Дэлхийн аваргын тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр эмэгтэй 63 кг болон эрэгтэй 81 кг-н жингийн барилдаан болно. Эмэгтэй 63 кг-н жинд 44 бөх барилдах бөгөөд манай улсаас өнгөрсөн оны дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Б.Мөнгөнчимэг барилдана. Манай тамирчин Б.Мөнгөнчимэг тэмцээний D хэсэгт багтсан бөгөөд Италийн бөхтэй барилдах бөгөөд өрсөлдөгчөө буулгаж авбал Нидерландын тамирчинтай барилдана. Түүний багтсан хэсэгт D хэсэгт 2017 оны Уорлд Мастерс тэмцээний алт, энэ оны Парисын их дуулгын мөнгөн медальт Японы Мику Таширо багтсан байгаа.
Эмэгтэй 63 кг-н медалийн төлөөх гол төлөөлөгчид мэдээж олимпийн алт, ДАШТ-ний алт, хүрэл медальт Словени улсын Т.Трстеняк, олимпийн мөнгө, ДАШТ-ний хошой алт, хошой мөнгөн медальт Францын К.Агбеньену, Японы М.Таширо, Германы М.Трайдос, мөн Словений А.Лески нар байх юм. Францын К.Агбеньену болон Словений Т.Трстеняк нар хоёр талаасаа яваад өнгөрсөн жилийн фианлтай адил аваргын төлөө гарч ирэх боломжтой. Харин тэдний дундуур өөр хүн гарч ирж чадах эсэх нь тун сонирхолтой байна. Энэ жинд манай Б.Мөнгөнчимэг гавьяатаас гадна Б.Ганхайч барилдана. Түүний эхний өрсөлдөгч нь Хятадын Ян Жун Шиа байх бөгөөд ялсан нь Францын К.Агбеньенутай барилдана.
Эрэгтэй 81 кг-н жинд Германы А.Вичерчак аваргаа хамгаалан барилдана. Гэхдээ Герман залуу аваргаа хамгаалах амаргүй байна. Түүний замд Риогийн олимпийн аварга, өнгөрсөн оны дэлхийн аваргын хүрэл медальт Оросын Х.Халмурзаев, Ираны С.Моллаей, манай О.Ууганбаатар нар байх юм. Ялангуяа хэсэгтээ хагас шигшээд ямар нэгэн таагүй зүйл болохгүй л бол О.Ууганбаатар Герман залуутай барилдах боломжтой. А хэсэгт Ираны С.Моллаейд хүчтэй өрсөлдөх тамирчин бол Гүрж эсвэл БНСУ-ын бөхчүүд байгаа. Гэхдээ мэргэжилтнүүд энэ жинд Оросын Х.Халмурзаев дутуугуй гүйцээж аваргын алтан медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай гэж үзэж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ