Туршилтын нислэг амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Туршилтын нислэг амжилттай боллоо

Нарны эрчим хүчээр ажилладаг Швейцарийн туршилтын онгоц 26 цагийн турш
нислэг хийсний дараа Швейцари дахь өөрийн бааздаа амжилттай газардсан
байна. HIB-SI хэмээн нэрлэсэн энэ онгоцыг нарны эрчим хүч ашиглан нислэг үйлдэхээр зохион бүтээсэн бөгөөд хоёр далавчны дээр нь байрлуулсан ялтсууд нарны эрчим хүчийг хуримтлуулан түүнийгээ шөнийн нислэг үйлдэхэд зарцуулах зориулалттай юм байжээ. Туршилтын онгоц өнгөрөгч лхагва гаригт швейцарийн хойт хэсгийн нутгаас хөөрч, пүрэв гаригийн өглөөний 9 цагт/орон нутгийн цагаар/ газардсан ажээ. Ийнхүү онгоцны нислэгийн түүхэнд анх удаа нарны эрчим хүчээр нисдэг онгоц шөнийн нислэгээ үйлдсэн байна. HIB-SI онгоц жижигхэн суудлын машинтай дүйхүйц 1600 кг жинтэй боловч далавчны урт нь орчин үеийн аварга Airbus-тай адилхан 61 м аж. Уг онгоцонд 12000 ширхэг нарны эрчим хүч хуримтлуулагч ялтсууд байрлуулсан ба 4 мотортой хэдий боловч тэдгээрийн хүчин чадал нь жижигхэн мотоциклийн мотортой адилхан бөгөөд зөвхөн ганц нисэгч явах даацтай юм байна.

BBC-гийн байгаль орчин хамгааллын судлаач Roger Harrabin нарны эрчим хүчийг ашиглан нислэг үйлдсэн нь нисэх хүчний түүхэнд шинэ хуудас нээж байгаа хэрэг юм гэж тодорхойлжээ. Гэхдээ энэ технологийг ойрын үед үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэхэд арай эрт байна. Сэргээгдэх эрчим хүчийг хослуулах хэлбэрээр хэрэглэж, аль болох хөнгөн материал хэрэглэх талаар дэвшил гаргах ёстой гэсэн байна. 2013 онд хийх дараачийн алхам нь нарны эрчим хүч хуримтлуулагч ялтсууд болон эрчим хүч хуримтлуулагч батарейг улам төгөлдөржүүлж, ганц дусал түлш шатахуун хэрэглэхгүйгээр дэлхийг тойрох зорилтод хүрэх асуудал юм.

Туршилтын нислэгийн явцаас.  Туршин нисгэгч Андре Боршберг онгоцоо аажмаар дээш хөөргөн 8500 метрийн өндөрт хүрч, зам зуураа шөнийн нислэгт бэлтгэж, батарейнуудаа цэнэглэжээ. Нарны туяа ялтсуудад эрчим хүч өгч чадахгүй болж эхлэнгүйт аажмаар доошилж, газрын гадаргуугаас дээш 1500 метрийн зайд нислэгээ үргэлжлүүлж эхэлсэн байна. Энэ үеэр газраас нисгэгчийг байнга ажиглаж, унтахаас нь сэргийлж байжээ. Өглөө болж, нар мандахад дахиад 3 цаг шөнийн нислэг үйлдэх эрчим хүч батарейд  нөөцлөгдөн үлдсэн байсан аж. Одоо HIB-SI онгоцыг HIB-SIB хэмээх том хэмжээний, илүү давуу технологи бүхий онгоцоор орлуулахаар ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: BBC Mundo
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж