Т.Батцэцэг: Монголчуудын бичсэн мессеж бүр миний тулах цэг болсон

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

Т.Батцэцэг: Монголчуудын бичсэн мессеж бүр миний тулах цэг болсон

“Монголынхоо ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Лондонд болон бусад дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд маань намайг дэмжсэнд баярлалаа. Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргахад та бүхний дэмжлэг надад түшиг тулгуур болсон” хэмээн өгүүлэх царайлаг  бүсгүй  бол “Дэлхийн мисс 2014” наадмын оролцогч Т.Батцэцэг. Түүнтэй  “Дэлхийн мисс 2014” наадмын тухай ярилцлаа.

– “Дэлхийн мисс 2014”  наадамд оролцох үед ямар мэдрэмж төрсөн бэ. Өөрийг чинь дэлхийн наадамд оролцож байхад бид энд догдлон үзэж суусан. Монголчууд бүгдээрээ л догдлон хүлээж байлаа. Хэдийгээр титэм зүүгээгүй ч маш амжилттай оролцож, эх орноо сурталчилж чадсан. Үндэсний хувцсаа өмсөөд хамгийн эхний эгнээнд бүжиглэх тэр мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Үнэхээр бахархалтай сайхан байсан. “Би алдах эрхгүй” гэсэн хариуцлагыг өөртөө үүрсэн болохоор маш их хичээсэн. Тэмцээний дараа, одоо эх орондоо ирсний дараа бүр ч их хариуцлага ирж байна.  Дэлхийн наадамд оролцож байхад монголчууд маань намайг их дэмжсэн. Төрийн далбаагаа бариад суудлаасаа босоод зогссон байгааг нь харахаар миний төрсөн ах эгч мэт л санагдаж байсан даа. Үндэсний хувцсаа өмсөөд монгол бүжиг бүжиж байх үедээ Монгол сайхан эх орон, монголынхоо зан заншил, ёс жаягийг дэлхийн олон үндэстнүүдийн мэлмийд үзүүлэхсэн гэж хичээсэн. Монгол хүн болж төрснөөрөө  бахархах сэтгэл төрж байсан.

-Хамгийн хүнд хэцүү үе хэзээ тохиосон бэ. Хэлний бэрхшээлээс эхлээд л асуудал тулгарсан болов уу?                 

-Ер нь тэмцээн ямар зохион байгуулалттай болдгийг мэддэг учраас нэг их хүндрэл учраагүй. Монголчууд маань маш олон мессеж илгээж,  урам өгч байсан учраас тэр болгон хүндрэлтэй асуудлуудыг туулахад хүнд санагдаагүй. Бичсэн мессеж бүр надад тулах цэг болж байсан.

-Ирснээсээ хойш ямар ажил амжуулж байна вэ. Урилга их байна уу.  Ажиглаад байхад телевизүүдийн ярилцлагад их орж байгаа харагдсан?

-Ер нь ирснээсээ хойш олон ажилд дарагдаж байна. Энэ тэндхийн телевизүүдэд ярицлага өгөхөөс эхлээд л ажил ундарсан даа. Олон ч ажлын санал ирлээ.

-2015 он гарчихлаа. Шинэ ондоо ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Шинэ оноо гэрийнхэнтэйгээ маш сайхан угтсан. Намайг дэлхийн тэмцээнд  оролцоход хамгийн их сэтгэл гаргасан хүн бол миний ээж. Ээждээ, гэрийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Шинэ ондоо хийх ажил их байна. Тэр дундаа онцгойлон хэлэхэд “Дэлхийн мисс”-ийн дараагийн тэмцээнд оролцох бүсгүйгээ туслаж дэмжиж, хүмүүнлэгийн ажилд өөрийнхөө хувь нэмрийг оруулах бодолтой байгаа.

-Бусдын харааг булааж, хайрыг татсан сайхан бүсгүй байна гэдэг амаргүй. Энэ зам бартаа саад ихтэй. Өөрийн чинь хувьд загвар өмсөгч гэдэг амаргүй боловч сайхан замыг хэзээнээс сонгосон бэ?

-Загвар өмсөгч хүсэл маань хүүхэд байхаас улбаатай. Загвар өмсөөд арваад жил болсны дараагаас миссийн тэмцээнд орж өөрийгөө сорих болсон.  Олон хүнд хүндлүүлж, бусад охид бүсгүйчүүдэд  үлгэр дуурайлал болдгоороо бидний ажил бахархалтай. Ялангуяа гадаадын улс орнуудад очоод эх орныхоо нэрийг дуурсган “Монгол бүсгүй” хэмээн дуудуулах хамгаас сайхан байсан шүү. Миний нэрээр биш Монгол улсаар минь овоглоход өөрийн эрхгүй омогшдог юм билээ.

-Цахим ерөтөнцөд, фейсбүүк, твиттерт хэр идэвхтэй байдаг вэ?

-Цахим ертөнцөөр аялаад бусадтай санаа бодлоо хуваалцахад цаг зав их хэрэгтэй. Гэтэл би гэдэг хүн зав муутай байх нь их. Тиймээс цахим ерөтнцийн идвэхтэй гишүүн биш. Гэхдээ тэмцээний үеэр боломж л гарвал интернэтэд орж, хүмүүсийн дэмжлэг, санал шүүмжлэлийг харахыг хичээдэг байсан. Охид онлайнаар холбогдож зөвлөгөө хүсэх нь бий. Тэр болгонд нь чадах чинээгээрээ туслахыг хичээдэг.  

-Найзуудынхаа асуултанд хэр их хариу өгдөг вэ?

-Байнга хариулдаг.

-Үнэн гэж үү. Олны танил хүмүүс уншигчид, дэмжигчид, найзууддаа тийм ч их холбогдоод  байдаггүй?

-Би бол байнга хариу өгдөг шүү. /Инээв/

-Загварын ертөнцөд хөл тавьж байгаа залуучуудад хандаж юү хэлмээр байна вэ?

-Шантралгүй өөртөө итгэлтэйгээр шамдаарай л гэж хэлнэ дээ. Хөдөлмөрч, тэвчээртэй, хүний үг сайн сонсч байх юм бол амжилт заавал ирнэ. Тэвчээр гэдэг ганцхан үгэнд л гэхэд  маш олон утга учир багтаж байгаа. Тэвч, итгэ, хүлээ, тэгвэл чи ялна гэдэг үгэнд би дуртай.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж