Ах дүү Абегийн бахдам ялалт

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

Ах дүү Абегийн бахдам ялалт

Ах дүү Абегийн бахдам ялалт

Энэ жилийн жүдо бөхийн ДАШТ эхний өдрүүдээсээ л жүдо бөхийн ертөнцөд арванд, магадгүй нэг жаранд ч дуурсагдаж болох үйл явдлууд өрнөж байна. Тэмцээн эхэлсэн өдрөөс хэдхэн хоногийн дараа 18 нас хүрч буй Украины ялдамхан охин Д.Билодид олимп, дэлхийн медальтнуудыг сөхрүүлэн түрүүлснээр энэ 2018 он гарсаар ялагдаагүй цувралаа үргэлжлүүлэн анхны дэлхийн аварга цолоо хүртсэн.

Тэгвэл өчигдөр /2018.09.21/ тэмцээний хоёр дахь өдөр Японы ах дүү Абе нар жин тус бүртээ түрүүлж, жүдо бөхийн ертөнцөд нэгэн шинэ түүх бичлээ. Токио-2020 олимпийн наадмын марафон эхэлсэнтэй зэрэгцээд дэлхийн жүдо бөхийн ертөнцөд 1990-ээд оны сүүл, 2000 оны төлөөлөлүүд хүч түрэн орж ирж байна.

Эмэгтэй 52 кг-н жинд Японы хоёр бүсгүй финалдаж Уфа Абе өнгөрсөн жилийн дэлхийн аварга Ай Шишимег буулган авч 18 насандаа дэлхийн аварга цолыг хүртлээ. Шинэхэн аварга У.Абе хагас шигшээд Францын А.Бушарыг буулгаж авсан бол А.Шишиме Бразилын Э.Мирандаг ялж финалд шалгарсан. Ийнхүү У.Абе дэлхийгээс анхны медалиа алтаар эхлүүлсэн бол А.Шишиме дэлхийн алт, мөнгө, Францын А.Бушар дэлхийн хошой хүрэл, Бразилын 31 настай бүсгүй Э.Миранда дэлхийн аваргаас 4 дэх хүрэл медалиа нийт 5 дахь медалиа хүртлээ. Тэгвэл энэ жинд барилдсан манай Г.Ганцэцэг эхний өрсөлдөгч Австралийн бөхөд ялагдсан бол Б.Хорлоодой Бельгийн шилдэг бөх Лондонгийн олимпийн 48 кг-н хүрэл медальт Чарли ван Сникт хожигдож үзэгчдийн суудалд шилжсэн.

Эмэгтэй 52 кг-н медалийн эзэд:

  • Алт: Японы У.Абе
  • Мөнгө: Японы А.Шишиме
  • Хүрэл: Францын А.Бушар, Бразилын Э.Миранда

 

Эрэгтэй 66 кг-н жинд Японы 21 настай залуу Хифуми Абе дэлхийн аваргаас хошой алтан медалиа хүртлээ. Японы Х.Абе хэсгийн аваргын төлөө Украины алдарт бөх Г.Зантариатай барилдан хожиж хагас шигшээд жингийнхээ хүчтэй өрсөлдөгчдийн нэг БНСУ-ын Ан Баулыг хожиж финалдсан. Хоёр жил дарааллан аваргын төлөө гарч ирсэн Х.Абетэй энэ өдөр “од” нь гүйсэн Казахстаны бөх Е.Серикжанов шалгарсан. Хасаг залуу Е.Серикжанов Бакуд одтой наадаж 2-р шатанд медалийн таамагт яригдаж байсан Израилын Б.Шмайловыг, хэсгийн аваргын төлөө мөн медалийн төлөө яригдаж басан Г.Хэрлэнг ялаад хагас шигшээд жингийн тэргүүн бөх Израилын Т.Фликерийг хожиж финалдсан. Харин тэр финалд Японы Х.Абегийн даацтай хөмрөөнд тэсэлгүй иппоноор хожигдож мөнгөн медаль хүртсэн. Хэдийгээр мөнгөн медаль хүртсэн ч ирэх Токиогийн олимпод хоосонгүй гэдгээ харуулаад авсан. Энэ жинд хүрэл медалийг БНСУ-ын Ан Бауль болон Украйны Г.Зантариа нар хүртсэн. Өдгөө 37 настай Украины Г.Зантариа энэ өдрийн бас нэгэн чимэг нь байсан. Тэртээ 2006 оны дэлхийн цомд мөнгөн медаль хүртэн гарч ирж байсан Г.Зантариа аварга 10 гаруй жил олимп, дэлхийн дэвжээнд хүч үзэн дэлхийгээс 6 дахь медалиа хүртсэн нь гайхалтай үйл явдал байсан юм. Харин манай бөх Г.Хэрлэн хэсгийн аваргын нэмэлт барилдаанаа Бразилын бөхтэй хийж хожигдон шагналт 7-р байранд шалгарсан.

Эрэгтэй 66 кг-н медалийн эзэд:

  • Алт: Японы Х.Абе
  • Мөнгө: Казахстаны Е.Серикжанов
  • Хүрэл: Украйны Г.Зантариа, БНСУ-ын Ан Бауль

Өчигдөр эмэгтэй 52 кг, эрэгтэй 66 кг-н жинд Японы ах, дүү Абе нар түрүүлсэн нь жүдо бөхийн түүхэнд анхны тохиолдол болсон байна. Урьд өмнө нь нэг өдөр байтугай нэг удаагийн дэлхийн аварга дээр ч ах дүү жүдочид алтан медаль хүртэж байсан түүх байхгүй ажээ. Японы өмнөд нутгийн Кобе хотноо төрсөн гал сөнөөгч эцэг, кофены дэлгүүрийн эзэн ээжтэй ах дүү Абе нар жүдо бөхийн ертөнцийг шуугиулж байна. Ах Хифуми Абе 6 настайдаа жүдогийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд дүү Уфа Абе нь ахыгаа даган жүдо бөхөд хөл тавьж байжээ. Ах Х.Абе 17 настайдаа 2014 оны Токиогийн Их Дуулга тэмцээнд түрүүлж дэлхийд нэрээ гаргаж байсан бол дүү У.Абе нь өдгөөгөөс 2 жилийн өмнө мөн л нутгийнхаа Их Дуулгад финалдснаар шилдэг жүдоч төрж буйгаа зарласан. Дараа жил нь Дюссельдорфын гранпри тэмцээнд 17 нас 5 сартайдаа түрүүлж хамгийн залуудаа гранпри тэмцээнд түрүүлсэн жүдочин болж байжээ. Ямартаа ч жүдо бөхийн ертөнцөд шинэ үеийн төлөөлөл хүч түрэн орж ирж байгаа бөгөөд магадгүй ах, дүү Абе 2 жилийн дараа нутагтаа болох олимпийн наадамд хоюулаа шар медалийг энгэртээ гялалзуулж байхыг ч үгүйсгэхгүй юм.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж