Цалин, тэтгэврийг нэмэхэд 300 тэрбум шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

Цалин, тэтгэврийг нэмэхэд 300 тэрбум шаардлагатай

-Монгол Улс олуулаа болох бодлого дэвшүүлсэн байж хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн сар тутмынх нь 40 мянган төгрөгийн тэтгэмжийг танаж болохгүйг гишүүд санууллаа-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Баялаг бүтээгчид татвараа төлж чадахгүйгээс төсвийн орлого 905 тэрбум төгрөгөөр буурах, үүнээс болж халамжийн зардлууд 400-500 тэрбум орчим төгрөгөөр буурах. Нөгөө талдаа бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого мөн 400-500 тэрбум төгрөгөөр танагдах болж байгаа нь эргээд нийгэмд бухимдал үүсгэж мэдэхээр байна.

МАН-ын бүлэг энэ асуудлыг 2013 оны нэгдүгээр сард хөндөж, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого буруу байна гэж ярихад “Та нар дандаа муу амладаг” гэж ярьсаар өнөөдрийг хүргэсэн. Шийдлийн Засгийн газар энэ алдааг засах гэж замбараагүй явсан төсвийг цэцглэх гэж оруулж ирсэн ч анхаарах зүйлүүд байна. Тухайлбал, төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, Оюутолгой, Тавантолгой, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх ёстой. Цалингийн доод хэмжээ 192500 төгрөг бол хамгийн бага тэтгэвэр 210 мянган төгрөг. Эдгээр хэсгийнхний цалин, тэтгэврийг нэмэх талаар яагаад бодлого оруулж ирсэнгүй вэ. Гэнэт Засгийн газар асуудал оруулж ирж, нийгэмд бухимдал үүсгэж байна. Эхлээд амаргүй байгаагаа ард иргэддээ ойлгуулах нь чухал байна” гэв.

Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг “2013 оны нэгдүгээр сард хямралыг илрүүлээд одоо хийх гэж байгаа гэж хөнгөвчилж харвал буруу. Өнөөдөр улс төрөө бага яриад урагшаа харж ажиллах нь чухал байна. Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд орлого олох ёстой. Цалин, тэтгэврийг 10 хувь нэмэхэд 300 тэрбум хэрэгтэй. Орлого олохын төлөө ажиллахад Өрийн хязгаар хөдөлгөх боломжийг олгооч, гадаадаас хөрөнгө оруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг гаргаж өгөөч. Ингэвэл Монголд хөрөнгө орж ирнэ, тэр нь эргээд долларын ханшийг бууруулна” гэсэн хариулт өглөө.

Мөн хэлэлцүүлгийн шатанд гишүүд аж ахуйн нэгжүүд дээр хяналт шалгалтыг байнга хийж дарамт учруулдагаа болих хэрэгтэйг сануулав. Үүнд Шадар сайд У.Хүрэлсүх “Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас явуулж байгаа хяналт шалгалтыг багасгаса. Гэхдээ төлөвлөгөөт шалгалт, гэнэтийн шалгалт гэж байна. Бизнес эрхлэгчийг шалгах, дарамтлахгүй байх үүрэг өгч байна. Удахгүй УИХ-аас Зөвшөөрлийн тухай хууль батлагдана. Энэ хүрээнд тодорхой өөрчлөлтүүд орно” гэсэн хариулт өгсөн юм.

Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат нар татварын орлогыг бүрдүүлэхийн тулд малын хөлийн татвар ногдуулж байгаа нь буруу. Түүнийхээ оронд төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 40 хувиар бууруулж, төр тансаг хэрэглээнээсээ татгалзах ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Татвар нэмэх байдлаар хямралаас гардаг тогтолцоо байхгүй. Хямралын үеийн төсвийн тодотголоо хийсэн шиг хийж, хэмнэлт хийсэн шиг хийх шаардлага бий” гэлээ. Тэрээр “Нийгмийн халамж шаардлагатай хэсэгт ямар бодлого барих юм гэдэг тодорхой байх ёстой. Нөгөө талдаа Монгол Улс олуулаа болох бодлого дэвшүүлсэн юм бол хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн сар тутмынх нь 40 мянган төгрөгийн тэтгэмжийг танаж болохгүй. Үндэсний статистикийн хорооноос судалгаа авахад Монгол Улсад өнөөдөр 800 гаруй мянган өрх байгаагаас 17 мянга нь 4-өөс дээш хүүхэдтэй байна. Жил бүр Ерөнхийлөгчөөс эхийн одон авч байгаа ээжүүдийн тоо буурч байна. Ийм үед дээр нэр дурдсан тэтгэмжийг танаж болохгүй. Хоёрдугаарт, Монголд өнөөдрийг хүртэл хийгдээгүй юм нь төсвийн реформ. Төсвийн 65 орчим хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлж байна гэж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр юуг санхүүжүүлэх юм гэдэг тодорхой байх ёстой. Эдийн засгаа эрчимжүүлэх бол төсвийн бодлогоор эрчимжүүлдэг, ингэхдээ мөнгөний бодлоготойгоо уях ёстой. Эдийн засгаа эрчимжүүлье гэдэг бодитой тооцоолол байхгүй байна” гэсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж