Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн багийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр С.Чинзориг сайд Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ихээхэн анхаарал хандуулж, тэдний нийгмийн оролцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч буйг онцлоод БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг барьж буйг дуулгав. Уг төв ирэх оны гуравдугаар сард ашиглалтад орж, 250 хүүхдэд амбулаториор үйлчлэх, хэвтүүлэн эмчлэх, сэргээн засах эмчилгээ үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлж эхлэх бөгөөд үүнээс өмнө тус төвд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, сургах чадавхижуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн сайд ирэх онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор байгуулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэж буй талаар мэдээлэл өглөө.
С.Чинзориг сайд төслийн багийнханд хандаж хэд хэдэн зүйлийг онцлон санал болгож буйгаа дурдсан. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн үр дүнг нэмэгдүүлэх, цаг хугацаа алдахгүй байх талаас нь анхаарч, төслийг Манилагаас биш Монголд байгаа төслийн ерөнхий зохицуулах хорооноос хариуцаж ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлуудыг түлхүү явуулах шаардлагатай байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллах, үйлчилгээний тал дээр илүү анхаарлаа хандуулахыг хүсэв. Мөн аймгуудад байгуулах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүдийг ирэх онд багтааж барих, асрамжийн газрын техник төхөөрөмжийг сэргээн засварлах, ялангуяа асрамжийн төвийн хүртээмж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг энэ онд багтааж шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ.
Сайдын хэлсэн бас нэг санал нь 2019 онд Монгол Улсад зохион байгуулах Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн IV чуулганы бэлтгэл ажлын хүрээнд хийх монгол хэл дээрх текстийг дуунд хөрвүүлэх ажлыг яаравчлах тухай байлаа. Мөн төслийн хүрээнд хөрөнгийн нэмэлт боломж гаргах нөгөө талаас хөрөнгө хэмнэх боломжтой бол аймгуудад мэдээллийн төв байгуулах зэрэг саналыг тавьсан юм.
Эх сурвалж: ХНХЯ
Холбоотой мэдээ