Ираны цэргийн жагсаалын үеэр халдлага гарч 25 хүн амь үрэгдсэн билээ. Тэгвэл халдлагад АНУ-ын холбоотон Персийн булангийн орнуудыг хардаж буйгаа Тегераны эрх баригчид мэдэгджээ. Ираны шашны тэргүүн Аятолла аль-Хаменей хэлэхдээ АНУ-ын “утсан хүүхэлдэй” болсон орнууд Тегераны тогтвортой байдлыг алдагдуулахыг хичээж байна хэмээсэн байна. Өмнө нь Ираны гадаад хэргийн сайд Явад Зариф халдлагыг гадаадын улсаас санхүүжилттэй бүлэглэл үйлдсэн хэмээн мэдэгджээ. Улмаар Ираны гадаад хэргийн яамнаас Их Британи, Нидерланд, Дани зэрэг орны элчин сайд, дипломатуудаас халдлагатай холбоотой тайлбар авсан байна.
Ираны баруун өмнөд хэсгийн Ахваз хотноо Хувьсгалын хамгаалагчид гэгдэх армийн сургуулилтын үеэр зэвсэглэсэн дөрвөн хүн гал нээснээс 25 хүн амь үрэгдсэний дунд хүүхэд байжээ. Халдлагыг үйлдсэн хариуцлагыг Арабын бүлгийн засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ахваз үндэсний эсэргүүцэх хөдөлгөөн” болон Ойрхи-Дорнодын “Исламын улс” террорист бүлэглэл хоёул хүлээсэн юм. Гэвч тэд хоёул халдлагыг үйлдсэн гэх нотлох баримтыг үзүүлээгүй аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА
Холбоотой мэдээ