Уран хатгамалчдын улсын уралдаан үргэлжилж байна. Уран зургийн галерейд өчигдөр /2018.9.23/ эхэлсэн уг уралдаан нь соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд өнөөдөр аваргаа шалгаруулах юм.
Уран хатгамалчдын улсын уралдаан 2005, 2010 онд зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн уралдааныг Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төвийн санаачилгаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Уран зургийн галерей, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, “NZ” сан хамтран зохион байгуулж байгаа юм.
Уралдаанд нийслэл болон 21 аймгаас шалгарсан ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид нийлсэн 120 гаруй оролцогч, 300 гаруй бүтээлээр өрсөлдөж байна. Уран хатгамалчдын уралдааныг
- Зүү ороосон
- Задгай буюу хөрөг хатгамал
- Бусад буюу холимог хатгамал
- Мартагдаж буй соёлын өвийн сэргээж урласан хатгамал
- Эсгий ширмэл
- Зоос ширээний сүлжмэл
- Зээгт наамал гэсэн төрлүүдээр явуулж байгаа юм.
Уран бүтээлийн ур хийц, загвар, өнгө зохицол, уламжлалт соёл, зан үйлийн онцлогийг тусгасан байдал, хэрэгцээ, зориулалт, нийгмийн ач холбогдлыг харгалзан ардын урлаачдын бүтээлээс удирдамжид заасан долоон төрөл тус бүрээр нэг, хоёр, гуравдугаар болон тусгай байр эзлүүлж, мэргэжлийн урлаачдын бүтээлээс удирдамжид тусгагдсан хоёр төрлөөр мөн нэг, хоёр, гурав, тусгай байр тус тус шалгаруулан шагнах юм. Түүнчлэн тухайн төрөлд тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчид Монгол Улсын уран хатгамалч цол олгох юм.