн хэлэлцэж тодорхой шийдвэрт хүрэх тухай ажиглагчид таамаглаж байна.

Харин НҮБ-ын шинжээч болон мэргэжилтнүүдийн нэгтгэсэн баримт олон нийтийг цочирдуулсан хэрэг болсон нь Мьянмарын цэргийн арми Рохинжа үндэстнийг хоморголон устгах төлөвлөгөөт хядлага явуулсан болохыг илчилсэн юм.  Үүнээс болж 700 мянга гаруй хүн хөрш орнууд руу дүрвэсэн. Мөн Мьянмар улсад ажил үүргээ гүйцэтгэж явсан Ройтерс агентлагийн хоёр сэтгүүлчийг баривчилж,  хорих ял оноосон нь олон улсын хэмжээнд Мьянмарын эрх баригчдын үйлдлийг хурцаар шүүмжилсэн.

Рохинжагын дүрвэгсэд

“Ирэх долоо хоногт НҮБ-ын ерөнхий чуулга уулзалтаар дэлхийн олон улс орны удирдагчид дуу хоолойгоо нэгтгэж Рохинжа үндэстний төлөө шударга ёс байдаг гэдгийг Мьянмарт харуулах алтан завшаан. Оройтохоос нь өмнө Мьянмар улсын эрх баригчдын булхай, худал хуурмагийг илчилж олон улсын шүүхээр оруулах ёстой” хэмээн Эмнести олон улсын байгууллагын ахлах Шерине Тадрос мэдэгджээ.

Энэхүү хэргээс болж Бангладеш рохинжа үндэстний олон дүрвэгсдийг хүлээн авсан бөгөөд хүмүүнлэгийн тусламж хүрэлцэхгүй байгаа тул цаашид хэрхэн шийдвэрлэх талаар НҮБ-ын чуулганаар хэлэлцэх аж.

Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж