Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний эхний хоёр өдөр Украины 17 настай охин болон Япон жүдочдын ялалтын дор болсон. Тэгвэл өнөөдөр /2018.09.22/ Япончуудын ялалтын буухиа зогсох уу? Эсвэл үргэлжлэх үү?
Эрэгтэйчүүдийн 73 кг-н жинд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы С.Хашимото аваргаа хамгаалан барилдана. Гэхдээ С.Хашимотод саад болох хэд хэдэн бөхчүүдийг нэрлэж байна. Тухайлбал, нутгийн дэвжээн дээр барилдаж буй Риогийн олимпийн мөнгө, өнгөрсөн жилийн дэлхийн аварган мөнгөн медальт Азербайжаны Р.Оружов, мөн чансааны №5-д эрэмбэтэй Азербайжаны Х.Хейдаров, дэлхийн аваргын хүрэл медальт Монгол Улсын тамирчин Г.Одбаяр, дэлхийн аваргын хошой хүрэлтэй БНСУ-ын Ан Чан-Рым, олимпийн алт, хүрэлтэй Гүржийн Л.Шавдатуашвили, дээр нь нэмээд Швед, Казахстаны бөхчүүд, манай Ц.Цогтбаатар нарыг дурьдаж болно. Гавъяат Б.Одбаярын хувьд В хэсгийг толгойлж байгаа бөгөөд хэсгийн аваргын төлөө гараад ирэх, цаашлаад медалийн төлөө барилдах бүрэн боломжтой.
Эмэгтэй 57 кг-н жинг олимпийн мөнгө, дэлхийн аваргын алтан медальт МУГТ Доржсүрэнгийн Сумъяа тэргүүлэн барилдана. Гавъяатын эхний том сорилт нь хэсэгтээ заналт өрсөлдөгч Бразилын Р.Силва байх магадлалтай. Медаль хүртэх магадлалтай Д.Сумъяагаас өөр тамирчин бол мэдээж Японы Ц.Ёшида мөн Канадын Ч.Дегучи нарын залуу тамирчид байна. Үүнээс гадна тооцооноос хасаж болохгүй хүн бол Францын П.Жнето, Косовогийн Н.Гякова, Португалын Т.Монтейро нар байна. Эхний хоёр өдөр подьюм дээр гарсан Монголын шигшээгийн тамирчин байгаагүй бол өнөөдөр харах бүрэн боломжтой. Нэг талаар Монголчуудад энэ жилийн дэлхийн аварга томхон сорилт болж байгаагийн зэрэгцээ шинэ үе хүч түрэн гарч ирж байгааг харуулж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ