Тариалангийн бүс нутгаар өчигдрөөс эхлэн /2018.9.20/ их хэмжээний цас орсноос ургацынхаа 85 хувийг цасанд даруулсан гэх мэдээлэл цацагдаад байна. Иймд бид нөхцөл байдлыг Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Ариунболдоос тодрууллаа.
-Тариалангийн бүс нутгуудад ургац хураахад амаргүй болж, нөхцөл байдал хүндэрлээ гэх. Хураан авах ургацынхаа 85 хувийг цасанд даруулсан тухай дуулдах. Та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?
-Баруун аймгаас эхлээд төвийн бүсийн аймаг хүртэл өчигдөр /2018.9.20/ цас орж, цасаар шуурч тариалангийн талбайд нэлээд хүндрэл учрууллаа. Зүүн бүсийн нутгаар өнөөдөр цасан шуургатай байна. Улсын ургацын штаб орон нутгаас мэдээлэл авч, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Орон нутгаас ирүүлсэн мэдээгээр
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг суманд бага зэрэг бусад бүх сумын талбай цасанд дарагдсан. Ойролцоогоор 25-30 см зузаан цастай байгаа. Ялангуяа Хүдэр, Ерөө сумын хувьд байдал илүү хүнд байна.
- Төв аймгийн Эрдэнэсант бараг цасгүй, Сүмбэр сум бага зэрэг цастай. Бусад тариалангийн бус нутаг тэр дундаа Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Борнуур, Баянчандмань, Баянцогт сумын талбай цасанд дарагдсан. Жаргалант, Борнуур суманд 30 см орчим зузаан цас орсон байна.
- Дархан-Уул аймагт орсон цас хайлж байна. Талбайд мал орохоос хамгаалах арга хэмжээ авч байна.
- Хөвсгөл,Булган аймагт цас бага орсон. Цагийн байдал хүндрээгүй байна.
-Ургац хураалт хэдэн хувьтай байна вэ?
-Цас орохоос өмнөх үеийн ургац хураалтын мэдээгээр улаан буудай 8.6, төмс 30 гаруй, хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай байсан. Төлөвлөгөөний дагуу 425 мянган тонн улаан буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо хураан авах юм. Харамсалтай нь болц, технологийн байдлаас болоод ургац хураалт дээр дурдсан хэмжээнд байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт. Дулаан хоногуудын тоо улам цөөрч байна. Тиймээс газар тариалангийн техник, хөдөлмөр зохион байгуулалтад өөрчлөлт хийх шаардлагатай байна.
-Яамны зүгээс ургац хураалтыг сайжруулах ямар арга хэмжээ авч байна вэ?
-Цасан шуурганы үеэр мал цасанд уруудах, тариан талбайг сүйтгэх зэргээр хүндрэл учирдаг. Тиймээс орон нутгийн удирдлага малчидтай хамтран малыг тариан талбайд оруулахгүй байх арга хэмжээ авч байна.
Хоёрт, цас орсны дараа налсан тариаг хураахад зайлшгүй шаардлагатай иш өргөгч болон бусад төхөөрөмжийг Тариалан эрхлэх сан, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна. Цас орохтой зэрэгцэн Сэлэнгэ, төв аймагт байрлах тариалангийн гол аж ахуйн нэгжүүдэд иш өргөгч төхөөрөмж олгосон.
Гуравт, шатахууны зарцуулалт эрс өсдөг. Тиймээс орон нутгийн шатахууны нөөц бүрдүүлэхэд анхаарч байна.
Мөн буудай талбайн зам хүндэрдэг. Тиймээс орон нутгийн зам арчилгааны компаниудтай хамтран ажиллаж байна.
Түүнчлэн хураасан, хуурай үтрэмийг яаралтай Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаах, чийгтэй буудайг хатаах арга хэмжээ авах ажил хийж байна.
Цаг агаарын төлөв энэ сарын сүүл, ирэх сарын дунд үед муудах мэдээллийг цаг агаарын газраас ирүүлж байгаа. Үүнийг орон нутагт шуурхай дамжуулж байна.
Цаг агаарын тааламжгүй байдал ихэсч байгаа энэ үед газар тариаланд ашиглаж буй технологийг шинэчлэх шаардлага тулгарч байна. Бид тариаланг болцоор нь ангилан хадах механик аргаар хураадаг. Энэ арга хоцрогдсон. Тиймээс тариаг босоо үед нь хатаадаг, болцыг түргэсгэдэг химийн технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Тариалангийн салбарын аж ахуйн нэгжүүд, эрдэмтэд хамтран 2014 оноос эхлэн ийм туршилт явуулсан. Туршилт үр дүнд хүрсэн тодорхой аж ахуйн нэгж бий. Харин чухам аль бодисыг, ямар хэмжээгээр, хэзээ ашиглах нь эрдэмтэн мэргэдийн дүгнэлтээр тодорхой болох юм.