Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ыг шинэчилж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ыг шинэчилж чадах уу?

Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ыг шинэчилж чадах уу?

Одоогоос яг жилийн гаруй өмнө НИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байв. Сүүлийн гурван ч сонгууль дамнасан 60 тэрбумын асуудалд цэг тавихын тулд ажлаа өгсөн нь энэ.  Жил гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэгч даргатай байсан нийслэлийн МАН өнгөрсөн баасан гаригаас бямба гаригийн үүр цайтал хуралдаж, шинэ даргаараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг сонгов. Тэрбээр Бага хуралд оролцсон 369 төлөөлөгчөөс 50,6 хувийн санал авсан нь хотын дарга С.Батболдоос ердөө гуравхан  хүний саналаар илүүрхэж, нийслэлийн МАН-ын хороог удирдах итгэл хүлээсэн юм.

Удтал хуралдаж чадаагүй 34-р Бага хурал ширүүхэн эхэлж, залуучууд нь “шударга ёс” -нэхэж, алдаа, оноогоо дэнсэлсэн. Өнгөрсөн хугацаанд намынхаа хурлыг ч хуралдуулж чадахгүй, намын үүр, анхан шатны байгууллагуудаа “тойглож” чаддаггүй гэх шүүмжлэлийг намын үүрийн дарга нар онцолж байлаа. Хурлын эхлэлээс л нийслэлийн намын хороог хэн удирдах вэ гэдэг таавар олон нийтийн дунд өрнөж байсан. Намын Удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу хотын дарга нь нийслэлийн намаа удирдаж, 2020 онд дүнгээ тавиулах нь зүйтэй гэх мессежийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар хөврүүлж байв. Намын даргын сонгуульд хэн нь ялагч болох вэ гэдэг нь чухал болохоос С.Батболд, Д.Сумъяабазар нар өрсөлдөнө гэдэг нь аль жилийн өмнө л тодорхой байсан.

Намын дүрмийн дагуу Удирдах зөвлөл нэг л хүнийг нэр дэвшүүлэх учиртай байсан. Тиймээс ч Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлсэн биз.

МАН-ын албан бус 32, 33-ын хэн нь илүү хүчтэй байгаа вэ гэдгийг энэ удаагийн нийслэлийн намын даргын сонгууль харуулсан гэж улс төрийн хүрээнд ярьж эхэллээ. 19 жилийн турш нийслэлийн МАН-ыг тасралтгүй удирдсан хотын фракцийнхан  энэ удаад ялагдал хүлээсэн нь МАН-д шинэ салхи үлээнэ гэх явган яриаг ч өдөөж байна.

Бага хурал дуусахтай зэрэгцэн "шинэ дарга хэд хэдэн улс төрийн шийдвэрийг яаралтай гаргана” гэсний цаана хотын дарга, нийслэлийн намын бүтцэд ч өөрчлөлт оруулж мэдэхээр байгаа аж. Ямартай ч жил гаруй хугацаанд хуралдаж чадахгүй байсан нийслэлийн МАН хоёр өдөр хуралдаж, шинэ удирдлага, шинэ багаа бүрдүүллээ. Цаашид ямар үйл явц өрнөх, намдаа шинэчлэл хийж, шинэ салхи үлээхийг харах л үлдлээ.

Д.СУМЪЯАБАЗАР БАГАА ЗАЛУУЧУУДААР БҮРДҮҮЛЭВ

Дүрмийн дагуу шинэ дарга өөрөө багаа бүрдүүлнэ. Нийслэлийн намын бодлого тодорхойлно гэдэг нь цэвэр улс төрийн бодлого учраас есөн дүүргийн оролцоог хангасан, нийслэлийн төлөөлөгч гишүүд, намын гишүүдийн жигд оролцоог хангасан, аль нэг бүлэглэлийн шинжтэй биш цэвэр улс төрийн, иргэд рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх хүчирхэг залуус бий гэж хэлсэн нь учиртай байж. Тиймээс нийслэлийн МАН дөрвөн дэд даргатай байх бөгөөд нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай,  харин орон тооны бус дэд даргаар Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын нэрийг дэвшүүлж,

Харин тэргүүлэгчээр намын дүрмийн дагуу намын хорооны дарга, дэд дарга, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Хотын дарга С.Батболд, НАМЗХ, НАМЭХ, Ахмадын холбооны дарга нар, Баянгол дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал,  Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг тэргүүлэгчээр томилжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж