Нийслэлийн өнгө төрхийг доош чангааж, бараан толбо болж буй нурах шахсан байшингууд хаа сайгүй бий. Ялангуяа, хотын захын зам дагуу будаг нь халцарч, ан цав үүссэн ханатай, суурь бүтэц нь ил гарсан, хүн амьдрах нь бүү хэл хажуугаар нь өнгөрөхөд аюултай орон сууц цөөнгүй. Тухайлбал Баянзүрх дүүрэгт хууль сахиулах их сургуулийн дэргэдэх барилгууд, Сонгинохайрхан дүүрэг дэх Нефть баазын ажилчдын хуучин барилга зэрэг хүн амьдрахыг хориглосон, шинэчилж чадахгүйгээс эзэнгүй балгас болсон барилгууд байна. Өнөөдрийн байдлаар 18 байршилд ийм насжилт өндөртэй барилгыг буулган дахин барилгажуулах шаардлага бий гэсэн тооцоо гарчээ. Зөвхөн нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй барилгуудыг шалгахад ийм тоо гарч байгаа юм. Бүх барилга байгууламжийг паспортжуулах ажил хийгдвэл үүнээс хэд дахин их тоо гарах нь тодорхой. Улаанбаатар хотод 200 мянга гаруй барилга, байгууламж байдгаас 22 мянга нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт (НЕТГ) бүртгүүлэн паспорт авч, хаягжилтад хамрагджээ. ийн 10 гаруйхан хувь нь ашиглалтын шаардлага хангасан гэсэн паспорттой байгаа нь иргэд зөвхөн хүсэлт гаргаж ирсэн тохиолдолд паспорт олгодгоос үүдэлтэй. НЕТГ-т бүртгэлтэй барилгуудын дийлэнхийг нийслэлийн төвийн дүүргийн барилга, байгууламжууд эзэлж байгаа.
Мэдээж үүнд нийтийн орон сууц, төрийн захиргааны болон нийслэлийн өмчийн барилгууд орно. Нийслэлийн өмчлөлд 2994 барилга бүртгэлтэй бөгөөд ихэнх нь ашиглалтын хугацаа нь дууссан, насжилт өндөртэйд тооцогдож байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 263 барилгыг аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэж ашиглалтыг нь зогсоосон. Нийслэлд 1990 оноос өмнө ашиглалтад орсон барилга 1106 байна. Бүр 1960 оноос өмнө барьсан 60 орчим жилийн насжилттай 105 барилга байгаа юм. Эдгээр хуучин барилгыг буулгаж дахин барих болон зарахын тулд үнэлгээ хийх шаардлагатай байгаа аж. Ашигтай байршил, А зэрэглэлд байгаа бол уг барилгын үнэлгээ өндөр байх нь ойлгомжтой. Нийслэл энэ онд усан спорт сургалтын төв буюу төв бассейны барилгыг найман тэрбум төгрөгөөр зарсан нь үүний тод жишээ. Хотын төвийн байршил сайтай ч ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны барилгыг хувийн компаниуд худалдан авах, орон сууцаар солих хэлбэрээр дахин барилгажуулж буй. Харин нийслэлээс алслагдмал байрлалтай ашиглах боломжгүй барилгад улсын төсвөөс хөрөнгө гаргаж байгааг албаны хүн хэллээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар одоогоор 263 барилгыг аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэж үзэн ашиглалтыг нь зогсоох шаардлага хүргүүлжээ.
Тэдгээр барилгыг шинэчлэх зорилгоор НЕТГ 140 барилгыг буулган дахин төлөвлөж барилгажуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд газар хөдлөлтийн долоон баллд нурах аюултай, оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд, эд хөрөнгө эрсдэлд орсон гэсэн дүгнэлттэй 19 орон сууцны барилгыг буулгажээ. Энэ ажил 2014 онд НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор ажил нь эхэлсэн ч дөнгөж 19 барилгыг шинэчилж байгаа нь хангалтгүй. Төвийн ашигтай байршилд буй барилгыг шинэчлэхэд ийм урт хугацаа шаардагдаж байхад хотын зах, алслагдсан дүүрэгт байгаа ашиглалтын шаардлага хангахгүй хэзээ мөдгүй нурж иргэдийн амь насанд заналхийлж буй барилгын асуудлыг хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй байна. БЗД-ийн 8-р хорооны иргэн Н.Оюунцэцэг “Манайх хууль сахиулахын их сургуулийн урд талын хуучин байранд байдаг. Манай байрыг ашиглахыг хориглоод хэдэн жил болж байгаа боловч үүнээс өөр орох оронгүй хүмүүс хаачих билээ. 1960 онд баригдсан гэх энэ барилга хүн амьдрахад хүндрэлтэй болсон, хэзээ мөд нурах нь. Холбогдох хүмүүст хэлэхээр байр барих компанийг хайж байгаа гэсэн хариу өгдөг” гэж ярьсан юм. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын чанар, аюулгүй байдлын улсын ахлах байцаагч У.Ёндонгоос тодруулахад “Өнөөдрийн байдлаар манай дүгнэлтээр ашиглалтыг нь зогсоосон барилгууд олон байна. Тухайлбал, Налайх дүүрэгт хоёр, СХД-ийн Нефть баазын орон сууцны хоёр барилгын нөхцөл байдал маш хүнд байна.
Яг ийм Нисэхийн ажилчдын хуучин хоёр барилгыг өнгөрсөн онд буулгаж, тэнд байсан 96 айлыг Буянт ухаа хороололд түрээсийн болон зээлийн орон сууцанд оруулсан. Буулгасан барилгын оронд орон сууцны барилга барихаар төсвөөс долоон тэрбум төгрөг гаргаад байгаа. Хотын төвийн орон сууц хувийн компаниуд худалдаж аваад зохицож болж байна. Алслагдсан дүүргийн хуучин барилгыг улсаас л хөрөнгө гаргаж шийдвэрлэхээс өөр гарцгүй” гэсэн хариу өгч байна. Гологдож тунасан 18 байршил дахь барилгыг шинэчлэх сонгон шалгаруулалтыг удаа дараа зарладаг боловч тоож ирэх барилгын компани байдаггүй аж. Тухайлбал, Зайсангийн Сүрьеэгийн эмнэлэгийн орон сууцны хуучин хоёр барилгад төсөл хэрэгжүүлэхээр 15 удаа тендер зарласан боловч нэг ч компани сонирхоогүй байна. Шалтгаан нь ашиггүй байрлалд орон сууц барьвал хөрөнгө, хугацаагаар “шатдаг”-тай холбоотой. Мөн орон сууц солилцоогоор авсан газар өртөг өндөр тусдаг нь үүнд нөлөөлдөг. Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шард төсөл хэрэгжүүлж буй барилгын компаниуд нэг метр газрыг 2.8 тэрбум төгрөгөөр худалдан авч буй. Барилгаасаа 30 айлд орон сууц олгоход ийм дүн гарч байгаа аж. Хотын төвд хамгийн ойр байршилд барилга барихад ийм тооцоолол гарч байгаа гэхээр алслагдсан дүүрэгт ямар ч ашигггүй байх нь ойлгомжтой. Үүнийг өөрчлөх боломж уг нь бий. Төслийн хүрээнд барилга барьж буй компаниудын орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаас гадна хуучныг шинээр сольж өгснийх нь төлөө үл хөдлөх борлуулсны татвар авдагаа больчих хэрэгтэй. Нийслэлийн удирдлага энэ мэт хөнгөлөлт, зохицуулалт хийвэл алслагдсан дүүрэгт барилга барих компани мундахгүй биз ээ. Тэгээд ч тортог бужигнасан тохь тухгүй, халуун усгүй хуучирсан орон сууцаа өөрчилж чадахгүй олон жил болсон иргэдэд ч нэн ашигтай.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ