Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна


Х.Тэмүүжин: 64 зөвд зориггүй, бурууд тэвчээргүй л улс юм

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Та сүүлийн үед юу хийж байна вэ?

-Нэг, хоёр судалгаан дээр суугаад, хааяадаа лекц уншаад, завгүйхэн л байна.

-Үндсэн хуулийн цэц УИХ-ын нөхөн сонгууль товлон зарлах тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргалаа. Энэ нь өөрөө цэцэд эрх баригчид  нөлөөлсөн, нөлөөлөөгүй гэх мэтээр нийгэмд талцал үүсгээд байна л даа. Та хуульч  хүний хувьд цэцийн шийдвэрт ямар дүгнэлт хийж байна вэ?

-Энд хоёр, гурван зүйлийг ялгаж харах ёстой. Нэгд, сонгуулийн  тухай хуульд заагдсан сонгуульд нэр дэвшигч сонгуулийн жил болохоос өмнө төрийн алба хашиж байгаа бол ажлаасаа чөлөөлөгдөх заалт бий. Энэ заалт уг нь ээлжит сонгуульд зориулагдсан, түүнд үйлчлэх заалт. Хэн ч энэ жил эсвэл ирэх жил нөхөн сонгууль болох байх, би дэвших юм гэж таамгаар, тодорхойгүй нөхцөлд ажлаа өгөх гэж бодохгүй. Ухаалаг бус ийм зохицуулалт хуульд бичих ёсгүй. Ээлжит сонгуульд үйлчлэх заалтыг ашиглах байдлаар нөхөн сонгуулийг явуулахгүй гэх нь хууль зүйн гэхээс  илүүтэй улс төрийн учир шалтгаантай байна. Улс төрийн учир шалтгаан нь МАН ээлжит бус сонгуулийг өөрсдөдөө эрсдэлтэй, ашиггүй гэж үзсэнд. Ялангуяа МАН-ын дарга энэ сонгууль намын нэр хүндээс нь илүү өөрийнх нь хувийн нэр хүндэд халтай гэж үзэж буй бололтой. Эрх баригчдын хүсэхгүй байгаа нөхөн сонгууль 2020 оны ээлжит сонгуулийг тэдэнд ашиггүй зүг хөтлөх магадлал их байна. Сонгогчид өөр сонголт хийхэд бэлэн болсныг эрт мэдрүүлнэ гэдэг эрх баригчдаас гадуур, өөр, шинэ сонголт хийх итгэл, зориг иргэдэд нэмэгдэнэ гэсэн үг. Үүнээс айж, болгоомжилсон учраас ямар ч аргаар хамаагүй нөхөн сонгууль явуулахгүй байх, хойшлуулах ёстой гэж эрх дархтнууд тохирсон бололтой. Энэ тохироонд нь Үндсэн хуулийн цэц гар хөл болж оролцон, асуудлыг нь шийдэж өгч байгаа нь хамгийн харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Ер нь бол Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн манаач байхаас илүү Үндсэн хуулиас хулгай хийдэг, Үндсэн хуулийн үзэл санааг үгүй хийхэд тусалдаг, шийдвэр гаргахдаа улс төр, хуулийн өндөр албан тушаалтнууд, санхүү, бизнесийн бүлэглэлийн захиалга, үүрэг, даалгаврыг биелүүлдэг гэх шүүмжлэл хоосон биш гэх ээлжит нотолгоо энэ удаагийн нөхөн сонгуулийн тогтоолыг хүчингүйд тооцсон явдал болж байх шиг. Зарим нэг улс төрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллага хэлж, бичиж байгаачлан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээлэл Цэцэд гаргасан хүн нь Ерөнхий сайдтай холбоотой гэдэг үнэн бол энэ нь өөрөө төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсантай адил Үндсэн хуулийн эсрэг үйлдэл. Харамсалтай нь, Үндсэн хуулийг манах үүрэгтэй цэцийн гишүүд энэ Үндсэн хуулийн бус үйлдэлд тусалж, гардан хэрэгжүүлж байгаа нь хамгийн том гамшиг юм даа.

-УИХ-ын гишүүд нөхөн сонгууль товлох тогтоол Үндсэн хууль зөрчиж байгаа гэдгийг мэдээгүй баталсан гэсэн үг үү. Энэ нь өөрөө 65-ын бүлэг, хууль тогтоох дээд байгууллагын чадамжийг шалгачхав уу гэж харах хүмүүс байна?

– Энэ бол УИХ-ын алдааны тухай ойлголт биш. Ээлжит сонгуульд барьдаг зарчмыг ээлжит бус сонгуулийн үед адил баримтална гэх тайлбараар Үндсэн хууль зөрчсөн болгон харагдуулж шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн ээлжит бантан. Нэг хэсэг иргэдийг төлөөлөлгүй, сонгох эрхгүй байлгах агуулгатай шийдвэр гаргах нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг, нөгөө талаас Үндсэн хуульд байгаа ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулж төрийн эрхийг барина гэх ардчиллын суурийг үгүйсгэж байгаа юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Б.Бямбасайхан: Монгол сэргээгдэх эрчим хүчээ Япон, Солонгост зарах боломж нээгдэж байна

Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхантай ярилцлаа.


-Энэ сарын эхээр болсон “Дисковер Монголиа” чуулга уулзалтын салбар хуралдаанд тавьсан таны илтгэл анхаарал татаж байсан. Бүс нутгийн эдийн засагтайгаа холбоотой хөгжих ёстой гэдэг  шинэ санаа шүү…?

-Яагаад ийм бизнесийн хурал, чуулган хийгээд байна вэ гэсэн асуултын хариу маш тодорхой. Зах зээлдээ ойртохын тулд л өөрсдийгөө танилцуулах гээд байгаа хэрэг шүү дээ. “Дисковер Монголиа”-гийн хувьд зах зээлийнхээ тухай нэгдсэн ойлголттой болох зорилгоор хуралдлаа. Өнгөрсөн жил болсон Монголын бизнесийн зөвлөлийн чуулга уулзалтаар бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн интеграцийн тухай хэлэлцсэн. Энэ жилийн хувьд олон улсын худалдааны харилцаанд онцгой үйл явдлууд болж байна. Америк, Хятадын “худалдааны дайн” эрчээ авлаа. Ѳчигдѳр л гэхэд АНУ БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараанд 10% татвар шинээр ногдуулах шийдвэр гаргасан, ѳнѳѳдѳр БНХАУ хариуд нь 60 тэрбумын бараанд 5-10% ногдуулахаар боллоо. Энэ “шинэлэг харилцаа” бусад орнуудыг ёстой шоконд оруулж байна гэж болно. Манай бүс нутагт энэ яаж нѳлѳѳлѳх талаар Дисковер Монголиа дээр хэлэлцсэн. Монгол гэдэг улсын оршин буй бүс нутгийг  харахаар их том зураг харагддаг. Казахстан, Орос, хоёр Солонгос, Монгол, Япон, Хятад, Энэтхэг гээд жагсаахаар дэлхийн эдийн засгийн 30 гаруй хувь нь манай бүс нутагт байх жишээний. Монгол, Хятадын эдийн засгийн харилцааг харахад л худалдааны эргэлт нь 6.6 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Саяхан Хятадын Гадаадын яамны сайд нь ирээд явахад худалдааны эргэлтийг тун ойрын үед 10 тэрбум болгоно гэсэн зорилт тавьсан. 1949 онд 2 улс дипломат харилцаа тогтоосноос хойш иж бүрэн түншийн харилцааг өнөөг хүртэл бий болгосон гэдгээ гадны улсуудад тайлбарлаж ойлгуулах нь бидний үүрэг. Учир нь Монгол-Хятад, Монгол-Орос, Монгол-Япон, Монгол-Солонгос гэсэн харилцаануудыг гадныхан төдийлэн сайн мэддэггүй, ойлгодоггүй. Монголын талаар бага мэдээлэлтэй учраас тэр байх. “Дисковер Монголиа”  дээр бүс нутгийн интеграцийг ярья, тэгэхийн тулд Монгол улсын хөршүүдтэйгээ үүсгэсэн харилцааны тухай тодруулж хэлэлцье гэж зорьсон.

“Бүс ба зам” гэсэн санаачлага байна. Эрчээ аваад явж эхэлсэн, санхүүжүүлэх эх үүсвэрүүд нь байна. Сая гэхэд л Хятадын дарга Владивостокт Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк төслүүдээ санхүүжүүлнэ гэж дахиад зарлалаа. Энэ бол манай хувьд маш том боломж нээгдэж байна гэж хѳрѳнгѳ оруулагчид үзэж байгаа юм билээ.

– “Бүс ба зам” санаачлагын хүрээнд жил бүр 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэл үү?

-Азийн хѳгжлийн банкны судалгаагаар Азийн бүс нутагт дэд бүтцэд энэ хэмжээний хѳрѳнгѳ дараагийн 15 жил, жил болгон шаардлагатай гэж байгаа. Эрчим хүчний салбарт үүний 60% шаардлагатай. Зүүн Азийн бүс нутагт хѳрѳнгѳ оруулалтын 61% мѳн шаардлагатай гэсэн тооцоолол гарсан.

-Сая манай улсын Ерөнхийлөгч Владивостокт айлчлаад ОХУ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, БНХАУ-ын даргатай уулзахдаа Азийн супер сүлжээг ярилаа. Энэ хэр ач холбогдолтой алхам болов?

-Азийн супер сүлжээний асуудлыг төрийн тэргүүний төвшинд тавьж байгаа нь Монгол Улс ѳнѳѳдѳр ийм боломжтой болсноо олон улсад тунхаглаж байна гэсэн учиртай. Ѳѳрѳѳр хэлвэл бидний бэлтгэл хангагдаж байна гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчийг барьж байгуулж, ашиглаж сурч байна гэсэн үг. 2007-2016 онуудад энэ салбарын бодлого, эрх зүй, зохицуулалтын орчин тодорхой, тогтвортой байснаар ѳнѳѳдрийн 155МВ салхины станцууд, мѳн 5 нарны станц баригдаж ашиглагдаж байна. Дотоодын зах зээлээ хангаж, хѳгжүүлснээр энэ чиглэлэлийн ноү хау Монголд бий болж байна гэсэн үг. Одоо үүнийгээ экспортлох бодлогоо хэрэгжүүлж эхэлж байгаа хэрэг. Экспортын тухайд бид судалгаануудаа хийж байгаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Ц.Нацагдорж: ДЦС-4-ийн осол зөвхөн нэг хүний алдаа биш

Монгол Улсын зөвлөх инженер, эрчим хүчний аудитор Ц.Нацагдоржтой ДЦС-4-т гарсан гэмтэл болон эрчим хүчний салбарын асуудлаар ярилцлаа.


-Өнгөрөгч амралтын өдөр ДЦС-4-т гарсан гэмтэл иргэдийг нэлээд сандаргалаа.  Азаар урин цаг байлаа. Гэхдээ энэ удаагийн гэмтэл анхных  биш. Өмнө нь  2006, 2015 онуудад ч бас тэг зогсолт хийж байсан гэдэг. Энэ үед та ажиллаж байсан шүү дээ. Тухайн үеийн гэмтлийн талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 15-ны өглөө 09.54 цагт Монгол Улсын хамгийн том хүчин чадалтай Дулааны IV цахилгаан станцад аваар гарч, бүрэн зогссон. Хамгийн их ачааллыг үүрч байсан станц зогсоход бусад станцууд ачааллаа дийлэхгүй мөн аваарын байдлаар зогсдог. Ингэснээр Төвийн бүсийн эрчим хүчний систем аваарын байдалд орж нийслэл хот болон хэд хэдэн аймаг цахилгаангүй болсон. Энэ удаагийн аваар “ДЦС-4” ТӨХК-ийн хувьд анхных биш, 2006 оны тавдугаар сарын 16-нд мөн 2015 оны тавдугаар сарын 24-нд  бүрэн зогсож байсан. Энэ гурван аваар хоорондоо төстэй, 220кВ (киловольт)-ын Ил Хуваарилах байгууламжид газардлага, гэмтэл гарсантай холбоотой хамгаалалт ажиллаж 220 кВ-ын “систем шин” хүчдэлгүй болж, гадагш хэрэглэгч рүү болон дотогшоо станцын дотоод хэрэгцээнд өгдөг бүх өндөр хүчдэлийн, цахилгааны шугамууд таслагддаг. Ингэснээр хэрэглэгчгүй таслагдсан турбогенераторууд, зуухнууд мөн аваарын байдлаар зогсдог. Тэг зогсолт гэдэг нь станц өөрөөсөө ямарч цахилгаан гаргахгүй, өөрөө бие даан сэргэх боломжгүй болсон нөхцөл байдлыг хэлдэг. Тэг зогсолтыг  сэргээхдээ ОХУ-с цахилгаан авч сэргээсэн гэж ойлгож болно.  Тухайн үед үндсэн тоноглолууд эвдрэх, гэмтэх магадлал маш өндөр байдаг. Энэ удаагийн зогсолтын хувьд турбогенератор-2, 3-ын холхивчууд гэмтсэн. Гэмтлийг засварлах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ нь шууд хохирол болно. Харин шууд бус хохирлыг тооцохдоо нийт хэрэглэгчдэд ямар хохирол гарсныг тооцож байж гаргана.

-Энэ удаагийн гэмтэл нэг хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг салбарын сайд нь тодотгосон. Бүхэл бүтэн эрчим хүчний  үйл ажиллагаатай  нэг хүн шууд харьцдаг гэж ойлгогдохоор байгаа юм л даа. Үүний цаана мэдээж хяналт шалгалт давхар бий биз дээ?

-Цахилгаан станц нь маш нарийн нийлмэл байгууламж юм. Станцыг маш том мэргэшсэн баг хамт олон удирдаж явуулдаг. Мэдээж сэлгэн залгалт хийхэд олон давхар хяналт тавигддаг. Сэлгэн залгалтын бланкийг  үйлдэл бүрээр нь хянадаг. Сэлгэн залгалтын бланк нь нийлмэл цахилгаан байгууламжийг засварт гаргах, засвараас ажиллагаанд оруулахад хийгдэх үйлдлүүдийн дэс дарааллыг тогтоож өгдөг бичгээр үйлддэг баримт бичиг юм. Ил хуваарилах байгууламжийг засварт гаргах, ажилд оруулах ажиллагаа сэлгэн залгалтын бланкийн дагуу хийгддэг. Сэлгэн залгалтын бланкаар ажиллахдаа хийх гэж байгаа үйлдлээ нягтлан зөв эсэхийг нягталсны дараа үйлдлээ гүйцэтгэдэг, мөн үйлдэл хийж байгаа хүн болон хяналт тавьж байгаа хүн хамт хянадаг. Нийлмэл цахилгаан байгууламжид (220 кВ-ын Ил хуваарилах байгууламж-4)-д сэлгэн залгалт хийхдээ тухайн сэлгэн залгалт хийх чадварыг эзэмшсэн хоёроос доошгүй хүн сэлгэн залгалт хийх ба дээд албан тушаалтан нь үйлдэл бүрт хяналт тавих үүрэгтэй байдаг. Бланкийг цахилгаан цехийн ашиглалтын инженер, цехийн дарга, лабораторийн эрхлэгч нар хянаж баталгаажуулсан байдаг. Мөн ил хуваарилах байгууламжийг засварт гаргахдаа захиалга бичиж түүнийг техникийн дээд удирдлагууд зөвшөөрөл өгдөг. Шуурхай ажиллагааны үед цахилгаан цехийн ээлжийн дарга, станцын ээлжийн инженер, Диспетчерийн үндэсний төвийн диспетчер хянаж зөвшөөрөл өгдөг. Иймээс энэхүү алдаа нь зөвхөн нэг хүний алдаа биш юм.  Харин сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ нийт багийн алдаа эцэст нь хэн нэгэн ажилтан дээр очиж илэрдэг гэсэн санаа байгаа байх гэж ойлгосон.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"13 настай охид биеэ үнэлж байна"

“Хүйсийн тэгш эрх” төвийн тэргүүн Г.Ганбаясахтай хүний худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн асуудлаар ярилцлаа.


-Монголд хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Хүн худалдаалах гэмт хэргийг хүмүүс нэг биеэ үнэлэгчийн асуудал мэтээр хардаг. Хүн худалдаалах гэмт хэрэг гэдэг үндсэн гурван шинжийг агуулдаг. Хүний биеийг хүчээр үнэлүүлэх, боолчлох, албадан хөдөлмөр эрхлүүлэх, цус эд эрхтнийг авах гэх мэт. Дэлхийн бусад улс оронд хүний наймааг зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үдэг. Манай төв 2002 оноос хойш 2000 гаруй хүнд туслалцаа үзүүлсэн. Эдгээрээс 700 нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж, тэдний 400 орчмыг нь гадаадын найман улсаас эх оронд нь авчирсан байна. Хохирогчдийн 95 хувь нь эцсийн мөчид очих хүртлээ өөрийгөө хүний наймааны хохирогч болсноо мэддэггүй. Хэн ч ямар ч тохиолдолд би чиний биеийг хүчээр үнэлүүлээд паспортыг чинь хураана чи надад мөнгө төлнө гэвэл итгээд дагаад явах хүн байхгүй шүү дээ. Зарим тохиолдолд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдэд гадагшаа их мөнгө олох санал тавьсан байдаг.

-Малайзад биеэ үнэлдэг гэх дөрвөн эмэгтэйг баривчилсан талаар мэдээлэл цацагдах боллоо? Эдгээр хүүхний талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Яг хохирогчидтой холбогдоогүй болохоор нөхцөл байдлын талаар хэлж мэдэхгүй байна. Өмнөх туршлагаас харахад 10 гаруй жилийн хугацаанд Малайз улсаас таван хохирогч авчирсан. Ингэхдээ 2008 онд таван хохирогчийг авчраад хуулийн байгууллагаар гэмт этгээдэд ял оноохыг хүссэн. Тэгтэл уг хэрэг 18 удаа шүүх хурлаар орж 2012 онд шийдвэрлэгдсэн. Тухайн эмэгтэйчүүдийг бүгдийг нь өөр замаар Малайзад авчирсан байсан. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 40 орчим хохирогч тухайн үед байсан. Ерөнхий нийтлэг тохиолдлоос харвал хохирогчид нийгмийн зүгээс ирж буй доромжлол, айдсаас болоод өөрийгөө ил гаргаж хуулийн байгууллагад хандахаас цааргалдаг.

-Хүний наймааны гэмт хэрэг ихэслээ гээд байгаа. Яг ихэссэн гэх тоо баримт байна уу?

-Манай төв 2002 оноос эхлэн ажиллахдаа 2400 кейс дээр ажилласан. Үүний 700 гаруй нь хүний наймааны хохирогч бусад нь хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг үйлдлүүд байсан. Хууль эрх зүйн хувьд манай улс 1996 онд эрүүгийн хуульд тусгасан. 2008 оныг хүртэл хүний наймаатай холбоотой хоёр хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэтэл энэ хугацаанд 25 гэмт хэрэгт 127 хохирогч хуулийн байгууллагад хандсан байдаг. 2008 оны хоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл шүүхээр 100 гаруй хохирогчтой 40 гэмт хэрэг шийдэгдсэн байна. Үүнээс харахад хууль эрх зүйн орчин сайжирсан.  Сүүлийн хоёр жилд хүн худалдаалах 16 гэмт хэрэг гарсан боловч нэг ч хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй. Манай байгууллагад жилдээ 50 орчим хүн хүний наймааны хохирогч болчихлоо гэж ханддаг.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж