Алга дарам газартаа аятайхан амьдрахаас өөр аргагүй

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Алга дарам газартаа аятайхан амьдрахаас өөр аргагүй

Алга дарам газартаа аятайхан амьдрахаас өөр аргагүй

Улсын маань нийслэл Улаанбаатар уужуу сайхан, цэлгэр саруул хот байхаа болиод уджээ. Дөрвөн уулын дундах энэхүү 4700 орчим хавтгай дөрвөлжин километр газарт Монголын нийт хүн амын гуравны нэгээс илүү нь оршин сууж, улсын нийт барилгажуулалтын дийлэнх нь энд баригджээ. Улаанбаатар хотын хүн амын нягтралыг Үндэсний Статистикийн хорооны нэгдсэн мэдээллээр хайж үзвэл нэг хавтгай дөрвөлжин километр талбайд 2000 онд 169 хүн, 2007 онд 233 хүн, 2017 онд 311 ногдож байна. 2000 оноос хойш нийслэлийн хүн ам хоёр дахин өссөн нь үүнээс харагдаж байна.

Нэг сая илүү хүн амин зуулгаа авч явахын тулд орчин үеийн хүний хэрэглэдэг бүхий л зүйлийг хэрэглэж байгаагийн нэг нь машин. Өнөөдөр Улаанбаатар хотын өрх бүр шахам нэг, зарим нь 2-3 машинтай байна. Өглөө, оройны оргил цагаар нийслэлчүүдийн олонх нь замын түгжрээнд машиндаа, эсвэл нийтийн тээвэрт бухимдан өнгөрөөх болжээ.

Замын түгжрэлийг бууруулах зоримог, шийдвэртэй алхам хийхгүйгээр хотын амьдрал хэвийн өрнөх аргагүй болсныг өнөөдөр бүгд ойлгож байх шиг байна. Гэхдээ түгжрэлийг яаж бууруулах вэ, ямар шийдэл байгаа талаар NEWS агентлаг эх сурвалжуудын байр суурийг нэгтгэн хүргэсэн.

Мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү. https://news.mn/r/2005077/

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад замын бүсчилсэн татвар тогтоох, машины татварыг нэмэгдүүлэх, импортын машинд хязгаар тогтоох зэрэг эдийн засгийн арга хэрэгсэл ашиглах, нийтийн тээврийг хүртээмжтэй хөгжүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах зэрэг арга хэмжээг өөр өөрсдийн онцлогт тохируулан авч иржээ.

Иргэдийн санаа бодлыг үзэхэд Улаанбаатарын түгжрэлийн бууруулах дараах хэдэн арга замыг дэмжсэн байна. Үүнд,

  • Машины татварыг өндөр тогтоох,
  • Хувийн машинаар халтуур хийдгийг зогсоож таксины ойлгомжтой, хариуцлагатай үйлчилгээг бий болгох,
  • Нийтийн тээврийг хөгжүүлэх,
  • Төр захиргааны байгууллагуудыг хотын захаар байрлуулах,
  • Гэрлэн дохионуудыг цөөлөх,
  • Сургуулийн автобусыг олшруулах,
  • Төмөр замыг Улаанбаатарыг тойруулан тавих,
  • Захуудыг хотоос гаргах,
  • Их, дээд сургуулийг хотын ойролцоо нүүлгэн шилжүүлэх,
  • Замын бүсчилсэн татвар бий болгох зэрэг саналыг дэвшүүлсэн байна.

Хүн болгонд машин унааны хэрэгцээ байгаа нь үнэн боловч хэрэгцээ байна гээд зам дээр машинтайгаа өдрийн талыг барах уу, эсвэл хувь хүнд хохиролтой ч хамаагүй хотынхоо замыг түгжрэлгүй болгох уу гэсэн сонголтыг хийх цаг иржээ. Ямар ч арга замыг сонгосон бай бүх хүнд таалагдах шийдвэр гаргах боломжгүй болсон. Ялангуяа машины татварыг нэмэх, хотын замыг бүсчлэн татвар тогтоохыг олон хүн эсэргүүцэж сэтгэгдэл бичжээ. Үнэндээ бусад улс оронтой харьцуулахад машины татвар Монголд 3-10 дахин бага байна. Нийтийн тээврийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг олон хүн хэлсэн байна. Энэ үнэн. Гэхдээ үүнээс өмнө автобус, троллейбусыг цэвэр цэмцгэр, тоос шороо, хиргүй байлгах хэрэгтэй. Мөн нийтийн тээврээр зөвхөн хүүхэд, хөгшид, ядуу оюутнууд л зорчдог, автобус троллейбусанд сууж доор орохгүй гэсэн цамаан сэтгэлгээ хандлагыг өөрчлөх шаардлагатай. Цахим аян моодонд ороод байгаа энэ цагт ийм аян өрнүүлэхэд юу нь болохгүй гэж. Идсэн ууснаа сэльфидэхийн оронд нийтийн тээврээр зорчсоноо сельфидье.  Приус машинтай болгон нь таксины халтуур хийж, улсад ямар ч татвар төлөхгүй байгаа, тэгвэл хувийн машинаараа хүн зөөх хүсэлтэй бол тоолуур тавиад татвараа төлөөд явах шаардлагыг хотын захиргаа тавих нь зөв. Нэгэн уншигч “манай компани унаагүй ажилчдадаа автобусны картыг үнэгүй өгдгийг дурдаад бусад компаниуд ч энэ жишгийг дагахыг уриалсан” байсан.

Хийе гэвэл дээр дурдсан аргуудаас хэрэгжүүлээд явчихвал алга дарам газартаа аятайхан амьдарч болно шүү дээ. Ухамсарт нь нөлөөлөнгөө, халаасыг тэмтрэхээс өөр аргагүй. Харин үүнийг эс зөвшөөрвөл түгжрэлгүй газар амьдрах сонголт таных.

Замын түгжрэлийг бууруулах дараах аргуудын алийг нь дэмжих вэ?

7.18%
5.89%
20.63%
7%
0.92%
7.37%
5.89%
22.28%
19.15%
3.68%
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж