ТАСС/EPAMASSULIS MBASAN
Яваны тэнгисийн ёроолоос AirAsia компанийн онгоцны сүүл хэсгийг гаргах оролдлого бүтэлгүйтлээ гэж Индонезийн Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч өнөөдөр мэдэгдсэн байна.
Тэр газрын усан доорх урсгал маш хүчтэй байсан учир шумбагчид далайн ёроолд хүрч чадсангүй. Агаарын хөлгийн сүүл хэсэг 35 метрийн гүнд байгаа гэнэ. Индонезийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч генерал Мулдоко эрлийн ажиллагааг удирдаж байгаа бөгөөд тэрээр онгоцны сүүл хэсгийг гарган авах ажиллагааг баасан гаригт үргэлжлүүлнэ гэсэн байлаа.
Үүний өмнө, шумбагчид онгоцны сүүл хэсгээс хүчилтөрөгчийн баг, савтай ус зэргийг гарган авсан байв. Гэхдээ онгоцны тэр хэсэгт байх ёстой “хар хайрцгийг” хайж чадаагүй гэнэ. Одоогоор онгоцны зорчигчдоос 41 хүний цогцсыг олоод байгаа юм. Ослоор амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд 99 мянган ам.долларын нөхвөр олгохоор шийджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР