Тавантолгойн таван эргэлзээ

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

Тавантолгойн таван эргэлзээ

Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч шалгаруулах тендер дөрвөн жил үргэлжилсний эцэст өнгөрөгч арван хоёрдугаар сард ялагч нь тодорлоо. 2010 онд уг тендер анх зарлагдах үед нийт 15 компани уралдаант шалгаруултад материалаа ирүүлж байсан бол энэ удаад зургаан компани санал ирүүлжээ. Хятадын зах зээлд нүүрсний үнэ унасантай холбоотойгоор уг салбарт хөрөнгө оруулах сонирхол илт буурсан ч Хятад, Япон, АНУ-ын компаниуд материалаа ирүүлсэн нь Тавантолгойн үнэ цэнэ өндөр хэвээр буйг илэрхийллээ. БНХАУ-ын дарга Си Жинпиний өнгөрсөн намар Монгол улсад хийсэн айлчлалаар Хятадын нутгаар Монголын нүүрс дамжин өнгөрөх транзит тээврийн үнэд дор хаяж 40 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон, Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудаар дамжуулан бүтээгдэхүүн экспортлох тохиролцоонд хүрсэн зэрэг нь ч үүнд түлхэц үзүүлсэн хэрэг. Тендерт Монголын Энержи Ресурс, Хятадын Шэнхуа, Японы Сумимото компаниудын консерциум шалгарсан. Тэд дараагийн шатанд Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх ёстой. Анх 15 оролцогчтой эхэлсэн тендер, яван явсаар нүүрсний үнийн уналт, эрэлт буурсан үед, хоёрхон талын тендерийн саналаас сонголт хийснээс эхлээд хэд хэдэн эргэлзээ тендерийг тойрсон асуудлуудаас харагдаж буй юм.

 

Босго тогтоосон нь

Өнгөрөгч оны наймдугаар сарын 20-нд батлагдсан Засгийн газрын 268 дугаар тогтоолд тендерт тавих нөхцлүүдийг тодорхой болгосноос гадна, нэгэн “босго”-ыг тавьж өгсөн юм. “Хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийн 51-ээс багагүй хувийг Монгол улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консерциум өмчилдөг байх” гэсэн эл босго томоохон ордоо ашиглахад үндэсний компаниа гар бие оролцуулах гэсэн зарчмын биелэл юм. Монголд нүүрс олборлогч компани цөөнгүй бий. Гэхдээ эл босгонд дурьдагдсанчлан “экспортлох үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн” компани гэвэл гарын таван хуруунаас бага. Босго давах үндэсний компани гэвэл Тавантолгой ордын нийт талбайн 0.2 хувийг эзэлсэн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “жижиг” буюу Тавантолгой ХХК, Шивээхүрэн нүүрсний орд болон Цагаан суврагын зэсийн, Хөөтийн занарын, Адуунчулууны ордод түшиглэсэн нүүрс шингэрүүлэх мега төслүүд дээр судалгаа, бүтээн босголт явуулж буй Монголын Алт компани (МАК), 2008 оноос Тавантолгой ордын Ухаа Худагт уурхайгаа байгуулан, 18 мВт хүчин чадалтай цахилгаан станц, усан хангамжийн систем, нүүрс тээврийн авто зам, баяжуулах үйлдвэр бариад буй Энержи Ресурс гурав. Хүчтэй өрсөлдөгч байх боломжтой МАК өөр томоохон төслүүдэд анхаарал хандуулж буй тул энэ босго Энержи Ресурст зориулагдан,захиалсан юм шиг харагдаж буй юм. Өнгөн талаасаа эх оронч харагдах ч, тендерийг хумигдмал болгож чадсан уг босгоноос цааш өнгийгөөд харвал зайлшгүй ярих ёстой хэдэд хэдэн “Үндэслэл бүхий эргэлзээ” төрнө.

 

Үндэслэл бүхий эргэлзээ Эргэлзээ нэг:

“Пийбоди энержи” ямар санал тавьсан бэ? Сонгон шалгаруулалтын комист ажилласан “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Т.Нарангийн хэлснээр, “Пибодигийн хувьд сайн санал ирүүлсэн ч цөөхөн оноогоор дутсан” ажээ. Тэгвэл “Пийбоди Энержи”-гийн Засгийн газарт 2013 оны есдүгээр сард хүргүүлсэн санал бидэнд байна. Уг саналд “5-7 жилийн хугацаанд 5-8 тэрбум долларын ашгийг бий болгож, одоо байгаа 428 ажлын байрын 1000-д хүргэх, 500 сая хүртэлх борлуултын урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ” гэх мэт заалт тусгагджээ.

Энэ саналаас харахад Пийбодигийн талаас Чалкод төлөх өрийг барагдуулаад зогсохгүй, өрийн дарамтгүйгээр дунд хугацаанд ашгаа өгөх нөхцөл тавьсан байна. Түүнчлэн ирэх хоёр жилийн дотор боловсруулах үйлдвэрийн эхний гурван модулийг ашиглалтанд оруулах, ЭТТ компанийн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржэд гаргахад төсөлд хувь эзэмшигчийн хувиар голлох үүрэгтэй оролцохоо илэрхийлсэн байх юм. Түүнчлэн өнгөрөгч оны хоёрдугаар сард Шэнхуа, Пийбоди, Эрдэнэс тавантолгой гэрээ байгуулна гэж байсан ч, тодорхойгүй шалтгааны улмаас асуудал зогссон. Энэ гэрээ байгуулагдаагүй шалтгааныг “Энержи Ресурс”- ын Ухаа худагт барьсан нүүрс боловсруулах үйлдвэр болон цахилгаан станцыг “Пийбоди Энержи”-д зарах талаар шахалт үзүүлсэнтэй холбоотой талаар тухайн үедээ “ордны хов” тарж байлаа. Жил хагас орчимын өмнө тавьж байсан “Пийбоди энержи”-гийн дээрх санал Тавантолгойн тендерт сайжирна уу гэхээс муудаж орж ирээгүй болов уу. Эндээс харахад “Пийбоди энержи”-д тээг болох ганц зүйл нь “Үндэсний компани”-тай хамтраагүй гэх шалтгаан. Эхэнд өгүүлсэн босго ч хэнд зориулагдсан бэ гэх эргэлзээ төрнө.

 

Эргэлзээ хоёр: “Энержи Ресурс”-ын санхүүгийн байдал хүндэрсэн үү?

“Mоngolian mining corporation”-ийн (ММС) цахим хуудсандаа байршуулсан урьдчилсан тайландаа 2014 оны зургаадугаар сарын үеэрх санхүүгийн нөхцөл байдлаа нийтэлжээ. Зургаан сарын өмнөх эдгээр тоо баримтуудаас харахад ирэх оны эхний хагас жилд багтаан төлөх учиртай өрийн хэмжээ 133.8 сая доллар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг зээлдэгчдэд төлөх урт хугацааны өр 264.5 сая доллар, мөн 2012 онд босгосон бондынхоо төлбөрт 594,8 сая долларыг 2017 онд төлөх учиртай аж.


2014 оны эхний хагас жилийн байдлаар ММС-ийн өглөг, өрийн хэмжээ 1.36 тэрбум ам.доллар байсан нь компанийн нийт хөрөнгийн 74 хувьтай нь тэнцэж байгаа юм. Энэ бол зохистой түвшин алдагдсан байдал гэж шинжээчид үздэг. “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян: Mongolian Mining journal сэтгүүлд 2014 оны 2 сарын 21-нд өгсөн ярилцлагадаа, “Энержи Ресурс”-ийн “Говийн зам” охин компанийн барьсан хатуу хучилттай замыг төр 100 хувь худалдаж авч байна. Энэ нь өмнөд бүсийн районд байгаа дэд бүтцийн томоохон төсөл. Өнөөдөртөө тэнд төмөр зам алга. Авто тээврээр л тээвэрлэдэг. Тэр тээврийг хийж байгаа ганц засмал зам нь” хэмээн онцолж байлаа. Энержи Ресурс хувийн хөрөнгө оруулалтаараа барьсан засмал замаа Монгол улсын Засгийн газарт 92 сая доллараар худалдсан. Өмнөд говийн бүс дэх нүүрс тээвэрлэдэг ганц засмал замаа Энержи Ресурс яагаад худалдахад хүрэв?! Нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 2011 оноос хойш 4 дахин унаж 90 орчим долларт хэлбэлзээд байгаа энэ үед ММС 2012 оноос хойш жилд дунджаар 100 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж иржээ.

Энэ нь доллараар илэрхийлбэл жилд 60 сая долларын алдагдал хүлээж байна гэсэн үг. Энержи Ресурсын дээрх алдагдлын талаар Денис Вий хэмээх биржийн тоймчийн “FinanceAsia” сэтгүүлд нийтлүүлсэн мэдээлэл ч сонирхол татна.

 Учир нь нийтлэлд, “Монголиан Майнинг Корпораци” буюу Энержи Ресурс компанийн 2012 оны алдагдал 2.5 сая ам.доллар байснаа 2013 оны алдагдал 58.7 сая ам. долларт хүрч нэмэгджээ. Энержи Ресурс компанийн захирал Г.Батцэнгэл FinanceAsia сэтгүүлд “2015 онд бид өрөө төлөхөд нүүрсний бага зэрэг магадгүй 15 хувь нэмэгдэхэд л хангалттай, хэрвээ нэг тонн нь 100 ам.доллар хүрч нүүрсний үнэ өсвөл манай компани бүх өрөө төлөх хангалттай бэлэн мөнгөтэй болно" гэж ярьжээ. Одоо тэд коксжих нүүрсийг тонныг нь дунджаар 85 доллараар борлуулж байгаа аж. 2013 оны 12 сарын 31-ний байдлаар тус компани нь уртаашаа 76.5 сая ам.доллартай байсан байна. Энержи Ресурс компани, 2015 онд 115 сая ам.долларын, 2016 онд 127 сая ам.долларын өрөө төлөх үүрэгтэй бөгөөд 2017 он гэхэд тус компанийн 600 сая ам. долларын асар өндөр хүүтэй бондын эргэн төлөлтийн хугацаа дуусах аж. Энэ компанийн өр төлөх хугацаа, дансан дахь мөнгөний хэмжээ хоёрын харьцаа биржийн шинжээчдийн санааг зовоох бодит шалтгаан болж байна. Банкны нэрээ хэлэхээс татгалзсан шинжээч “Энержи Ресурс компани өрөө төлөх хугацааг жаахан хойшлуулсан ч энэ нь 2015, 2016 онд төлөх өрийн нийт хэмжээг шийдэхүйц биш. Цаашлаад 2017 онд бондын өрийг төлж дуусгах ёстой. Бүх өрөө төлөх гэдэг тэдний хувьд маш хэцүү даваа” хэмээн дурьдсан байна.

Эндээс Энержи Ресурс олборлолтын томоохон төсөлд бүтээн байгуулагчийн үүднээс оролцож байна уу, дээсэн дөрөөн дээр байгаа санхүүгийн блансаа хангах гэж оролцоод байна уу гэх хардлага төрнө. Дээр дурьдсан 127 сая долларын өр нь Өмнөд Африкийн Standard банкнаас авсан 130 сая ам.долларын зээл юм. Уг зээл нь муудаж, найдваргүй ангилалд орох үед BNP Paribas банк зээлийн багцыг өөртөө шилжүүлэн авчээ. Энержи Ресурс компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Үлэмж энэ зээлийн эргэн төлөлт дуусах хугацаа 2016 оны 12 дугаар сар гэж мэдэгдсэн байдаг. Үүнээс гадна Энержи Ресурс нь QGX Holdings компаниас өрийн бичгээр 52.5 сая ам.долларын зээл авсан бөгөөд 2014 оны 3 сарын 31- нд өр төлөх хугацаа нь дууссан ч төлөгдөөгүй байгаа юм. Б.Үлэмж энэ өрийн төлөх хугацааг сунгасан гэж тайлбарлаж байгаа. QGX Holdings нь Керри группийн охин компани юм.

Эргэлзээ гурав: “Хаалттай байдал”

Дээрх эргэлзээнүүдээс Энержи Ресурс тендерт ямар саналтай оролцсон бэ гэх асуулт зүй ёсоор ургана. Сонгон шалгаруулалт нэгэнт дуусчихаад байхад ялагч консерциумын тавьсан гол саналууд одоо болтол ил болоогүй байна. Хөрөнгө оруулалтын хэлэлцээр үргэлжилж байгаа хэмээн нууцлах шалтгаан дурьдаж болох ч “Тавантолгой төслийн үйл явцыг нээлттэй байлгана” гэх Монгол Улсын сайд М.Энхсайханы амлалттай энэ нөхцөл байдал зөрчилдөж байна.

Megaproject.mn сайтад Тавантолгой оролцогчдыг сонгон шалгаруулж оноо өгсөн тухай болоод хөрөнгө оруулагч нарын тавьсан санал гээд олон нийтэд хамааралтай мэдээллүүд алга. Иймээс нэрэн дээрээ нээлттэй, үнэн чанартаа “хаалттай үйл явц” явагдаад байна гэж үзэж болохоор. Ийм ч учраас эргэлзэж буйгаа илэрхийлэх эх сурвалжууд цөөнгүй байна. Энэ удаад бид доорх хоёр эрхэмийн байр суурийг сонслоо.

“Хамгийн гол нь Тавантолгой бол нийтийн, нээлттэй хувьцаат компани. Хувьцаа эзэмшигчид бол шийдвэр гаргах түвшинд нь байх ёстой төлөөлөл нь. Энэ байхгүй бол хардлага сэрдлэг байсаар байх болно. Нүүрсээ хил дээр нийлүүлэх өртгийн хувьд л гэхэд Баруун, зүүн Цанхийнх шиг зөрүүтэй байх вий дээ гэсэн болгоомжлол байна. Энд хоёр өөр компани ажиллаж байхад нэг тонн нүүрсний өртөг 1.8 дахин зөрүүтэй байсан. Гадаадын мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулсан гээд зардал нь өсдөг жишээ бий. Оюутолгойд тохиолдсон шиг зардал хэт өндөрсөх байдал давтагдах вий. Ямар гэрээ, яаж хийгдэх юм, Монгол хэрхэн ашигтай ажиллах юм гэдэг нь маш тодорхойгүй байна. Жишээ нь менежмент хийж байгаа компаниуд татвараа төлнө гэсэн, гэтэл роялтын 40 хувийг төлнөө ч гэх шиг юм яриад байна. Засгийн газраас тавьсан найман шаардлагад роялтыг бүрнээр нь төлнө гээд заачихсан. Гэтэл М.Энхсайхан 40 хувийг нь төлнө гээд ярьсан. Тэгэхээр энэ шаардлагууд хэр биелэгдэх болоо гэсэн эргэлзээ гарч ирнэ. Гэрээ хийхдээ эдгээр олон асуудлуудыг тусгах байх гэж бодож байна”.

 

Юуны өмнө Оюутолгойд бид нээлттэй, чөлөөтэй, мэргэжлийн түвшинд ярилцаагүй учраас өнөөдөр баялагаа өгөөд дээрээс нь өрөнд ороод бас хүү төлөөд явж байна. Тавантолгойн тендер шалгаруулах үйл явцаас харахад, Монголын тал 51 хувь буюу ордынхоо найман лицензийг тавьж хөрөнгө оруулж байгаа бололтой. Нөгөө талууд өөрөөсөө 30-40 хувийн хөрөнгө оруулж 60-70 хувийг зээлээр санхүүжүүлэх бололтой. Санхүүгийн зээлд ЭТТ /51 хувиараа/ оролцох л бол ОТ-той төстэй зүйл үүсэх байх. Нөгөө л олон төрлийн хүү, охин компаниуд, банкнуудаасаа мөнгө дамжин зээлддэг. Борлуулалт мөн адил дамжин дамжин хийгдэх нь давтагдаж магадгүй юм шүү”. Ер нь Тавантолгойн асуудлаар судлаачид болон улстөрчдийн байр суурийг сонсож байхад төслийн үйл ажиллагаан дахь хөндлөнгийн хяналтыг чухалчлан үзэж байсан юм. Ингэхдээ ард нийтийн нэрийн өмнөөс томоохон төслийн хувь заяагаар тоглох бус үр дүн, хяналт бүхий бүтцийг хэлэлцээрийн явцад бий болгох хэрэгтэй гэх байр суурь давамгайлж байлаа.

 

Эргэлзээ дөрөв: “Ашигтай ажиллаж чадах уу?”

Хэт нуршихгүй байх үүднээс эргэлзээ хоёр руу эргээд очъё. Мacquerie research-ийн гаргасан нүүрсний үнийн таамгаар 2018 он хүртэл дэлхийн зах зээл дээрх тонн нүүрсний үнэ дээд тал нь 98 ам.доллар хүрэхээр байгаа.Энэ бол биржийн үнэ. Монголчуудын нүүрсний борлуулалт биржийн үнээс дунджаар 20 хувь хямд байдаг. Зөвхөн урд хөршид л нүүрсээ худалддаг учраас нэг зах зээлийн дүрэм үйлчилдэг. Түүнчлэн Хятадын коксжих нүүрсний импорт жил бүр 5-10 сая тоннын илүүдэлтэй байна.


Өөрөөр хэлбэл ирэх гурван жилд 20 сая тонн коксжих нүүрсний илүүдэл Хятадад үүсэх төлөвтэй байна. Эндээс үзэхэд БНХАУ шиг бас нэг том зах зээл гэнэт бий болдоггүй л юм бол Г.Батцэнгэл захирлын ярьсан шиг нүүрсний үнэ 100 ам.долларт хүрэх боломж, эрэлт харагдахгүй байна. Тэгэхээр 2018 он хүртэл нүүрсний зах зээл сэргэх найдлага бараг алга. Өөрөөр хэлбэл Энержи Ресурс ирэх жилүүдэд ашигтай ажиллахгүй, эх орны баялгаараа өрөө л төлөх амь өрссөн тулаанд орох магадлалтай. 

 

Эргэлзээ тав: Тавантолгойн ордыг алдвал яах вэ?

2011 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн зүүн Цанхийн ордыг барьцаалан Хятадын Чалкогоос 350 сая ам.доллар зээлж, “Эх орны хишиг” болгон тараасан өрийг дарахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван жилийн турш нүүрс зөөгөөд 170 тэрбум төгрөгийн өр үлдээд байна. Төлөлгүй үлдсэн 170 тэрбум төгрөгийг тендерт ялсан консерциум хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар барагдуулах үүрэг хүлээнэ. “Эрдэнэс Тавантолгой ХК” 2014 онд 5,7 сая тонн нүүрс экспортложээ. Энэ нь 2013 оныхоос 2,9 дахин нэмэгдсэн үзүүлэлт. “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн 2014 оны 3-р улирлын санхүүгийн тайлангаас харахад 853 тэрбум төгрөгийн өртэй байна. Харин “Энержи Ресурс”-н өр, өглөг урьдчилсан тайлангаар 1,36 тэрбум доллар. Өөрөөр хэлбэл 2,5 дахин их өртэй компани “Эрдэнэс тавантолгой ХК”-н менежментийг хийх гэж байгаа юм. “Улс төрийн жиргээч Амраа” гэх нийтлэлчийн medee.mn цахим хуудаснаа 2014 оны 11 дүгээр сарын 23-нд тавьсан нийтлэл анхаарал татлаа. Эл нийтлэлд нэгдүгээрт, Эрдэнэс Тавантолгой ХК-г зориуд муу ажиллуулж, ашиггүй нөхцөлд оруулж байгаад хувьчилж авах ашиг сонирхолтнууд байсан, хоёрдугаарт, Энержи Ресурс алдагдлаа Хонконгийн Керри группийн охин компани болох QGX Holdings- оос нөхдөг гэсэн хардалт байна. Уг нийтлэлийг авч үзэх болсон шалтгаан нь “тун удахгүй том Тавантолгойг MMC-д хувьчилбал гайхах хэрэггүй” хэмээн тендерийн ялагч тодрохоос нэг сарын өмнө бичсэнд буй юм.

Эрдэнэс Тавантолгой толгой компаниар дамжуулаад уг нь Тавантолгой ордоос Монгол Улсын иргэн бүр 1072 ширхэг хувьцаа онлайнаар хүртээд таван жилийн нүүр үзэж байна. Гэвч энэ хугацаанд Тавантолгойн IPO буюу анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаагүй учраас иргэд ямар ч ашиг хүртээгүй байна. Хэрэв хоёр жилийн өмнө Эрдэнэс Тавантолгой компанийн төлөвлөж байснаар IPO хийсэн бол иргэн таны эзэмшсэн хувьцаа хэд хүрэх байсан бэ гэдэг тооцоог харуулъя: Өөрөөр хэлбэл Эрдэнэс Тавантолгой хэд хүрэх боломжтой байсан вэ?

Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханшийг жишиг болгон авлаа. Учир нь ЭТТ болон Mongolian Mining Corporation нь бүхий л талаар маш төстэй компаниуд учир харьцуулалт хийх боломжтой. Судалгааны үр дүнд хэрэв ЭТТ компани нь төлөвлөснийхөө дагуу хувьцаагаа олон улсын биржүүдэд арилжаалсан байсан бол хамгийн багадаа нэгж хувьцаа нь 4200 төгрөг, хамгийн ихдээ 5800 төгрөг болж өсөх боломжтой байв.

Өөрөөр хэлбэл, иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцаа нь 4-6 сая төгрөг болж эдийн засгийн эргэлтэнд орох байлаа. Нийт хувьцаа эзэмшигч иргэдийнхээ тоогоор үржүүлж тооцвол маш их хэмжээний мөнгөний эргэлт бий болох, Монголын хөрөнгийн зах зээл дэлхийд танигдах, иргэн бүр баялгийнхаа өгөөжийг жинхэнэ утгаар нь хүртэх боломж байлаа.

 

Асуулт

Дээрх эргэлзээнүүдийг нэгтгээд харвал хэд хэдэн асуулт, хариулт нэхэж буй юм. Хэрэв Энержи Ресурс өрөө барагдуулж дийлэхгүй бол Тавантолгой өрийн барьцаанд одох уу? Санхүүгийн хүнд нөхцөлд байсан компанийг нэгтгэсэн консерциумыг энэ төслийн тулах цэг болгох шаардлага байсан юм уу? Үүний цаана Энержи Ресурсын нөлөө бүхий хувь эзэмшигчид алдагдлаа нөхөх хэрэгцээ, ашиг сонирхол байна уу? Энэ бол хамгийн голч шийдвэр гэж мэдэгдсээр байж болох ч, уг консерциум Тавантолгойг бүрэн хэмжээнд ашиглалаа гэж үзэхэд өрөө барагдуулж, ашигтай ажиллан, улмаар иргэдэд ногдол ашиг тарааж чадах уу?… гэх мэт. Ийнхүү Тавантолгойн тендерт ялж, хэлэлцээр хийж буй консерциумын нэгэн оролцогчийг дээрх эргэлзээ, асуултууд дагалдаж байна. Нүүрсний галт тэрэг замдаа ч гараагүй байхад муу амлалаа гэж болох юм. Гэхдээ ялагч консерциумын талаар магтаалыг бид өнгөрсөн хугацаанд хангалттай сонссон билээ.

Эх сурвалж: "Үндэстний тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж