"Засгийн газар солигдох болгонд төрийн албан хаагчид айдаст автдаг"

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

"Засгийн газар солигдох болгонд төрийн албан хаагчид айдаст автдаг"

"Засгийн газар солигдох болгонд төрийн албан хаагчид айдаст автдаг"

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр /2018.09.21/ Төрийн ордонд эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас санаачилж, УИХ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран зохион байгуулав.

Зөвлөгөөнд 330 сумын Засаг даргын Тамгын газрын дарга, 21 аймаг, нийслэлийн Тамгын газрын дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, Засгийн газрын харьяа байгууллагын удирдлагууд, яамдын удирдлагууд, олон улсын шинжээчид зэрэг 800 гаруй хүн оролцоно.

Монгол Улсын Их Хурал Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны арванхоёрдугаар сард баталж, 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Иймээс энэхүү арга хэмжээний үеэр Төрийн албаны тухай хууль болон энэ хуулийг дагалдаж гарах журмуудын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой юм.

Эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн бодлого, олон улсын сайн туршлагын талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын шинжээчид илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хоёр дахь өдөр салбар хуралдаануудыг хийх аж.

Хоёр дахь өдөр болох салбар хуралдааны сэдвүүдийг дурдвал:

  • Төрийн албыг шинэчлэх шаардлага, төрийн албаны шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүд
  • Монгол Улсын төрийн албанд чадахуйн (мерит) зарчмыг мөрдүүлэх нь (төрийн албан хаагчийн томилгоо, албан тушаал шатлан дэвшүүлэх, ажлын үр дүнг тооцох)
  • Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх бодлого
  • Төрийн албан хаагчийн ёс зүй, шударга байдал, сахилга, хариуцлага
  • Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, нийгмийн баталгаа
  • Төрийн албаны стратегийн удирдлагыг сайжруулах, үр дүнд чиглэсэн соёлыг төлөвшүүлэх нь
  • Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах нь зэрэг сэдвээр ярилцаж Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмын төслүүдийг хэлэлцэнэ. Хоёр дахь өдрийн төгсгөлд нэгдсэн хуралдаанаар нэгдсэн зөвлөмж гаргаж төрийн албаны удирдах ажилтнууд улс түмэндээ андгай өргөхөөр төлөвлөж байна.

Төрийн албаны шинэ хууль батлагдсан учраас хуулийг таниулах, хоёрдугаарт, төрийн албаны шинэчлэлийг хэрхэн хийх, гуравдугаарт, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх гэсэн гурван зорилгоор энэ удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаагаа  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тодотгосон. Тэрбээр Төрийн албаны тухай хуулийг санаачлан боловсруулсан гишүүдийн нэг билээ. Ингээд түүнээс товчхон тодруулга авлаа.

Тэрбээр “өнөөдрийн зөвлөгөөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Дээр нь хуулийг хэрэгжүүлэх 47 журам бий. Үүний ес нь УИХ-аар батлагдана. Тиймээс тэрхүү есөн журмыг зөвлөгөөний үеэр хэлэлцүүлж, санал авах зорилготой юм. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилт хоёр зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, хуулийг хэрэгжүүлэх хүсэл сонирхол улс төрийн нам, удирдах албан тушаалтанд байх ёстой. Түүнээс энэ хууль хэт хатуу юм байна, хүнээ томилж чадахгүй юм байна гэдэг өнцгөөс нь харах юм бол хууль хэрэгжихгүй. Хоёрдугаарт, энэ хуулийг хэрэгжүүлж байгаа манай орон нутгийн төрийн захиргааны удирдах албан хаагчид хэрэгжүүлж байж үр дүн гарна. Төрийн албаны тухай хууль бол төрийн албыг чадвартай, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай болгоход чиглэгдсэн. Сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчид ажлаасаа халагддаг. Үүнийг болиулах зорилготой юм. Үүнээс гадна төрийн албыг үүрэг гүйцэтгэгч байдлаар “самардаг” болсон. Үүнийг таслан зогсоож, төрийн албанд болж бүтэхгүй байгаа асуудлыг хаах зорилгоор л энэ хуулийг санаачилсан” гэв.

Саяхан хийсэн шалгалтаар төрийн албаны удирдах албан тушаалд үүрэг гүйцэтгэгч байдлаар 42 хүн ажиллаж байгаа нь тогтоогджээ. Үүрэг гүйцэтгэгч байдлаар төрийн албаны шалгалтаас зугтаадаг заль мэх дэлгэрсэн талаар олон удаа яригдсан ч ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн. Тэгвэл шинээр хэрэгжих Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уг асуудлыг зохицуулсан байна. Тодруулбал, эзэнгүй болсон албан тушаалд 14 хоногийн дотор түр орлон гүйцэтгэгч томилно. Ингээд жинхэнэ албан тушаалтныг томилох хүртэл 80 хоног шаардлагатай тул энэ асуудлыг журмаар зохицуулахаар төлөвлөөд байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогтоо онцолсон юм.

Тэрбээр "Засгийн газар солигдох болгонд төрийн албан хаагчид айдаст автсаар өдийг хүрсэн. Иймээс л төрийн алба тогтворгүй, албан хаагчид нь айдастай, маргаашдаа итгэдэггүй, өдөр хоног өнгөрүүлэх хэлбэрт хүчээр шилжүүлчихсэн. Ийм зовлон байгааг Төрийн албаны зөвлөл жил бүр УИХ-д тайлагнасаар ирсэн. Төрийн албан хаагчийн нөхцөл байдлын талаар олон ч судлаачид судалгаа хийж, гарц шийдэл хайсан. Хамгийн сүүлд Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдыг халдаг, сольдог байдал нь ноцтой хэмжээнд хүрсэн талаар 2014 онд төрийн гурван өндөрлөгт албан ёсоор танилцуулсан. Ингээд судалгаа шинжилгээ дээр үндэслэж боловсруулан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оноос хэрэгжиж эхлэх гэж байна" гэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж