Архи, тамхины ОАТ-ыг нэмэгдүүлье гэв

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

Архи, тамхины ОАТ-ыг нэмэгдүүлье гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн дааталын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Ингэснээр УИХ өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаа өндөрлүүллээ.

Хуралдаан өндөрлөхийн өмнө төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Хэмнэлтийг эмзэг бүлгээсээ биш дээрээсээ эхлүүлж УИХ-аас эхлэн бүсээ чангалъя.  УИХ-ын гишүүд хэлж байна, цалингийнхаа 20-30 хувь, тойрог дээр ажилладаг зардлаасаа хасуулъя, бензин тосноосоо хасуулъя. Дараа нь Засгийн газар  бүсээ чангалъя. Хэнд ч хэрэггүй агентлаг, дэд сайдын суудлаа таная. Архи, тамхины татвараа нэмэгдүүлье. Хямралтай үед хор хэрэглэх шаардлага байхгүй.  Хямралын үед ОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд архи, тамхины татварыг бууруулах хэрнээ жирэмсэн болон хөхүүл эхчүүдийнхээ мөнгийг танаж болохгүй. Одонтой ээжүүдийн мөнгийг хасаагүй гэж яриад байна, отгон хүүхдээ 40 настай гаргалаа гэхэд 58 настай байна. Гэтэл нэгдүгээр зэргийн одонд олгодог 200 мянга, хоёрдугаар зэргийн одонд олгодог 100 мянган төгрөг нь танагдана. Одонтой ээжүүд Монгол Улсын иргэдийг 2 сая төгрөгт хүргэх гэж, өөрсдийн карьераа хойш тавьж хүчин зүтгэж ирсэн. Энэ дээр тодотгол хийхээ болъё. Ахмадуудын тэтгэврийг 10-20 хувиар нэмэх эх үүсвэрийг архи, тамхины ОАТ-ыг нэмэгдүүлж олъё. Эмч, багш нарын тэтгэвэртээ гарахад авдаг 24, 36 сарын тэтгэмжийг битгий хасаач… Суман дээр ажил хийж байгаа багш эмч нарын 90 хувь нь эмэгтэйчүүд. Нэг сарын 20-иод хоногийг гэртээ хонохгүй явж байгаа. Төрөх эмэгтэйчүүдээ аваад аймаг руу хүргэж өгдөг, дуудлаганд явдаг гэх мэтчлэнгээр ар гэрийн амьдрал байхгүй юм шиг зүтгэж яваа. Ингэж яваа хүмүүст хатуу хандаж болохгүй. Багш нар айлын хаяанд явж залуу насаа барж байгаа. Тиймээс Засгийн газар данхайсан бүтэцтэй зардлаасаа хасъя” гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү  “Хэмнэлт хийе гэж байгаа бол авлигын мөнгийг төрийн данс руу оруулж ирмээр байна. Авлигажсан улсад авлигын мөнгө нь төсвийн 30 хувийг бүрдүүлдэг гэдэг прогноз бий. Ядарсан иргэдийнхээ халамжийг мөнгөнөөс хэмнэлт гаргах гэж дайрах хэрэггүй” гэсэн бол  УИХ-ын гишүүн Л.Цог “Гишүүд бондын зарцуулалтын тухай их ярилаа, УИХ-ын гишүүд өөрсдөө шалгая. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд, “Хойшоо харахаа болъё, урагшаа харья” гэж байна, зөв. Гэхдээ нөгөө талдаа идсэн уусан юм булагдаж үлдэхвий гэж санаа зовж байна. Бондын зарцуулалтыг шалгая” гэсэн юм.

Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа төсвийн орлого, зарлагыг тус бүр 905 тэрбум төгрөгөөр танасан юм. Энэ хүрээнд зарим агентлагуудыг нэгтгэж, мөн аж ахуйн тооцоонд шилжүүлнэ. Зарим төрлийн татварыг нэмэгдүүлээд байгаа бол малын хөлийн татварыг шинээр тогтоохоор ингэхдээ орон нутагт нь татварын хэмжээг хонин толгойд шилжүүлснээр 1000 төгрөгөөр ихгүй тогтоох боломжтой байх эрхийг өгөхөөр хуулийн төслийг боловсруулсныг УИХ ийн хэлэлцлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж