Хүүхдийн нүдний согогийг эрт илрүүлбэл эмчлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Хүүхдийн нүдний согогийг эрт илрүүлбэл эмчлэх боломжтой

Хүүхдийн нүдний согогийг эрт илрүүлбэл эмчлэх боломжтой

Иргэдийн дунд хүүхдийн нүдний эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаа нь цаг алдаж эмчид ханддагтай холбоотой болохыг мэргэжилтнүүд хэллээ.

Дэлхий дахинд жил бүр 500.000 гаруй хүүхэд харааны бэрхшээлтэй болдог нь  эрүүл мэндийн том асуудал болж байгаа бөгөөд Монгол Улсад ч анхаарахгүй өнгөрч болохгүй болсон аж. Тухайлбал, 2002 оны судалгаагаар Монгол Улсад 100 мянган хүүхдээс 5-6 нь харааны бэрхшээлтэй байгаа дүн гарчээ. Харааны өвчин эмгэгийн гол шалтгаан нь  хүүхдийн хараа хэт их ачаалал авах, удаан хугацаанд хэт ягаан туяатай дэлгэц ширтэх зэргээс үүддэг байна. Ази номхон далайн бүсийн өрхийн эмч нарын нийгэмлэгийн хэлэлцүүлгээр хүүхдийн харааны гажиг дэлхийн дунджаас их байсан тул Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-өөс Эрүүл мэндийн яаманд хүсэлт гарган жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногт хүүхдийн хараа хамгаалах өдрийг тэмдэглэхээр болжээ.

Өнгөрсөн онд ЭХЭМҮТ-өөс ЭМЯ-тай хамтран хүүхдийн хараа хамгаалах өдрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд нүдний үзлэг шинжилгээ хийж  байсан бол энэ жил цэцэрлэгийн 3-5 насны 1000-аад хүүхдийн хараа шалгажээ. Хүүхдийн харааны хөгжил 5-6 нас хүртэл үргэлжлээд дуусдаг агаад түүнээс хойш насанд хүрсэн хүнийхтэй адил түвшний хараагаар хардаг байна. Тиймээс бага насны хүүхдийн харааг тогтмол хянуулж, үзүүлэх шаардлагатай аж.  Цаашид ЭХЭМҮТ-өөс цэцэрлэгийн багш, сувилагч болон сум өрхийн эмч нарт хараа шалгах мэдлэг өгөх, анхан шатны тусламж үзүүлэх сургалт зохион байгуулж,  сохролт, нүдний өвчлөлийг эрт илрүүлэхэд анхаарах юм байна.

Мөн дээрх өдрийн хүрээнд 3-5 насны хүүхдүүдийн харааг шалгах, хүүхдийн харааны талаарх энгийн ойлголтьг ард иргэдэд хүргэх, сумын эмч, сувилагч нарт сургалт мэдээлэл хүргэх зэрэг үйл ажиллагаанууд тогтмол зохион байгуулахаар болжээ. ЭХЭМҮТ 0-18 хүртэлх насны хүүхдийн нүдийг үнэ төлбөргүй үздэг байна.

Хүүхдийн нүд судлал, хяларын нийгэмлэгийн тэргүүн ЭХЭМҮТ-н НМЗТ-н зөвлөх эмч М.Алтанхүү “Эцэг эхчүүд хүүхдийнхээ харааг багад нь үзүүлж ямар нэгэн өвчлөл, согог гажигтай байгааг мэдвэл харааны шил зүүлгээд харааг нь тогтоож, эмчлэх боломжтой. Ихэнх эцэг эхчүүд хожуу хараа тогтсон байхад нь ирж үзүүлдэг нь буруу юм” гэв.

Н.УУГАНБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж