Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Г.Бумчимэгтэй ярилцлаа.
-Ам.долларын ханш сүүлийн хэдэн өдөрт чангарсаар 2500 төгрөгийг давлаа. Энэ өсөлтийн шалтгааныг та хэрхэн харж байна вэ?
-Өнгөрсөн оны есдүгээр сард ам.долларын ханш 2464 орчим төгрөгтэй тэнцэж байсан. Өнөөдрийн байдлаар 2500 орчим төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш 1.6 хувиар суларсан байгаа. Үүнийг огцом, хүчтэй өөрчлөлт гэж хэлэх үндэслэлгүй. Харин манай улсын худалдааны гол түнш болох БНХАУ-ын юаньтай харьцах төгрөгийн ханш чангарсан. Өмнө нь 371 төгрөгөөр 1 юанийг худалдан авдаг байсан бол өнөөдөр 365 төгрөг болсон байна. Тэгэхээр ханш тогтвортой байна. Сүүлийн хэдэн өдөр бага зэрэг суларсан нөхцөл байдал харагдсан.
-ГВАН 2.9 тэрбум ам.доллар байна. Нөөцийг цаашид нэмэгдүүлэх боломж хэр харагдаж байна вэ?
-ГВАН 2.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 1.3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Манай улс 2016 онд хүсэлтээ гаргаад, 2017 оноос ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Тэгэхээр эрсдэл төдийлөн арилаагүй гэж харж байгаа. Мөн ирэх онуудад гадаад өрүүд төлөгдөхөөр хүлээгдэж байна. Тухайлбал, Засгийн газрын гадаад өр 6.9 тэрбум, Монголбанкных 2 тэрбум ам.долларт хүрсэн учраас гадаад валютын нөөцийг дахин нэмэгдүүлэх шаардлагатай.
-Ханшийн талаар эргээд онцолъё. Та түрүүн ханш харьцангуй тогтвортой байна гэсэн. Тэгэхээр энэ удаагийн хөдөлгөөнийг улирлын шинж чанартай гэж харж болох уу?
-Бид сая нэрлэсэн ханшийг ярьсан. Харин бодит ханшийг харвал чангарсан байгаа. Өөрөөр хэлбэл, манай нэрлэсэн ханш 1.6 хувиар суларсан. Гэсэн хэдий ч манай дотоодын барааны инфляци импортоор орж байгаа барааны үнийн өсөлтөөс илүү өндөр байна. Тийм учраас манай үйлдвэрлэгч нар импортын бараатай өрсөлдөх чадвараа алдаж байгаа. Ер нь урсгал тэнцэл алдагдалтай байгаа үед ханш сулрах нь эдийн засагт эрсдэлийг бууруулах эерэг нөлөө үзүүлдэг.
-Төв банк интервэнц хийхээ бууруулсан. Үүний үр дүнг та хэрхэн харж байна вэ, гол шалтгаан нь юу байгаа бол?
-Интервэнц гэдэг маань валют худалдан авах уу, эсвэл нийлүүлэх үү гэдэг асуудал. Төв банк гадаад, дотоод хүчин зүйлсээ харж байж, тухайн шийдвэрээ гаргаж байгаа. Тэгэхээр төв банк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг дээр дурдсан. Өнөөгийн нөхцөлийг харвал манай улсын голлох түүхийн эдийн үнэ өмнөх онтой харьцуулахад тийм ч сайн биш байна. Жишээлбэл, зэсийн үнэ өмнөх оны есдүгээр сард 6570 орчим ам.доллар байсан бол одоо 6000 ам.долларт хүрсэн байна. Тэгэхээр ирээдүйд экспортын орлого буурна гэж үзвэл бид импортоо бууруулж, экспортоо өсгөх шаардлагатай. Үүний тулд төгрөгийн ханш сулрах шаардлагатай. Мөн валютын нөөц нэмэгдэх шаардлагатай. Тэгэхээр төв банкны интервэнц буурсан нь валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагаа илүүд үзсэн бодлого байна гэж харж байгаа.
-9 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцийг хэдий хэмжээнд нэмэгдүүлж байж зохистой, хангалттай түвшинд хүрлээ гэж үзэх вэ?
-Юуны өмнө бид өрөө төлж чадахуйц хэмжээнд хүргэсэн байх ёстой. 2020 онд төв банк 2 тэрбум ам.долларын гадаад өрөө төлнө. Засгийн газрын хувьд бас томоохон өр, төлбөрүүд хүлээгдэж байгаа. Энэ бүхэнд бэлдэхийн тулд валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай юм.
-Төв банкны мөнгөний бодлогын хороо хуралдана. Хуралдаанаас ямар шийдвэр гарах бол?
-Өмнөх хурлаар өр, орлогын харьцааг тогтоох шийдвэр гаргасан. Энэ нь хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого байсан. Тэгэхээр энэ удаад бодлогын хүүг өсгөхгүй байх. Учир нь өмнөх улирлын хурлаар тодорхой хэмжээнд зээлийг хумих бодлого авч хэрэгжүүлсэн. Эсрэгээрээ бодлогын хүүг дахин бууруулах нөхцөл ч бас бүрдээгүй гэж харж байгаа.
-Валютын ханш чангарч байна. Үүнтэй зэрэгцээд монголчуудын худалдан авах чадвар төдийлөн нэмэгдэхгүй байна. Тэгэхээр хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого шаардлагатай вэ?
-Цалингийн түвшин болон өрхийн орлогын түвшин сүүлийн хэдэн улиралд нэлээд нэмэгдсэн. Гэхдээ манай улсын эдийн засаг өсөх, буурах цикл байнга л давтагддаг. Эцсийн дүндээ үйлдвэрлэл төдийлөн өсөөгүй байдаг. Нөгөө талаас төр засаг экспортыг солонгоруулна, төрөлжүүлнэ гэж ярьдаг. Үнэхээр ийм зорилго тавьж байгаа бол ард иргэд төгрөгийн ханш тодорхой хэмжээнд сул байх, сулрахыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол дотоодын үйлдвэрлэгчид импортын бараатай өрсөлдөж чадахгүй байна шүү дээ. Эдгээрээс гадна эдийн засгийн өсөлтөөс гадна хүний хөгжил рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоно.
-Инфляци наймдугаар сарын эцсийн байдлаар 6 орчим хувьтай гарсан. Оны эцэс гэхэд төв банк инфляциа 8 орчим хувьд байлгах ёстой. Энэ зорилтоо хангаж чадах болов уу?
-Инфляци харьцангуй тогтвортой байх болов уу гэж харж байгаа. Өрхийн хэрэглээ нэлээд нэмэгдсэн. Гэхдээ ханш тогтвортой байсан учраас инфляцид ханшийн зүгээс дарамт үзүүлээгүй байх. Ер нь эдийн засаг сэргээд эхлэхээр инфляци өсөх нь ойлгомжтой. Төв банк инфляцийг зорилтоо болгож байгаа учраас зорилтоо хангахын тулд тодорхой арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлэх болов уу.
-Улирлын шинжтэй хүчин зүйл нөлөөлөх болов уу. Намар боллоо, ургац хураалт муу байх ч юм уу, иймэрхүү эрсдэл байж болох уу?
-Ургацын хувьд өнгөрсөн жил нэлээд бага ургац авсан. Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулахад өссөн дүнтэй гарах байх. Мал аж ахуйн хувьд мэдээж энэ жил сайхан жил болж өнгөрч байна. Тэгэхээр махны үнэ өсөхгүй байх гэж харж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ