Өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлагуудын нэг BTS НҮБ-ын 73 дугаар чуулганы үеэр зохион байгуулагдах Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй “Generation Unlimited” хөтөлбөрийн хүрээнд гурван минутын илтгэл тавихаар болжээ. Уг хурал ирэх долоо хоногт болох аж. Энэ нь түүхэнд анх удаа Солонгосын урлагийн төлөөлөл НҮБ-ын хуралд оролцож байгаа үйл явдал болно. Тус хуралд Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жун Сок болон дипломат төлөөлөгчид оролцох юм байна.
“Generation Unlimited” хөтөлбөр нь 10-24 насны залуу үеийнхний нийгмийн оролцоог дэмжих, тэдэн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.
”BTS” хамтлаг өнгөрсөн жил НҮБ-ын Хүүхдийн Сангийн Солонгос дахь комисст элсэж байжээ.
2013 онд байгуулагдсан “BTS” хамтлаг БНСУ-ын хамгийн алдартай хамтлагуудын нэг бөгөөд инстаграм нь 13,3 сая дагагчтай. Мөн тус хамтлагийн гаргасан шинэ уран бүтээл нь Youtube-д тавигдсан эхний хоногтоо 45 сая хүн үзэж АНУ-ын алдарт дуучин Тайлор Свифтийн амжилтыг эвдэж АНУ-ын Billboard Chart-ыг тэргүүлсэн анхны хамтлаг болж, ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэднийг сайшаан магтсан билээ.
Эх сурвалж: BILLBOARD.COM
Холбоотой мэдээ