Улирлын өмнө: Калгари Флэймз

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Калгари Флэймз

Улирлын өмнө: Калгари Флэймз

Канадын Калгари Флэймз Д.Саттер менежерийн эрин үед стэнлийн цомыг хүртэж байсан. Харин 2010 онд Д.Саттер багийг орхисноос хойш Канадын төлөөлөл Калгари Флаймз уналтанд орж, багийн удирдлагын түвшинд халаа сэлгээ хийсэн боловч тогтворгүй байсаар 2014 онтой золгосон. 2014 онд Б.Треливинг багийн ерөнхий менежерээр ирснээс хойш жил өнжөөд плэй-оффт хоёр удаа Калгари Флэймз шалгарсан. Өнгөрсөн улиралд плэй-оффт шалгарч чадаагүй тул дасгалжуулагч Г.Гулуцаныг ажлаас нь чөлөөлж Б.Питерсийг томилоод байна. Багийн сэргээн босголт чухам хэдий болтол үргэлжлэх бол?

Шинээр ирээд буй дасгалжуулагч Б.Питерс тийм ч туршлагатай сайн дасгалжуулагч биш. Калгарид ирэхээс өмнө Каролинад ажиллахдаа плэй-оффт шалгарч чадаагүй.

  • Багаас явсан тоглогчид: хамгаалагч Д.Хэмилтон, довтлогч М.Ферланд хоюулаа Каролина Харрикейнз руу, довтлогч Х.Шинкарук Монерал Канадиенс руу, хамгаалагч М.Барковски Миннесота Уайлд руу, довтлогч Т.Брауэр Флорида Пантерс руу, довтлогч М.Стэйжан Германы лигийн Ред Булл руу, довтлогч К.Верстиг ТХЛ-н Авангард руу
  • Багт ирсэн тоглогчид: Н.Ханифин, Э.Линдхольм, Д.Райан бүгд Каролина Харрикейнзээс, довтлогч А.Куйне Нью-Йорк Айландерсаас, довтлогч Ж.Нейл Вегас Голден Найтсаас

Калгари Флэймз баг энэ зун Каролина Харрикейнз багтай хэд хэдэн тоглогчдын дунд солилцоо хийсэн. Мөн Каролина Харрикейнз багаас чөлөөт агент болоод байсан Д.Райаныг авчирсан. Энэ бол өнгөрсөн улиралд Каролина Харрикейнз багт ажиллаж байгаад ирсэн дасгалжуулагч Б.Питерсийн хүссэн солилцоо болов уу? Дасгалжуулагч Б.Питерс залуу тамирчид болох Н.Ханифин болон Э.Лидхольм нарыг илүү ирээдүйтэй гэж харсан. Үнэхээр ч энэ хоёр залуугийн үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгаа. Дээр нь нэмэгдээд Каролинагаас чөлөөт агент болсон Д.Райан, Вегас Голден Найтсаас чөлөөт агент болсон Ж.Нейл нарын ид ирэн дээрээ байгаа, туршлагатай залуусыг авчирсан. Дундаж багийн хувьд Б.Питерсийн хийж буй солилцоо тун боломжийн болсон. Насны хувьд бас л залуу, ирээдүйтэй багийг Б.Питерс дасгалжуулагч болон Б.Треливинг нар босгож байна. Энэ залуу багийг чухам яаж тоглуулах нь дасгалжуулагчийн арга ухаан юм.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

I лайн:

Ж.Гудро – С.Монахан – Э.Линдхольм

М.Жиордано – Ти.Жей.Броди

II лайн:

М.Ткачук – Д.Райан – Ж.Нейл

Н.Ханифин – Т.Хамоник

III лайн:

М.Фролик – М.Бэйклунд – А.Кзарник

Б.Кулак – М.Стоун

Энэ зун багт ирсэн тоглогчид тоглогчид багт эзлэх байр суурь нь нэлээд өндөр байгаа тул эхний 3 лайнд шууд гарах магадлал өндөр байна. Учир нь энэ цаг үеийн дундаж Калгари Флаймз багт тэдний хэмжээнд хүрэх тоглогчид гэвэл Ж.Гудро, С.Монахан, М.Ткачук болон М.Жиордано нар л байгаа. Өнөөгийн Калгари Флэймз багийн ирээдүй энэ зун ирсэн тоглогчдоос шууд хамааралтай болж байгаа нь багийн бүтээн босголт болоогүй байгааг харуулж байна. Калгари Флэймз багийн багтдаг Өрнөд бүсийн Номхон далайн дивизион бол тийм ч хүчирхэг дивизион биш. Мэдээж Анахайм, Сан-Хосе, Лос-Анжелес гэсэн гурван багийн дунд плэй-оффын гол өрсөлдөөн өрнөх ч Вегас Голден Найтс, Эдмонтон Ойлерс багуудтай хамт Калгари Флэймз плэй-оффт гарна гэж үзэх байх. Энэ жилдээ чадахгүй байж болох ч ирээдүй гэрэлтэй байгаа багуудын нэг бол Калгари Флэймз баг юм.

Харин гол асуудал нь дасгалжуулагч. Яг үнэндээ Б.Питерс дасгалжуулагчийг багаа плэй-оффт гаргаад ирнэ гэж бодохгүй л байна. Калгари Флэймз багт байгаа бас нэгэн ярих ёстой зүйл бол багийн ахлагч М.Жиордано юм. Багийн хамгаалалт бол энэ залуугаас бүрэн хамаардаг. Гэвч М.Жиордано илүү өндөр түвшинд хүрч Пи.Ки.Суббан, Б.Бёрнс, В.Хэдман, Д.Даути, Э.Карлссон нарын түвшинд хүрч чадахгүй л байна. Дундаж түвшинд байгаад байвал багийн амжилт мөн л дундаж түвшинд л байсаар байх болов уу?

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж