Цахим архивийн нээлтэд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Цахим архивийн нээлтэд оролцлоо

Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ТИКА санхүүжилтээр хэрэгжсэн "Цахим архив" төсөл нээлтээ хийлээ. Уг арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар үг хэлсэн бөгөөд тэрбээр энэхүү архивт 10 мянга гаруй нэгж түүхэн баримт, гэрэл зураг хадгалагдаж буйг хэлээд Туркийн эрэлт хайлтын систем бүхий программ хангамжийг нэвтрүүлсэн учир Засгийн газар ард иргэддээ жинхэнэ утгаараа нээлттэй болж чадлаа хэмээн тэмдэглэв. Архив Төрийн ордны доод давхарт ажиллах бөгөөд судаачдын өмнө хаалга үүд нь нээлттэй болохыг ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга хэлж байсан.

Цахим архивын нээлтийн ажиллагаанд манай оронд анх удаагаа айлчилж буй Бүгд найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мехмет Али Шахин оролцлоо. Тэрбээр нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ өвөг дээдсийнхээ амьдарч байсан нутагт амжилттай хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэж байв.

Цахим архивын нээлтийн тууз хайчилсны дараа архивын дотоод байдалтай зочдыг танилцууллаа. Тус архив уншлагын хоёр танхимтай бөгөөд ажлын цагаар буюу 09.00-18.00 цаг хүртэл ажиллах хуваарьтай аж. Цахим архивт 1956 – 2010 оны хугацаанд гүйцэтгэх засаглалаас гаргаж байсан бүхий л тогтоол, шийдвэрүүд хадгалагдаж байгаа бөгөөд архивын уншлагын танхимд төдийгүй байгууллагын дотоод сүлжээгээр мэдээлэл хайх боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж буй ажээ.

Ийнхүү Төрийн ордонд бороонд норохгүй, салхинд хийсэхгүй, галд шатахгүй архив үүд хаалгаа нээлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж