Таналтыг эмэгтэйчүүдээс эхэлмээргүй байна

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

Таналтыг эмэгтэйчүүдээс эхэлмээргүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Чуулганаар төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Сангийн сайд “Энэ засаг ядарсан хөгшид, эмэгтэйчүүдийн мөнгийг танахыг чухалчлаагүй, хавтгайрсан халамжийг биш зорилтот бүлэг рүү чиглэсэн халамжийн тогтолцоотой болохыг чухалчилсан”  гэсэн санаагаа хэлж,  “Төсөвт 7,6 тэрбум төгрөгийг хүнсний талон олгоход төлөвлөсөн байгаа. Энэ нь орлогогүй ядуу иргэдэд тун их дэмжлэг болно” гэсэн юм.

Гишүүн Ж.Батзандан “Олон жил бодит үнэнийг нууж байсан. Харин энэ засаг хүндрэлтэй байгаа гэдгээ нуугаагүйд талархаж байна. Өрхийн хямрал нүүрлэж байна. Олон жил худлаа ярьж байсан улстөрчдийн балаг. Дөрвөн төрлийн татвар авах гэж байгаа юм байна. Энэ нь зорилтот татвар байгаасай. Тодотгол хийхдээ нугалаа гаргамааргүй байна. Таналтыг эмэгтэйчүүд, хүүхдүүдээсээ хиймээргүй байна. Томчуудын цалин хөлсийг, зардлыг танахаас эхлэх ёстой” гэв.

Дараагаар нь Ц.Дашдорж гишүүн “Гуравхан сая хүнд арван хэдэн мянган хүнтэй төрийн албаны нүсэр бүтэц үйлчилж байна” гэсэн бол Д.Лүндээжанцан гишүүн “Төсвийн тодотголыг нягталж харвал бодит хөрсөнд буусан тоонууд орж ирж. Мэдээллийн үнэн зөв байдал гэдэг нь тун чухал” гэж саналаа хэлсэн юм. Чуулган үргэлжилж байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж