Цахим орчин эерэг мэдээллээр давалгаална

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Цахим орчин эерэг мэдээллээр давалгаална

Монгол Улс Faсebook хэрэглэгчдийн тоогоор дэлхийн дунджаас 2.1, Азийн орны дунджаас 3.6 дахин их. Facebook хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2017 онд цахим орчинд 299 гэмт хэрэг үйлдэгдсэн бол энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс тав дахин өссөн үзүүлэлт юм.

НУУЦ ҮГЭЭ ОЛОН ҮСЭГ, ТОО ХОЛИЛДСОН БАЙДЛААР ОРУУЛ

Цахим орчинд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Болороос  тодрууллаа.

Тэрбээр “Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нь дотроо олон төрөл. Энэ дотроо хамгийн их үйлдэгдэж байгаа нь онлайн худалдаа. Ээжүүд интернетээс бараа бүтээгдэхүүн худалдан авч байна. Интернетээс худалдан авалт хийхэд захиалагч байгууллага нь үнийн дүнгийн тодорхой хувийг шилжүүлэхийг шаарддаг. Ингээд шаардсан мөнгийг данс руу нь шилжүүлдэг ч захиалсан бараа нь ирэхгүй, хууртагдаж байна. Мөн өсвөр насны хүүхэд цахим орчинд сонирхолтой сонжоо, дуу, бичлэг үзэж байтал цааш үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл энд дарна уу гэсэн холбоос гэнэт гарч ирдэг. Түүн дээр дарснаар өөрийн хувийн мэдээллээ оруулахыг шаардана. Ингээд зааврын дагуу бөглөснөөр өөрийн нууц мэдээллийг бусдад алддаг. Тиймээс иргэд Facebook-ийнхээ нууц үг, мэдээллийг аль болох олоход хэцүү хэлбэрээр оруулах хэрэгтэй. Нууц үгээ төрсөн он, сар, өдрөөр оруулалгүй олон үсэг, тоо холилдсон байдлаар оруулах хэрэгтэй. Мөн ямар нэгэн холбоос линк гарч ирвэл түүн рүү нэвтрэх хэрэггүй” гэлээ.

300 ЗУЛАА ЦАХИМ ОРЧИНД ЭЕРЭГ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ ЭЛЧ БОЛЛОО

Мэдээлэл технологийн хөгжил олон давуу талыг бий болгож байгаа ч багагүй сөрөг тал дагуулж байгаа. Тиймээс цахим орчин дахь хэрэглээний соёлыг төлөвшүүлэх үүднээс залуучуудын идэвх, санаачилга, оролцоог нэмэгдүүлэх аян эхлүүлж байгаа юм байна. “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин”  аяны талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очироос тодрууллаа.

Тэрбээр “Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь залуу хүн. Залуучууд цахим орчинд идэвхтэй оролцдог. Тиймээс нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин” хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.9.21/ зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарт ажиллахаар суралцаж буй 300 гаруй залуу оролцож байна. Хэлэлцүүлэгт оролцож буй залуус цахим сүлжээнд эерэг, аюулгүй, хариуцлагатай мэдээлэл түгээх элч болж байгаа юм. Энэ хүрэнд “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин” аян зохион байгуулж, өдөр бүрийг эерэг мэдээллээр эхлүүлэх уриалга өрнүүлж байгаа” гэлээ.

“Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин” аян ирэх даваа гаригаас эхлэн долоо хоног үргэлжлэх юм байна. Өөрөөр хэлбэл, цахим орчин ирэх даваа гаригаас эхлэн эерэг мэдээллээр давалгаалах нь ээ.

  • Аяны эхний өдөр буюу даваа гаригийг эерэг мэдээлэл түгээх өдөр болгон зарлажээ. Энэ өдөр цахим орчинд бусдад хэрэгтэй эерэг мэдээлэл түгээнэ.
  • Мягмар гаригийг талархах өдөр болгон зарлажээ. Энэ өдөр бусдад талархсан сэтгэлээ илэрхийлэх юм.
  • Лхагва гаригийг бахархах өдөр болгосон бөгөөд сайн үйлсийн талаарх мэдээлэл түгээж, сайн үйлстний эзнээр бахархана.
  • Пүрэв гаригийг тусч өдөр болгон зарлаж, бусдад тус хүргэхийг уриалж байна.
  • Харин баасан гаригийг өөрийгөө хөгжүүлэх өдөр болгохыг уриалав. Амьдралын зөв хэвшилд бусдыг уриалах юм.
  • Бямба гаригийг хариуцлагатай өдөр болгон зарласан бөгөөд өсвөр насныхны аюулгүй цахим хэрэглээнд анхаарал хандуулна.
  • Ням гаригийг хамгаалалтын өдөр болгожээ. Энэ өдөр цахим халдлагаас урьдчилан сэргийлэх аргад суралцах юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж