Ерөнхий сайд АНУ-г зорьж, Нийслэлийн МАН даргатай болов

Хуучирсан мэдээ: 2018.09.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд АНУ-г зорьж, Нийслэлийн МАН даргатай болов

Ерөнхий сайд АНУ-г зорьж, Нийслэлийн МАН даргатай болов

News агентлаг долоо хоног бүрийн ням гаригт өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ.


ЕРӨНХИЙ САЙДЫН АНУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд энэ өдрүүдэд АНУ-д айлчилж байна. Түүний албан ёсны айлчлал есдүгээр сарын 18-наас эхэлсэн. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулж буй хоёрдахь компакт гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үсэг зурна.  Айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцоно. Ерөнхий сайд Вашингтон хотноо АНУ-д аж төрж буй монголчуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байсан. Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхийн зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцана. Мөн тэрээр Нью Йорк хотноо болох Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлнэ.

БОДЛОГЫН ХҮҮГ 10 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны есдүгээр сарын 20-нд хуралдаж, Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан.  Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд зургаан хувь, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрээд байна. Инфляци дунд хугацаанд төв банкны зорилтот найман хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн дарамт буурахаар байгаа ч эдийн засгийн идэвхжилтийг даган эрэлтийн гаралтай инфляци алгуур сэргэж байна. Олон улсын зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг даган хөрөнгө оруулалт тэлж, улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг харгалзан Монголбанк 2018 оны өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн хэдий ч эдийн засгийн төлөв байдал гадаад эдийн засгийн орчноос өндөр хамааралтай хэвээр байна. Тухайлбал, том гүрнүүдийн хоорондох гадаад худалдааны хязгаарлалтын бодлогууд, зарим улс орнуудад хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээ, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хөгжиж буй орнуудаас гадагшилж буй хөрөнгийн урсгал, ам.долларын ханш бусад валютуудын эсрэг чангарч буй хандлага, манай улсын импортын хэмжээ өндөр байгаа зэрэгтэй холбоотойгоор төгрөгийн ханш сүүлийн улиралд суларсныг Монголбанкныхан онцолсон. Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхжилийг дэмжинэ гэдгийг тэд тодотгосон юм.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 2019 ОНООС 20 ХУВИАР НЭМХЭЭ МЭДЭГДЭВ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр есдүгээр сарын 18-д МҮЭ-ийн холбооны байранд боллоо.  Хэлэлцээрээр төрийн албан хаагчдын 2019 оны цалин хөлсний талаар хэлэлцэв.  Хэлэлцээрт ХНХ-ийн сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын тэргүүтэй гишүүд оролцон цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрт хүрсэн байна. Тиймээс Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ. 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 266.0 тэрбум төгрөгөөс доошгүй эх үүсвэрийг тусгана. Хэлэлцээрийн дараа талууд гаргасан шийдвэртээ гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ХНХ-ын сайд С.Чинзориг ирэх баасан гаригт УИХ-д танилцуулна гэдгээ мэдэгдсэн.

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГААР Д.СУМЪЯАБАЗАР ТОМИЛОГДОВ

МАН-ын нийслэлийн 34-р Бага хурал жил гаруй хугацаанд хуралдаж чадахгүй, үүрэг гүйцэтгэгч даргатай явсаар өнгөрсөн баасан гаригт /2018.09.21/ албан ёсны хурлаа хийв. Энэ удаагийн хуралд 690 төлөөлөгч сонгогдож оролцсон бөгөөд намын дотоод зохион байгуулалт болон нийслэлийн МАН-ын шинэ даргаа сонгосон юм. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас намын даргад Хотын дарга С.Батболдыг томилох санал хүргүүлсэн ч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан заалнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазарыг нэр дэвшүүлсэн юм.  Ингээд үүр цайтал хуралдсан нийслэлийн 34-р Бага хурлын гишүүдийн олонх нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг намын даргаар сонгохыг дэмжсэнээр ийнхүү нийслэлийн МАН шинэ даргатай болов.

АВТОМАШИНГҮЙ ӨДРИЙГ ЭНЭ ЖИЛ ХОЁР ДАХЬ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг. Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж