Бага хурлаас байгуулсан нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Бага хурлаас байгуулсан нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэлж байна

Бага хурлаас байгуулсан нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэлж байна

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнөөдөр өглөө үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Түүгээр Мандатын комиссын илтгэл, Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын үндсэн илтгэл, Хяналтын хорооны тайлан зэргийг сонсож, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцсэн юм.

Өглөө ширүүхэн уур амьсгал дунд хуралдаанаа эхэлсэн Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлын төлөөлөгчид эв зүйгээ олж хурал хэвийн горимоор үргэлжилсэн бөгөөд МАН ардчилалтай, эв нэгдэлтэй нам гэдгээ үүгээр дахин харууллаа.

Бага хурал оройн 19:00 цагийн байдлаар нээлттэй, ардчилсан зарчмаар үргэлжилж байна.

Нийслэлийн МАН-ын Бага хурлын үдээс хойших хуралдаанаар Нийслэлийн МАН-ын хороог байгуулж, гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд хуралдсан нийслэлийн МАН-ын 33 дугаар Бага хурлаас хойш нийслэлийн МАН-ын хороо нь нийт 189 гишүүнтэй, 13 тэргүүлэгч бүхий бүтэц зохион байгуулалттай ажиллаж байсан бол 2016 оноос 17 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нийслэлийн МАН-ын хорооны өнөөгийн бүтцээр нэг дарга, 5 дэд даргатай, дэргэдээ дөрвөн төрийн бус байгууллага, Хэрэг эрхлэх газар, 9 дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид, дүүргийн МАН-ын хорооны гишүүд, төрийн бус байгууллагын сонгуультнууд, 152 үүрийн дарга, дэд дарга, тэргүүлэгчид, төрийн бус байгууллагын салбар зөвлөлд нийт 1500 орчим идэвхтэн сонгуультантай, 34896 мянган гишүүнтэйгээр ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр болж буй Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлаар Нийслэлийн МАН-ын хороог 369 гишүүнтэй болгон өргөтгөлөө. Бага хурлын явцад төлөөлөгчид танхимаас Нийслэлийн МАН-ын хороог хуучнаараа 189 гишүүнтэй, эсвэл 211 гишүүнтэй байх тухай саналыг дэвшүүллээ. Гэвч Нийслэлийн МАН-ын анхан шатны бүх байгууллагыг төлөөлөн Бага хуралд сонгогдсон 369 төлөөлөгчийг бүгдийг Нийслэлийн МАН-ын хорооны гишүүнээр сонгон МАН-ын хороог байгуулах тухай Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын гаргасан санал олонхийн саналаар дэмжигдэж батлагдлаа. Тэдний дотор Нийслэлийн МАН-ын анхан шатны 152 үүрийн төлөөлөл, УИХ-ын 28 гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч, 9 дүүргийн намын хороодын удирдлага багтаж, өргөн бүрэлдэхүүнтэй болж байна.

Ингэснээр Нийслэлийн МАН-ын удирдлага Бага хурлын нийт гишүүдийн саналаар сонгогдохоор болж байгаа юм.

Одоо Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлаас байгуулсан Нийслэлийн МАН-ын хорооны анхдугаар хуралдаан эхэлж байна. Түүгээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга, 3 дэд даргыг нууц санал хураалтаар сонгоно.

Э.ОЮУН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж