Ньюс агентлаг “Гран при” хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

Ньюс агентлаг “Гран при” хүртлээ

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс жил бүр шалгаруулдаг Монголын сэтгүүл зүйн салбарын шилдгүүд өнөөдөр тодорч, шагналаа гардан авлаа. Сэтгүүлзүйн салбарынхан 2014 оны ургацаа хурааж, шилдгүүдээ шалгаруулах ёслол Нийслэлийн Иргэний танхимд болж, мэдээллийн “Ньюс агентлаг” шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар тодорч “Гранпри” шагнал хүртлээ. Мөн “Ньюс агентлаг”-ийн ахлах редактор Л.Нарантөгс “Сайтын шилдэг сэтгүүлч”-ээр шалгарч өргөмжлөл хүртсэн юм. 

Монголын сэтгүүлчдийн эвлэл улирч буй ондоо амжилт бүтээлээрээ бусдаас ялгарсан, сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээг тунхагласан шалгууруудыг үндэслэн “Монголын сэтгүүл зүйн салбарын шилдгийн шилдэг”-ийг шалгаруулж олгодог “Гранпри” шагнал ийнхүү News агентлагт ирлээ. Монголын анхны хувийн мэдээллийн NEWS агентлаг нь өнгөрч буй 2014 онд өмнө олсон амжилтаа бататгахын сацуу, уншигч хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн олон зүйлийг шинээр бий болгосон билээ. Тухайлбал, долоо хоног тутмын “NEWS WEEK” сониныг 2014 оны хоёрдугаар сараас уншигчдадаа хүргэж байна. Энэхүү сонин нь долоо хоног бүр 20 мянган хувь хэвлэгддэг. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нээс монгол бичгийн дэд сайтыг нээлээ. Монгол үндэсний соёлын үнэт өв болсон уйгуржин монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх төрийн бодлогыг дэмжих, нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэхүү дэд сайтыг шинээр нээн ажиллуулж байгаа юм.

Мэдээ гэдэг англи үгийг North, East, West, South буюу умард, зүүн, баруун, өмнөд хэмээх англи үгсийн товчлол гэж тайлах нь ч бий. Дөрвөн зүгт болж буй бүхий л үйл явдлын мэдээг энэ дөрвөн үсэгтэй үгээр дэлхий даяараа томъёолж ойлгодог. Ард нь цэг, тэгээд mn буюу Монгол гэдгийг нь илтгэх товчлол нэмээд www.news.mn болдог гэж Монголын цахим сэтгүүл зүйн анхдагч News агентлагийн 10 жилийн ойгоор нэгэн уншигч маань үнэлсэн юм. Монголд онлайн орчин дахь эрх чөлөөг анх түрүүн мэдрүүлсэн манай сайтын нэрийн өмнө "тэргүүлэгч", "хамгийн шуурхай", "анхдагч" гэх мэт тодотголыг уншигчид өгдөг билээ. Сэтгүүл зүйн их ачааны тэнг 10 жил таталцсан бидэнд “Гранпри” шагналтан хэмээх хүндтэй нэгэн тодотгол нэмэгдлээ.

Сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.

Д.ЖАРГАЛ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж